Энд тэнд элдэв янзын зурхай их болж дээ. Төрсөн сараар нь, ордоор нь, жилээр нь , дуртай өнгөөр нь, алганых нь
зураасаар энээ тэрээ гээд л. Би ч бас тэдгээрийг дууриаж хэдэн зурхай зохиож болно. Юуны өмнө сараар нь зурхай бичнээ. Нэгдүгээр сард төрсөн хүнийхийг бичихдээ өөрийн фээсбүүк найзуудаас 1 –р сард төрсөнүүдийнх нь сайн чанаруудыг тоочоод л боллоо. Жишээлбэл, 5 –р сард төрсөн хүнийхийг зохиоё.
5 –р сард төрөгсөд, Заримдаа бага зэрэг амиа бодсон, найзууддаа новшрох нь их. Гадаад төрх тийм ч сайнгүй бөгөөд хувийн асуудлаас илүү нийгмийн хэрэгт санаа тавьдаг, энээ тэрээ гээд л үргэлжлүүлнэ. Би өөрөө 5 –р сард төрсөн учраас ингээд муу талыг нь яриад байгаа хэрэг. Та бүхэн харин найзуудынхаа сайн талыг хэлнэ биз. Ингээд л бүгдээрээ нэг нэг санал хэлээд, тэднийгээ сайхан нийлүүлж багцлаад зурхайтай болоод авна.
Ер нь бол зурхай зохиох ч амархан ажил дөө, нэг хүнд 100 төрлийн зан ааш байж л таараа, тэднээс нь 10 –ыг гаргаад хэлчихэд л үнэн ч юм шиг санагдана. Итгэхгүй бол бүх 12 ордын зурхайг уншаарай, орд бүрийн зан араншингийн бараг тал нь өөрийн чинь одоогийн зан ааштай нийцэж байх вий. 247-ын тоо хамгийн их тааралдаад байгаа ч юм шиг санагддаг л биздээ. Үнэндээ бол 2:47 минут, номын 247-р хуудас, УБА0247 машины дугаар гэх мэтийг тааралдахад нь илүү анзаардаг болохоор л тэр. 666 гэдэг тооноос айхын ч хэрэггүй, учир нь хоёртын тооллын системд 1010011010 ингэж бичдэг. Хүн харахыг хүссэн юмаа л илүү анзаардаг.
Хаа нэгтээ болох үйл явдал, хэн нэгний зан араншин зэрэг нь элдэв зурхай, мэрэг төлгийн дагуу явна гэж худлаа. Жишээлбэл хамгийн сайн төлөгч Вангагаас таасан юмыг нь ярьдаг мөртлөө таараагүйг нь хэн ч ярьдаггүй. Дурын залуу л 100 юм зохиогоод хэлчихэд 10 нь биелж л таарна. Гандангийн үүдэнд засал хийж, хүмүүсийн асуудлыг шийддэг буянтай хүмүүс яагаад өөрсдийнхөө амьдралыг “засдаггүй” нь сонин шүү.
Тиймээс залуусаа зурхай, мэрэг төлөг гэдэг шинжлэх ухааны үндэслэлгүй балай дэмий юманд итгэх хэрэггүй. Аан яахав зүгээр зугаатай санагдах үүднээс зохиож, хоорондоо маазарч болох л юм. Тэгээд юунд итгэх вэ гэхээр зөвхөн өөрийнхөө зөн совинд л итгэ. Өөрийнхөө азанд л итгэ, зөвхөн өөртөө л итгэ. Жишээлбэл ухаан зараад зараад, бодоод бодоод шийдэж чадахгүй зүйлээ зоос хаяад шийдчихэд буруудахгүй. Энэ охиноос салах уу болих уу, ямар сургуульд элсэх вэ гэх мэт. Бүх хүн ухаантай байх албагүй, бүх асуудлыг ухаанаар шийдэж чадахгүй үе бий. Гол нь зоос шидсэн ч бай, ухаанаар бодсон ч бай асуудлыг чи өөрөө л шийдэх хэрэгтэй. Хэн нэг мэргэч төлөгч бол цаашаа зайлаа шүү. Өнөөдрөөс эхлээд занаж байгаад хоёр дахь өдөр үсээ нэг засуулаарай, зарим үсчиний газарт тольныхоо өмнө тарни биччихсэн харагддаг. Үс засуулах цээртэй өдрийн цээр үргээдэг гэж солиорч байгаам. Тэр тарнийг л уншиж балайрав даа.
Бурхан багшийн сургааль дээр, “Од гариг эрхсийн тохиолоор хүмүүний амьдрал, заяа төөргийг шинжихийг хатуу цээрлэнэ” гэдэг юм билээ. Олон зууны туршид л зарим лав хуврагууд завхруулчихсан нь бидэнд үлдэж.
Бичсэн: Аанхаа