Дэлхийн 33 орноор аяласан Б.Сарантуяа: Чамд хангалттай зориг, нарийн сайн төлөвлөгөө байвал үүргэвчээ үүрээд гэрээсээ гараарай

“The Nomadic Soul”-ийн үүсгэн байгуулагч, үүргэвчтэй аялагч Б.Сарантуяатай ярилцлаа. Дэлхийн 33 орноор аяласан түүнд багагүй сонирхолтой хэдэн асуулт тависан билээ. Харин хариулт нь энэ гурван цэгний араас хөврөнө…

2b1264db3efc9d14c256557a1bb6cd5c

-Анх аялалд гарахын өмнөх айдсаа хэрхэн давсан бэ?

-Хамгийн анх үүргэвчээ үүрээд Индонезоос гараад Тайланд, Хонгконгоор дамжиж аяласан. Би Индонезод сурдаг байх үед манай найзууд, сурагчид их аялдаг байсан. Тиймээс ч би өөрөө ганцаараа аялаж үзэхээр зориг шулуудсан. Анх аялалд гарна гэдгээ гэрийнхэндээ хэлээгүй байсан. Ганцаараа аялана гээд хэлчихвэл санаа нь зовох байх гэж бодсон. Тиймдээ ч дотроо айдастай байсан хэдий ч би аялалынхаа төлөвлөгөөг сайн боловсруулж чадсан.

-Хэрэв Монголдоо байсан бол ганцаарчилсан аялалд зориглож гарах байсан уу?

-Чадахгүй байх байсан. Учир нь Индонезод цуг суралцаж байсан хүмүүсээс би аялах сэдэл, урам зориг авсан.

-Би бол гэртээ суухыг илүүд үздэг хүн л дээ, тиймээс ч нэг зүйл асуумаар байна. Аялал таны амьдралд ямар өөрчлөлтүүдийг авчирч өгсөн бэ?

-Маш олон өөрчлөлт гардаг. Нэгдүгээрт хувь хүний чадварууд нэмэгдэнэ. Аялалд гарахаас өмнө маш нарийн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байдаг. Тиймээс тухайн хүний төлөвлөлт, зохион байгуулах чадвар нэмэгддэг. Мөн гадны оронд биеэ зөв авч явах, хүнтэй эелдэг зөв боловсон харьцах гээд олон эерэг үзүүлэлтүүд бий болдог. Басхүү би аялалд явах тусам гэр орон, ээж аавыгаа илүү их санадаг. Өөрийн үнэ цэнэтэй зүйлсээс холдох тутам тэднийг хэчнээн үнэ цэнэтэйг ухаардаг юм билээ.

-Таны аяласан орнуудаас ямар улс хамгийн найрсаг ард түмэнтэй орон байв. Нөгөө талаар аль улс нь хамгийн их айдас төрүүлсэн бэ?

-Иран руу аялахаас өмнө хүн бүр л “Иран Ирак дайн самуун их, маш аюултай” зэргээр анхааруулж байсан ч хүмүүс нь маш элэгсэг байсан. Нэг цайны газар орж гэрийнхэнтэйгээ цахимаар холбогдчихоод гарах гэхэд надад үйлчлэгч нь цай үнэгүй өгч байсан. Намайг үүргэвч үүрсэн болохоор аялагч гэж мэдсэн байх. Хүмүүсийнх нь тэр сайхан сэтгэлийг мэдрэх мэдрэмж үнэхээр гоё. Тиймдээ ч хамгийн их айж очсон Иран маань хамгийн найрсаг улс болж таарсан. Харин айдастай орон гэвэл Палестин байсан. Тэнд надад ямарч муу зүйл тохиолдоогүй ч гэсэн дайн самуун, Израиль хоорондын мөргөлдөөн зэргээс болоод дотроо маш их айдас тээж явсан. Аялалын явцад огтхон ч тайван байж чадаагүй. Харин сүүлд бодоход аливаа нэг улс руу аялахаар болвол хүмүүсийн ярьж хэлснийг хүндээр тусгаж авах шаардлагагүй санагдсан.

-Мэдээж эмэгтэй хүнд их ачаа хэрэггүй байх, аялалын цүнхэнд чинь хамгийн хэрэгтэй зүйлс юу багтддаг вэ?

-Тэгэлгүй яахав. Маш цөөхөн зүйлс байдаг. Нэн түрүүнд гадаад паспорт, олон улсын картаа цүнхнээсээ огт салгалгүй найдвартай хадгалж авч явдаг. Дээр нь солих хувцас, хувийн хэрэглээний эд зүйлс л багтана. Ерөнхийдөө том, жижиг гэсэн хоёр үүргэвчтэй явна. Жижгийг нь урд талдаа, томыг нь хойноо үүрч, балансыг нь тэнцүүлээд аялалдаа гардаг даа. Хөнгөхөн үүргэвчтэй байж олон газараар аялах зорилготой байдаг учир маш хямгач бөгөөд минималист байх хэрэгтэй.

-Гадаадад аялаж явах хугацаандаа санамсаргүйгээр гадаад паспортоо гэмтээх, гээж үрэгдүүлэх тохиолдол гарвал яах вэ?

-Энэ бол маш эрсдэлтэй асуудал. Гадаад аялагчдын хамгийн чухал зүйл паспорт. Аялаж буй газарт Монголын Элчин сайдын яам байхгүй бол бүр ч их хүндрэлтэй байдалд орно. Би Филиппин улсад аялаж явахдаа нэг удаа цүнхээ газар тавиад унтчихсан юм. Өглөө сэрээл хөлөө газар тавьсан чинь нэл ус болчихсон байсан. Сандраад шууд л цүнхээ аваад үзтэл бүх хувцас хунар норчихсон, азаар паспорт маань зүгээр байсан. Учир нь би ус бороонд норгохгүй гэдэг үүднээс зиптэй гялгар уутанд хийчихсэн юм. Хэрвээ норсон бол тухайн улсаас би гарч аялалаа үргэлжлүүлж чадахгүй хэмжээний эрсдэлд орно.

-Өөрөө гэр бүлтэй юу?

-Гэр бүл байхгүй.

-Мэдээж эмэгтэй хүн ганцаараа аялана гэдэг маш том тэвчээр. Аль нэг улсад явж байхад чинь чамайг өдөж хоргоох тохиол ер гарч байсан уу?

-Эмэгтэй хүн ганцаараа аялахад эрэгтэйчүүдээс дор хаяж хоёр дахин их эрсдэлтэй байдаг. Би саяхан хэд хоногийн өмнө Зүүн Тимор гэх улсаар аялчихаад ирсэн. Гудмаар нь алхаж явахад “гадаад, гадаад” гэж энд тэндээс орилох, нүд салгалгүй ширтэх зэргээр намайг сэтгэл санааны тухгүй нөхцөлд хүргэх явдал их гарсан. Иранд явж байхад нэг залуу машинтайгаа салахгүй дагаж байж билээ. Гэхдээ аливаа зүйлийг би эерэгээр хүлээж авахыг боддог. Би гадны аялагч учраас тэдэнд сонирхолтой санагдсан байх гэж бодоод л өнгөрдөг. Учир нь хэн нэгэн миний бие рүү халдах эрсдэлтэй тохиолдол гараагүй болохоор тэр.

Өөр нэг зүйл гэвэл Изриалийн сөнөсөн тэнгис дээр байхад тохиолдсон. Тэнд нэг араб залуу миний гуяыг илэх шахсан. Азаар сууж байсан газраас маань холгүй бас хоёр эмэгтэй аялагч байсан. Би тэдэн дээр очиж тусламж гуйсан. “Энэ хүн надад сонин хандлага төрүүлээд байна, намайг хажуудаа аваад туслаач” гэж хэлэхэд тэд надад өчүүхэн ч цааргалалгүй тусласан. Харин дараа нь өөртөө дүгнэлт хийсэн чинь Исламын шашинтай тус газарт хүний анхаарлыг татахуйц хэт ил задгай хувцастай явж байсан юм билээ л дээ. Мэдээж тухайн хүний буруу ч гэсэн өөрийн аюулгүй байдлаа хангах аялагч бас сайн хангаж явах хэрэгтэйг эл үйл явдлын дараа сайтар ойлгосон.

-Аялахаас өөр сонирхол бий юу?

-Гэрэл зураг авах сонирхолтой.

-Фатимагийн талаар яриач, чиний хамгийн сайн найзуудын нэг гэсэн?

-Энэ хүн байгаагүй бол би аялалд хэзээ ч гарахгүй байсан байж магадгүй. Фатима бол надад аялах урам зориг өгсөн хүн. Өмнөд америк гаралтай хүн л дээ. Түүнийг анх аялалд хамт явах санал тавихад нь зөвшөөрөөгүй. Эргэж ирээд надад аялалын тухай шинэ содон зүйлс, адал явдлуудаа ярихад нь цуг яваагүй дээ их харамссан. Дараа бид хамт аялаж, би ч ганцаарчилсан аялалд явж чадах урам зоригтой болсон. Фатима намайг “Сараа нөгөө монгол шпагеттигаа хийгээд өгөөч” гэдэг. Тэр нь борцтой цуйван юм л даа. Фатима миний хийсэн цуйванг амтархан иддэг шүү.

-Ганцаараа ер нь 33 улсаар яаж аялах вэ, бусдад юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Дээр чиний гадаад паспортоо аялалын явцад алга болговол яах вэ гэсэн чинь их аймаар сонсогдсон шүү. Нэн түрүүнд паспортоо аюулгүй авч яваарай гэе даа. Тэгээд чамд зориг, нарийн төлөвлөлт, хэнтэй яриад ойлголцож чадах хэлний мэдлэг байхад л болно. Ер нь заавал хэн нэгний туршлага ч шаардлагагүй. Чи зориглоод, үүргэвчээ үүрээд гэрээсээ гарахад л болно.

Б.Алтанхуяг

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Дэлхийн 33 орноор аяласан Б.Сарантуяа: Чамд хангалттай зориг, нарийн сайн төлөвлөгөө байвал үүргэвчээ үүрээд гэрээсээ гараарай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.