Эрчүүдийн эмэгтэйчүүдэд худал хэлдэг зүйлс!

Ихэнх эрчүүд өдөрт дунджаар 6 удаа худал хэлдгийг та мэдэх үү? Зарим эмэгтэйчүүд энэ статистикийг сонсоод ихэд гайхширдаг бол зарим нь шууд л санал нийлдэг. “Хорьдугаар Зуун Fox” компани “Надад худал хэлээч” цувралаа хийхийн өмнө 2000 хүнийг хамруулсан нэгэн судалгааг хийжээ. Судалгааны үр дүн хүмүүсийг ихэд гайхшруулсан бөгөөд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс өдөрт 2 дахин илүү худал ярьдаг гэсэн дүгнэлт гарсан байна. Тэгвэл найз залуу тань танд дараах 20 зүйлийг худал хэлдгийг та мэдэх үү?


1 Тэр таныг найзуудтайгаа уулзахаар явлаа гэхэд “итгэж байна” гэж худал хэлдэг
Эрэгтэйчүүд бусад эрчүүдийг юу боддогийг нь мэддэг. Тиймээс таныг найзуудтайгаа гарахад өөр залуу эргүүлэх вий гэхээс айдаг. Тиймдээ ч таныг найзууд руугаа явахад юу ч болоогүй мэт аашилдаг ч, дотроо ихэд түгшиж байдаг аж. Энэ талаар сэтгэл судлаач Линда Эспосито “Хүнд бүрэн итгэж чадахгүй байх нь хүлцэн тэвчих, уян хатан байх чадварт суралцаагүй буюу бүрэн төлөвшиж чадаагүй хүний шинж” гэж хэлсэн байдаг.


2 Тэр танаас өөр эмэгтэй рүү хардаггүй гэдэг нь худлаа
Эрэгтэй хүний нүд үргэлж сайхан эмэгтэй дээр “унаж” байдаг. Энэ бол таны санаа зовох ёстой асуудлуудын нэг. Гэхдээ өөр эмэгтэйн гоо үзэсгэлэнг бишрэн харах нь шууд утгаараа хууралт биш. Тэр ядаж л таны хажууд өөр эмэгтэй рүү хардаггүй бол энэ нь таныг хангалттай хүндэтгэж байгаа хэрэг. Харин өөрийн харсан сайхан эмэгтэйтэй таныг харьцуулж эхэлбэл асуудал үүслээ л гэсэн үг


3 Тэр “мартсан” гэж худал хэлдэг
Найз залуу тань таныг хүсэлтийг биелүүлээгүйгээ “мартчихаж” гэж тайлбарладаг уу? Тэгвэл энэ нь эрчүүдийн худал хэлдэг зүйлсийн нэг юм. Магадгүй та цахилгааны төлбөр төл эсвэл төмс хальсал гэх мэт том жижиг юу ч хүссэн бай, түүнийг хийгээгүйгээ “мартсан” гэдэг үгээр халхалдаг нь тэдний зан аж.


4 Тань руу хариу мессеж илгээх завгүй байлаа гэж худал хэлдэг
Ихэнх эмэгтэйчүүд энэ худал үгэнд итгэдэг. Гар утас бидний хамгийн ойрын хэрэглээ болсон энэ зуунд хэдхэн секунд зарцуулаад хариу бичиж амжихгүй байна гэдэг нь итгэмээргүй зүйл юм. Тиймээс хэрвээ найз залуу тань таны мессеж, чатад хариулахгүй байвал та түүний хувьд нэгдүгээрт байдаггүй гэсэн үг.


5 “Гэртээ харихаасаа өмнө амжуулах ажил байна” гэж худлаа хэлдэг
Найз залуу тань заримдаа танаас хаана байгаагаа нуудаг уу? Энэ бол эрчүүдийн хамгийн нийтлэг худал хэлдэг зүйлсийн нэг юм. Гэвч зарим тохиолдолд хүндэтгэх шалтгаантай байхыг үгүйсгэхгүй. Гэвч ихэнх тохиолдолд ингэж хэлсэн эрчүүд гэртээ харихын өмнө найзуудтайгаа уулзан, согтууруулах ундаа хэрэглэдэг. Эсвэл магадгүй түүний хувьд хүнд өдөр байсан тул стрессээ тайлахаар фитнесст дасгал хөдөлгөөн хийж байж ч болох юм. Гэвч тэр үнэхээр сайн залуу бол танд хэдий худал хэлсэн ч, хэзээ ч таны итгэлийг алдах зүйл хийхгүй гэдгийг санах хэрэгтэй.


6 Таны хэлсэн бүхнийг анхааралтай сонсдог гэдэг нь худлаа
Эрчүүд найз бүсгүйтэйгээ анх болзож байх үедээ илүү анхааралтай байдаг ч, үерхсэнээс хэдэн жилийн дараагаас тэд таны хэлсэн зүйл бүрт анхаарахаа больдог. Тиймдээ ч найз залуу тань таныг юм ярьж дууссаны дараа хэлсэн зүйлийг тань амархан мартчихдаг. Учир нь тэд анхнаасаа таны яриаг тийм ч сайн сонсоогүй байдаг аж. Энэ нь тэд эмэгтэйчүүдийг хэтэрхий их ярьдаг гэж үздэгтэй холбоотой. Гэвч үнэн хэрэгтээ жендэрийн харилцааны мэргэжилтэн Дебора Таннены /Deborah Tannen/ хийсэн судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдтэй ижил хэмжээгээр ярьдаг гэдэг нь тогтоогдсон байна.


7 Тэр таны гэр бүлтэй хамт байх дуртай гэж худал хэлдэг
Найз залуу тань таны гэр бүлтэй сайхан харилцаатай, тэднийг маш их хүндэтгэдэг байж болно. Гэхдээ тэр танай гэр бүлтэй хамт байх уу, эсвэл өөрийнхөө найз нөхөд, гэр бүлтэй байх уу гэсэн сонголт үүсвэл мэдээж өөрийнхийгөө л сонгоно. Харин таны гэр бүлд яг өөрийн юм шиг хандах залуу маш ховор юм.


8 Тэр таны сэтгэлээр унасан шалтгааныг ойлгохгүй байна гэж худал хэлдэг
Найз залуу тань таныг уурлах эсвэл сэтгэлээр унах үед шалтгааныг нь ойлгоогүй дүр эсгэдэг ч үнэн хэрэгтээ тэр бүгдийг ойлгож байдаг. Жишээ нь, тэр өдөржин гэртээ байгаагүй хэрнээ орой ирээд яагаад уурласныг тань асуудаг уу? Энэ тохиолдолд, өөрөөр хэлбэл тэр таныг өөрөөс нь болж уурлах үед бүгдийг ойлгодог. Харин түүнээс болж биш өөр ямар нэгэн зүйлээс болж бухимдахад найз залуу тань ойлгохгүй байвал түүнийг бодол уншдаггүй гэдгийг санаарай.


9 Тэр бүсгүй “зүгээр л найз” гэж худал хэлдэг
Эрчүүдэд “зүгээр л найз” гэсэн тодотголтой эмэгтэй байдаг. Гэвч ихэнх тохиолдолд тэд жирийн нэг найзууд байж чаддаггүй. Ихэнх эмэгтэйчүүд үүнийг зөн совингоороо мэддэг. Гэвч үүнээс болж харилцаагаа муутгах тэнэг алхам хийж болохгүй. Түүнийг ойлгох хэрэгтэй.


10 Бүх зүйлийг бага багаар хийнэ гэж худал хэлдэг
Энэ бол зүгээр л таныг хажуудаа байлгах гэсэн шалтаг. Ингэж хэлэх үедээ тэр зүгээр л цаг хожихыг хүсдэг. Учир нь тэр таныг өөрт нь үнэхээр таалагдаж байгаа эсэхийг ч баттай мэдээгүй байдаг. Тиймээс ингэж хэлж харилцаагаа хойш нь тавьдаг эрэгтэй магадгүй зүгээр л таны цагийг үрж байж болох юм.


11 Таныг өмнөх найз залуутай тань харддаггүй гэж худал хэлдэг
Найз залуу тань таны амьдралын хамгийн анхны эр хүн байхыг хүсдэг. Энэ нь түүнд ядаж л өөр хэн нэгэнтэй харьцуулагдахгүй байх давуу талтай. Гэвч хэрэв та өмнө нь өөр найз залуутай байсан бол энэ нь асуудал үүсгэнэ. Үүнээс болж найз залуу тань таныг хардвал та ямар нэг хошигносон эсвэл ууртай өнгө аясаар биш, маш тайвнаар ярилцан, шийдлийг олох хэрэгтэйг сэтгэл судлаач, доктор Гвендолин Сейдман/Gwendolyn Seidman/ зөвлөсөн байдаг.


12 Яг одоо маш завгүй байна гэж худал хэлдэг
Надад хийх зүйл маш их байна гэдэг нь тэр таныг хэн нэгнээс эсвэл ямар нэг зүйлээс илүүд үзэхгүй байна гэсэн үг. Хэрвээ та найз залуу тань иймэрхүү шалтаг хэлж, танаас хөндийрөөд байгааг мэдвэл түүнтэй ярилцаад үзээрэй. Хэрвээ хэлж ойлгуулаад ч шийдэлд хүрэхгүй бол дэмий зүйлд цагаа үрэхээсээ өмнө эртхэн болих нь зүйтэй юм.


13 Таныг өглөө сэрэхдээ ч хөөрхөн байдаг гэж худал хэлдэг
Найз залуу тань таныг хуучин хиртэй бэлтгэлийн хувцас, засаж янзлаагүй сэгсгэр үстэй байсан ч сайхан харагдаж байна гэж хэлдэг үү? Гэвч үнэн хэрэгтээ энэ нь худал байдаг. Бодит байдал дээр тэр таны будаггүй царай, засаж янзлаагүй үсийг хараад сайхан харагдаж байна гэж боддоггүй. Гэхдээ энэ гол нь биш учир нь тэр танд хайртай хэвээрээ байгаа нь л чухал. Энэ талаар зохиолч Эндрью Айткен/Andrew Aitken/ “Би хуучин найз бүсгүйгээ үсээ янзлаагүй, нүүрээ будаагүй байхыг нь хараад 2 бодол төрсөн. Эхнийх нь үнэн хэрэгтээ “Тэр урьдынх шигээ сайхан харагдаагүй” харин хоёр дахь нь “Гэсэн ч би түүний өөр нэг төрхийг харсандаа баяртай байсан. Энэ нь надад түүнтэй илүү дотно болсон мэт сайхан мэдрэмж төрүүлэхээс гадна тэр миний хажууд өөрийнхөөрөө байгаа нь маш үнэ цэнэтэй санагдсан” гэжээ.


14 Түүн рүү яагаад өөр эмэгтэй залгаад байгааг мэдэхгүй гэж худал хэлдэг
Та хоёрыг хамт байхад нөхөр рүү тань өөр эмэгтэй залгаж байсан уу? Тэгвэл тэр эмэгтэй яагаад түүн рүү залгаад байгааг нөхөр тань сайн мэднэ. Хэрвээ та хоёр үнэхээр бие биедээ хайртай бол нөхөр рүү тань янз бүрийн бүсгүйчүүд залгаад байхгүй л болов уу. Харин залгасан тохиолдолд нөхөр тань танд ядаж л яагаад залгаад байгааг үнэнээр нь хэлж, асуудлыг шийдвэрлэх ёстой. Ингэснээр бие биедээ итгэх итгэлцэл нэмэгдэх болно.


15 Танд хэзээ ч худал хэлж байгаагүй гэдэг нь худлаа
Хүн бүр гэмгүй худлаа ярьдаг. Өөрөөр хэлбэл гэм хоргүй худал хэлэх тохиолдол хүн бүрт байдаг. Тийм байхад танд хэзээ ч худал хэлж байгаагүй гэж зүтгэдэг хүнээс болгоомжлоорой.


16 Тэр таны хийсэн хоолонд хамгийн дуртай гэдэг нь худлаа
Магадгүй та хоол сайн хийж чаддаггүй атлаа өөрийн залуудаа хоол хийж өгөх дуртай, үүнийгээ түүнийг халамжилж байна гэж бодож болох юм. Найз залуу тань ч таны хоолыг магтан иддэг байх. Гэвч хэрвээ та үнэхээр амтгүй хоол хийдэг бол тэр таны сэтгэлийг бодож ингэж хэлдэг аж. Гэсэн хэдий ч энэ нь түүнд гомдох шалтаг биш, оронд нь хоол хийх чадвараа нэмэгдүүлэх гэж оролдоорой.


17 Тэр таны ярьсан бүхнийг сонсох дуртай гэж худал хэлдэг
Та магадгүй үзсэн киноныхоо тухай эсвэл элдэв хов ярих дуртай байж болно. Гэвч үүнд найз залуу тань ч бас дуртай гэж найдаад хэрэггүй. Учир нь тэр охидын нэг биш. Тиймдээ ч заримдаа тэр таныг ярьж байхад ярианы сэдэв өөрчлөх гэж оролддог л биз дээ.


18 Тэр таныг тэврэх дуртай гэдэг нь худлаа
Та магадгүй найз залуугаа өөрийг тань тэврэх дуртай гэж боддог байх. Гэвч үнэндээ тэр таны бодсон шиг их тэврэлтийг хүсдэггүй байж болно. Өөрөөр хэлбэл тэр зүгээр л “нялууралгүй” унтаж, амрахыг хүсдэг.

“Эрэгтэй хүн юу боддог вэ?” номын зохиолч Майкл Бадер/Michael Bader/ “Миний хийсэн судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүд эрчүүдийг өөртэй нь зөвхөн унтахыг хүсдэг биш, харин түүнд чин сэтгэлээсээ хайртай гэдгийг мэдрэхийг хүсдэг. Тиймдээ ч бүсгүйчүүд найз залуутайгаа дотно харьцаанд орсны дараа нүд рүү нь ширтэх эсвэл тэврэхийг хүсдэг. Харин эрэгтэйчүүд зүгээр л унтаж, амрахыг илүүд үздэг” гэсэн байна.


19 Таныг “зүгээр харагдаж байна” гэж худал хэлдэг
Хэрвээ та өөрийгөө бие галбиртаа илүү анхаарч, дасгал сургуулилт хийж, эрүүл хооллох хэрэгтэй гэж бодож байвал энэ талаар найз залуугаасаа зөвлөгөө авах хэрэггүй. Учир нь ямар ч эрэгтэй найз бүсгүйдээ фитнесст явах хэрэгтэй эсвэл амьдралынхаа хэв маягийг өөрчлөх хэрэгтэй байгааг нь хэлж чаддаггүй. Тиймээс таныг сэтгэлээр унагаахгүйн тулд худал хэлэхээс аргагүйд хүрдэг. Тийм учраас энэ тал дээр найз залуугаа буруутгах хэрэггүй.


20 Танд өгсөн цамцаа буцааж авахгүй гэж худал хэлдэг
Ихэнх эмэгтэйчүүд найз залуугийнхаа цамцыг өмсчхөөд хэзээ ч буцааж өгдөггүй. Магадгүй таны аваад эргүүлж өгөөгүй тэр цамц найз залуугийн тань хамгийн дуртай цамц ч байж болно шүү дээ. Гэвч тэр танаас хэзээ ч цамцаа нэхэж чаддаггүй.


Та дээрх мэдээг уншсаны дараа яаран дүгнэлт хийхээсээ өмнө түр азна. Эрэгтэй хүн бүр дээрх зүйлүүдийн тухай худал ярьдаггүй, энэ бүгд нь цэвэр судалгаан дээр үндэслэсэн мэдээлэл юм. Тиймээс хайртай залуугаа буруу дүгнэхээсээ өмнө нэгийг бодож хоёрыг тунгаахыг хүсэж байна.


Эрчүүдийн эмэгтэйчүүдэд худал хэлдэг зүйлс!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.