50 долларын үнэтэй ганц тоншилт буюу ур чадварын үнэ цэнэ

84

Алдартай зохион бүтээгч Томас Эдисон дээр нэг нөхөр их үнэтэй цагаа засуулахаар ирж дээ. Эдисон үзэж байснаа ширээн дээр байсан алхаар ганцхан тоншчихоод “Одоо зүгээр ээ” гээд эргүүлэн өгч гэнэ. Цаг нь юу ч болоогүй мэт чаг чаг цохилж байсанд,
- Ийм амархан уу?
- Амархан ч биш л дээ. Гэхдээ бүрэн засагдсан. Найдвартай. Та итгэж болно.
- Баярлалаа. Аа, би засварын тань хөлсөнд хэдэн доллар өгвөл зохих вэ?
- 50 доллар…
Чихэндээ итгэсэнгүй. Дахин лавласанд Эдисон,
- 50 доллар гэж ямар ч эргэлзээнгүй давтав. Эдисоны үед 50 доллар бол овоо чиг мөнгө байж.
- Өршөөгөөрэй, эрхэм минь. Та ердөө ганцхан л тоншсон шүү дээ. Тэрүүхний төлөө 50 доллар байх гэж үү? Миний бодлоор бол ганц доллар…
- Эрхэм ээ. Чухам хэрэгтэй газрыг нь онож цохихын тулд би 30 жил уйгагүй хөдөлмөрлөсөн юм шүү дээ гэсэн юм гэнэ билээ.
Энэ түүх үнэхээр болсон эсэхийг мэдэхгүй, бас ялимгүй өөр ч байж мэднэ. Гэхдээ л энд нэг зүйлийг өгүүлж буй нь чухал юм. Тэр бол ур чадварын ҮНЭ ЦЭНЭ.
Эдисон шуналтай нөхөр яавч биш. Тэгвэл яагаад ганц тоншилт 50 доллар гэж? Учир нь тэр бол зүгээр нэг засварчин биш, аугаа их зохион бүтээгч, их авьяастан. Дээр нь өөрийнх нь хэлснээр тэрбээр 30 жил уйгагүй хөдөлмөрлөжээ. Ингээд авьяас, туршлага, мэдлэг гурвын гайхалтай хослолын үр дүнд ганцхан тоншилт нь 50 долларын хэмжээнд хүрэхүйц ур чадвартан болсон хэрэг. Ур чадваргүй, авьяасгүй, туршлагагүй нэгэнд бол бүтэн өдөр, магадгүй бүтэн долоо хоногийн хөдөлмөр.
Авьяас, чадвар, бүтээлч хөдөлмөр, эрэл хайгуулын үр дүн болсон ур чадвар гэдэг нь оюуны өмчийн үнэ цэнийг тодорхойлж байдаг.
Саяхан Шинэ жилийн нэгэн үдэшлэгийн үеэр ийм яриа болов.
- Энэ дуучин гурван сая төгрөгөөр хоёр дуу дуулчихлаа. Арай ч дээ. Дэндүү юм аа.
- Дуу нь таньд таалагдсангүй юу?
- Сайхан дуулдаг л даа. Гэхдээ ганцхан орой хоёрхон дуу дуулчихаад гурван сая төгрөг. Гэтэл би бүтэн сар зүтгээд сая төгрөг.
- Дуучин орой бүр ийм хөлсөөр дуулаад байдаггүй байх. Тэгээд ч маш сайн дуучин.
- Шунал, шунал.
- Таныхаар бол хэдэн төгрөгөөр дуулбал болох вэ?
- 50 мянга байхад л хангалттай.
- 50 мянга байтугай үнэгүй дуулаад өгөе гэсэн ч ямар ч үдэшлэг зохион байгуулагч лав л та бид хоёроор дуулуулахгүй гэдгийг бол би сайн мэдэж байна.
Надад уурлах ч яахав. Дуучинд ховорхон сайхан хоолой байна. Өөрөөр хэлбэл авьяас байна. Түүнээ хөгжүүлж чадсан хөдөлмөр, туршлага, ухаан байна. Үнэлдэг нь ч байна. Тэгэхээр сая саяар нь дуулж л байг.

***
Дашрамд хэлэхэд дуучдын дууг хуулж DVD-д бичээд зардаг нөхдүүд бол оюуны өмчийн хулгайчид. Тиймээс хулгайн бараа авах шаардлагагүй шүү.
Хэд хоногийн өмнө бас нэг ийм яриа болов.
- Таны номын үнэ хэд вэ?
- 10 000
- Аа, уучлаарай, хямдрах уу?
- Хямдраад тэр ээ. Уг үнэ нь 15 000 юм.
- Та номоо ширхэгийг нь хэдэн төгрөгөөр хэвлүүлдэг вэ?
- 5000 төгрөгөөр…
- Та тэгвэл ядахдаа 7000 төгрөгөөр зар л даа. Хоёр нугалж зардаг юм байна шүү дээ.
Эхлээд эг маг гээд хэлэх үг олдсонгүй. Тэгснээ араас нь “Наад үгээ бусдын номыг хулгайгаар хэвлүүлж зардаг хүмүүст л хэл” гэлээ.
Ер нэг иймэрхүү хандлага байнга анзаарагддаг юм. “Хэвлэлийнхээ өртгөөр л өгчихөөч дээ” гээд шалаад салдаггүй нөхдүүд бий шүү. Яг бичихдээ, хоёр сар, эсвэл зургаан сар ч болсон байж магадгүй. Гэхдээ насан туршдаа уншиж судалсаны минь, хөдөлмөрлөсний минь тайлан, үр шим. Тиймээс ямар нэгэн хэмжээгээр чадвар, туршлага, хөдөлмөрөө үнэлэх л ёстой. Түүнээс би хэн нэгний бэлээхэн биччихсэнийг шууд хуулж, хэвлээд борлуулсангүй. Тийм байлаа ч ядахдаа хуулж бичсэн хөдөлмөрийн хөлс шингэх учиртай. Номын хулгайчид хүртэл хулгайлах хөдөлмөрөө үнэлээд хэвлэлийнх нь өртөг дээр нэмж зардаг юм. Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” роман бол зууны шилдэг роман. Гэтэл гадуур үр хүүхдүүдээс нь ямар ч зөвшөөрөлгүйгээр, хулгайгаар мянга мянгаар нь хэвлээд зарж байгаа. Арван хэдэн жилээр зарцгаав. Мэдээж хэрэг зүс царай тааруухан, хэвлэлт муухан, түүнээ дагаад үнэ ч бага. “Хулгайгаар хэвлэхдээ ядахдаа алдаагүй хэвлэдэг болоосой, үг үсгийн бөөн алдаа, бүр хэсэг бүлгээр нь хүртэл сох дутаачихсан, хольж сольчихсон хэвлэдэг юм билээ” гээд Лодойдамба гуайн охин үгээ барчихсан явж байсан.
Л.Түдэв гуайн “Оройгүй сүм” романыг бас л гадуур хэдэн арван мянгаар нь номын хулгайчид хулгайлж зарсан, баяжсан, том хар ландгар жийп унаж давхидаг болсон. Эзэн нь гэтэл хөөрхий тэтгэвэрийнхээ хэдийг хүргэж ядан гэлдэрнэ. Уг нь тэр хүний бичсэн өгүүлбэр, бүр үг бүрийг нь алтаар үнэлж байх учиртай юм шүү дээ. Юун хулгайлах. Харамсалтай нь хулгайлж л байна. Гэтэл дэлхийд бол үнэ цэнэтэй зохиолчдод үзгэн доороос нь гарсан үг бүрийнх нь тоогоор төлбөр төлж байдаг юм.
Ойрмогхон манайхны нэгнийх нь гайгүй шиг гүйлгээтэй романыг бас л хулгайгаар хэвлээд зарсан хэрэг гарсан. Ер иймэрхүү явдал байнга давтагдана.
Хуулж бичсэн гэснээс бас бусдын бичсэнийг хуулж, өөрийнхөө нэрийг дурайтал тавьчихаад ном гаргачихдаг нөхдүүд нэлээдгүй байдаг. Хэдэн жилийн өмнө нэг сайхан нэртэй ном таарахаар нь нээгээд үзтэл нэг л танил үг өгүүлбэрүүд цувраад болдоггүй. Сайтар үзвэл миний бичлэг мөн өө. Туршлагатай хоньчин хотон дахиа таньдаг шиг нэлээд хэдэн жил цаас цоохорлосны хувьд өөрийн бичсэн үг өгүүлбэрүүдээ нэг муухан гадарлах хэмжээнд… Өгүүлэл, нийтлэлүүдээс маань гарчигийг нь солиод, эхлэл төгсгөлийнх нь өгүүлбэрийг өөрчлөөд л номондоо оруулаад, өөрийнхөө нэрийг дурайтал нь биччихэж. Ишлэл тайлбарт нь нэр маань байгаа юм болов уу гэтэл сураг ч алга. Дараахан нь дахиад нэг, бас дахиад нэг. Бүр тэсэхээ байгаад зарим нэгийг нь олж уулздаг юм.
Сүүлийн жилүүдэд цахим ертөнцөд оюуны өмчийн хулгай хаяа хязгааргүй мэт болов. Мэдээлэл, технологи хөгжих хэрээр оюуны өмчийн хулгай хөгжиж байна. Дэлхийн улс орнуудын хооронд цэрэг улс төр, эдийн засгийн талбарт болж буй мэдээлэл, шинэ санаа, өндөр технологийн өрсөлдөөн нь энэ төрлийн хулгайг далдуур улс төрийн бодлогын түвшинд зөвтгөх хандлагатай байдаг. Үүнийг гул барьж хаяагаа хадардагаа зөвтгөдөг нөхдүүд хүртэл бий.
Уг нь Оюуны өмчийн хулгайн хэрэг шийтгэл чангатай, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250-300 дахин өсгөж торгох, 3 сараас 1,5 жил ч байв уу даа, хорих ялтай. Гэвч миний л мэдэхийн ийм ялаар суусан хүн манайд л байхгүй. Манай Оюуны өмчийн газарт энэ хэргээр очихоор бүр өөрөө хулгай хийчихсэн мэт хачин эвгүй байдалд орчихыг нь яана гээ. Оюуны өмчийн хулгайг латинаар plagiārius гэдэг аж. Энэ үгийн анхдагч санаа нь “сүнсний наймаачин” гэсэн утгатай гэнэ. Сүнс наймаална гэдэг тоглоом биш шүү, сүсэг бишрэлтэй хүнд бол ухаан алдаж унамаар аймшигтай явдал.
Ер оюуны өмчийн үнэлгээ гэдэг нь зөвхөн бичиж туурвидгийн хүрээнд төдий байдаг зүйл биш. Аливаа зүйлд ур чадвар, мэдлэг, шинэ технологи ямар хэмжээгээр шингэнэ тэр хэрээрээ үнэтэй байдаг нь хууль. Тэр бүхэнд оюуны өмчийн эрх үүсэж байдаг. Бид оюуны өмчийн үнэлгээг өдөр тутамдаа төлдөг. Цаг тутамдаа хэрэглэдэг тамхинд хүртэл тэр үнэ цэнэ гэгч шингэсэн байна. Улаан шонхор тамхины үнийг Sobranie, Treasurer-ийнхтэй харьцуулбал нэлээд зөрүү бий. Герман, япон машиныг солонгос, хятад машинтай харьцуулж болно. Илүү чанарт, өөрөөр хэлбэл илүү мэдлэг, өндөр технологи, чадвар, хөдөлмөрт нь илүүг төлж буй хэрэг. Яагаад яг адилхан засалтыг зарим үсчин 5 000-аар хийж байхад нь зарим нь 50 000 төгрөгөөр хийдэг вэ? Ур чадвар.
Хэн нэгэн ном бичсэн бол хэвлэлтийнх нь үнээс хоёр дахин, магадгүй хорь дахин илүү үнээр номоо борлуулж болно. Түүнийх нь төлөө загнаад байж болохгүй. Хэн нэгэн сая төгрөгөөр ганц дуу дуулсан бол авьяас, ур чадварынх нь үнэлгээ тэр болно. Намайг үнэгүй дуулаад өгөе гэсэн ч ямар ч үдэшлэг зохион байгуулагч зөвшөөрдөггүйн учир тэр юм. Тамхинд хүртэл үнэ цэнийн зөрүү гэж байдаг атал авьяас чадвар хийгээд оюуны өмчид байлгүй ч яахав дээ. Харамсалтай нь энэ цаг үед авьяас чадварыг, оюуны өмчийг нэг бол хулгайчийн хөдөлмөртэй адилхан түвшинд үнэлнэ, эсвэл хулгайлна.

Наминчимэд Баасан


50 долларын үнэтэй ганц тоншилт буюу ур чадварын үнэ цэнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.