Мисс А.Баярцэцэг Испанид аялж байгаа аж. Тэрбээр аяллынхаа сонин сайхнаас харамгүй хуваалцаж байгаа бөгөөд “Тэр нэгэн цагт Дон Кихотын буудаллаж байсан гүүрэн дээр саатлаа. Машины батерей нурсан учир дуудлагын засварчин дуудаад хүлээх зуур хэн ч үл сатааруулах тийм амар амгалан нэг цаг гарав. Үлгэрийн Толедо хотыг хүрээлсэн өргөн голын эрэг дээр чулуугаар хүрээлсэн сандал дээр яг одоо сууж байна. Нарны туяа нүүрэн дээр хурц гэгч нь тусахыг улам илүү мэдрэх гэж нүдээ анин суухад хамаг элч нь бие дулаацуулж нойр ч хүрмээр болох шиг. Мянган жил болсон хуучин чулуун хоосон цамхаг, уулын оройгоос хааяахан дуугарах сүмийн хонхны цангинах чимээ, тайван гэгч нь хөвөх маргад ногоон толгойтой нугаснууд, амралтын өдрөөрөө алхаж буй хааяахан зөрөх хүмүүс, гэнэтхэн ирж сүүлээ шарвагануулан эрхлэх Викиг маань санагдуулам айлын нохойнууд, бүртийх ч үүлгүй цэв цэнхэр тэнгэрт жигүүрлэн нисэх шувуун сүрэг, газраар дүүрэн хөглөрсөн навчис…Үнэхээр энд чинь өвөл болдоггүй шүү дээ. Үнэхээр энд бас ямар ч гуниг алга. Цаг хугацаа зогсчихсон ч юм шиг…Юу ч хийлгүй, бүхнийг ажиглан суух энэ мөч ойрд мэдрээгүй хамгийн үнэтэй, аз жаргалтай хором байлаа” хэмээжээ.
Эх сурвалж http://www.info.mn