Буузнуудын цувааг битгий тоолоорой

83

Хэний бууз амт орж Хэний бүсгүй өнгө ороо бол. За сайхан шинэлцгээж байна уу.
Гуя булчинтай
Гулууз харвинтай
Хөх чилгэр
Хөмсөг өтгөн
Үнэр анхилуун
Үлэмж төгс тарган тавтай хаваржиж байна уу.
Буузанд дайн зарласан эгэл боргил өдрүүд минь гэж. Айл айлын буузны амт жаал шинжлээ. Эхлээд өөрийнхөө буузнаас эхлэе. Манайх энэ жил 2-р гурилаар буузаа хийлээ. Айлууд цагаан гурилаар хийнэ гэж савлаад байхаар нь зөрүүд зан хөдлөөд албаар бороор хийсэн яадын. Хүмүүс манай буузанд үл итгэсэн маятай байгаа нь царайнд нь илт. Буузны амт царай шигээ бишшүүдээ гэх “алдарт үгээ” хэлэхэд тахиа жил гарсан байлаа эдр. Манайх үхрийн гуяыг, хонины сүүлтэй холиод зун хээрээс түүсэн зэрлэг сонгино, жамц давс, булгийн рашаанаар амталсан. Хүн идэхэд амттай, шингэц сайтай байхыг бодсон. Цавуулаг өндөртэй цагаан гурил, будаанаас хорвоо татгалзаж байнашдээ цаана чинь. Манай буузыг амт сайтай болсон байна гэж хол ойрын зочид хэлж байгаа. Тэхдээ манай бууз арай том, гурилийг нь муу зуурсан тул надаа нээх таалагдаагүй.

Айл 1. Тэднийх идээ ундаандаа хэзээний сайн айл тул овоо хэдэн бууз идэх зорилготой оров. Буузаа тавингуут цаг харлаа. Би угаасаа тэдгэг заншилтай. 16 минут жигнэхэд хангалттай буузыг 20 минут орчим жигнэчих шиг болов.
Буузны амт нь тун дагүй юм. Чимхсэн хэсгүүдээрээ гурил нь бага зэрэг хатуурч шүүс муутай байгаа нь жигнэлт хэтэрсний шинж бололтой. Мах нь машиндсан бололтой тас бөндгөр. Ингэж удаан жигнэж байхад тос муу байгаагаас нь үзвэл өөх нь багадсан юмуудаа гэж бодогдов. Буузнууд нь том жижиг эрээвэр хураавар байгаа нь олон хүн чимхсний шинж. 8 бууз идээд гарав.
Айл 2. За эднийх ч буузандаа есөн жорын юм хольж завааруулдаг тул нээх идэхгүй гэсэн бодолтой орлоо. Гоньд, цагаан гаа юу юу гэнүү баахан юм хольчхож. Өөрсдөө дургүй гээд буузандаа бараг сонгино хийгээгүй байх. Амт нь нэг л эвлэж өгөхгүй шинжтэй. Эднийх буузаа зочиддоо биш өөрсөддөө зориулж хийдэг тул нэг л явахгүй байлаа. Идлээ идлээ гэж худлаа хэлээд 2 бууз арай гэж цааш харуулав.

Айл 3. Эдний бууз амт шүүс нь таарсан их дажгүй идээд баймаар сайхан бууз юм. Буузаа жигнэхдээ гялгар цаас тавиад байгаа нь жаахан онцгүй байлаа. Нийлэг, гялгар уутыг шатааж байгаад шүүсийг нь сорж уужаагаатай агаар нэг шүү дээ. Хорт хавдар үүсгэдэг олон бодис байдаг гэж их цуурах юм билээ. Цайгаа пиавар шанагаар хутгаж байгаа айлууд болиорой эдр.
6 бууз идэв.
Айл 4. Бууз хийнэ гэж завхруулдаг айлуу гүү юу. Мах нь гэж үргэлжилсэн үгийн зохиол шиг залгалдсан юм. Танайх буузандаа 108 эрх хийсэн юмуу гэчихмээр.
Уг нь гараар татах гэж хичээсэн бололтой. Буузан дотор нь хальс, үл мэдэгдэх хатуу юм ихтэй. Чимхэлтүүд нь өөр өөр үнэн хайга шаажээ. Яахав урмыг нь бодоод 2 бууз идээд гарав.

Айл 5. Бас л базаахгүй буузтай айл юм. Буузаа гаргаж байгаа гэрийн эзэгтэйг хараад за асуудал тодорхой гэж бодогдов. Уг нь буузны гол юм нь ёроол нь бүтэн байж шим шүүсийг нь сорох шүү дээ. Тэр эзэгтэйн буузнуудад ёроол гэж алга. Улгүй гуталтай хөл л гэсэн үг. Буузаа гаргахдаа гялс гялс чимхээл тавагруугаа шидэж байгаа нь үнэн хайнга. Ёроолыг нь жигнүүр ерөөлийг нь Шагж гэж залбираад л хоёр бууз идэв. Буузны жигнүүрээ цэвэрлэдэггүй нь биднийг гарахад дараагийн айлдаа шууд нөгөө жигнүүр дээрээ буузаа өрж байгаагаар харагдав.

Айл 6. Эдний бууз гэж яруу найраг. Өөгүй сайхан буузтай айл. Махаа гараар татжээ. Сүүлний өөхөө махнаасаа үл ялиг том хэрчсэн нь жигнэх явцад тос бага гарсан нь илт. Бууз бүрт өөх махны харьцаа жигд байлаа. Жигнэлт нь таарсан тул сайхан шүүслэг. Чимхэлт, хэмжээ нь нэгэн жигд. Гурилнийх нь нимгэн зузаан таарсан гэж ванлий. Ероол бүр нь бүтэн. Хэдийгээр гэдэс дүүрэн байсан ч эдний буузыг өөрийн мэдэлгүй баахан идчихсэн байлаа. Арав гаран бууз идэв.

Айл 7. Буузандаа халуун ногоо түлхүү хийжээ. Хэмжээ нь хүн цохиж алмаар лут том юм. Анхнаасаа гурилаа нялцгай зуурсан бололтой. Шүүстэй, шүүсгүй, ёроолтой, ёроолгүй орон гаран буузнууд байв. Ёроолгүй гэхээсээ илүүтэй хажуугаараа сийгэсэн буузнууд байлаа. Буузаа жигнэхдээ шахцалдуулж тависан нь бөөрөөрөө наалдсан бололтой. Ид уул гээд байлаа. Арай гэж хоёр бууз идэв.

Айл 8. Буузаа жигнүүр дээрээ тавьчхаад мартчихдаг айл юм. 24 минут боллоо. Тэсгэл алдаад одоо сэвчхийч гэлээ. Саяхан аяга арчиж байсан устай нойтон алчуураараа сэвээд байх юм. Алчуурныхаа усыг буузнууд дээрээ шувтраад асгачих мэт нэн таагүй санагдлаа. Яасан ч их сэвдэг юм. Сэжиг төрөөд амтыг нь ч гүйцэд авч чадсангүй. Ганц хоёр бууз хороов.

Айл 9. Эднийх хөлдүү буузаа бараг 10 гаруй минут л жигнэв. За энэ ч улаан шүүстэй түүхий бууз боллоо ухааны юм бодоод ганцыг идсэн чинь үнэн тасархай. Амт гэж ванлий. Гэдэс задрах шахаж байсан ч бүсээ суллаж байгаад хэдийг явуулав. Буузаа гаазан дээр хүчтэй гал дээр жигнэж байгаа тул бууз нь ийм хурдан болдог аж.

Нийтлэг дүгнэлт. Айлууд ер нь л бүгд цагаан гурилаар цайчихсан бууз хийж. Манайх лугаа бор гэр шиг бор гурилаар бууз хийсэн айл бараг алга. Яарч самгардаад жигнүүрээ сайн угаахгүй, эсвэл гялгар уут дор нь дэвсэж багаад буузаа жигнэж байгаа айл нилээд байв. Буузаа хэт жигнээд шүүсийг нь ууршуулж тосыг нь хайлуулсан айл түгээмэл байлаа.
Зарим айл буузаа 25 минут жигнэж байхад зарим нь 13 минут жигнэх жишээний.
Буузаа яаж хийвэл өшөө гоё амттай болгохуу гэж хамаг чадлаараа хичээсэн айл байхад зүгээр боогоод боогоод шидчихсэн айл ч байх.
Хөлдөхгүй байж мэднэ гэж айгаад аль намраар шахуу буузаа хийгээд хуучруулчихсан ч айл байна. Эрт буузаа хийсэн ч бага багаар нь савлаж хөлдөөгөөд цас мөстэй газар шинээр нь хадгалсан ч айл байна.
Айлын буузны амт гэдэг тухайн айлын байр байдлыг сайхан хэлээд өгдөг бололтой юм.
Тавагтай сайхан шүүстэй буузыг дээрээс нь сэрээдэж зоогоод хамаг шүүсийг нь гоожуулаад аягалдаг зочидтой мэр сэр таарав. Буузаа огцом хазаад халуун шүүсээр харвадаг хүмүүсч байх юм.
За тэгээд өрх гэрийнхээ буузны амтыг шударгаар хэлээд явчихгүй юу.
Танай таваг хоосроод л байвал сайхан бууз хийжээ гэж ойлгоорой.

Аан тэгээд газар газрын идэж сурсан мах бууз нь амттай биздээ. Сүхбаатар, Дорнодынхон манай зээрийн мах шиг сайхан мах байхгүй гээл ороод ирнэ. Говийнхон манай таанын амттай махыг гүйцэх мах байхгүй гээл савлана. Хангайхан сарлагийн хар мах сайхан шөл гарна шүү гээл зөрнө. Увсынхан эк нам манай “Увс үкэр” шиг амттай сайхан махан байхгүй гээл дайрна. Сэлэнгийнхэн поолины үхэрийн махыг идэж үсэн юмуу гээл агсарна.
Хотынхон нөгөө бидэнд тохиолдсон явдал гүрүүфтээ “тэгүүл та нар сайхан давхар утлагатай бууз” идэж үзсиймуу ооркуудаа гээл цам харайнашдээ.

Сайхан буузанд ходоод зайтай
Сайхан хүүхэнд өвөр зайтай байдаг юм шүү эдр.

©Шагж Гэлэн


Буузнуудын цувааг битгий тоолоорой
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.