(“Монгол түмний бахархалт эмэгтэйчүүд” номонд орж буй цуврал хөрөг-3)
Үздэг, сонсдог, алга ташдаг, урам зориг нь бадардаг, эсвэл уур цухал нь хүрвэл өндөг шиддэг үзэгчидгүйгээр кино гэдэг бол ердөө л хоосон саравчны ханан дээр эрээлжлэх сүүдэр төдий гэдэг билээ. Тиймдээ ч шинэ санаа хаана байна, үзэгчдийг татах сонирхолтой сэдэв хаана байна, танин мэдэхүй болоод ухуулан сэнхрүүлэх үйл явц хаана, хэдийд, ямар хэмжээнд өрнөж мэдэхээр байна, тэр бүхнийг кино бүтээгчид соргогоор тусгаж авах чадвартай байх ёстой. Энэ бүх үнэлэмжийг кино урлагт зуун хувь хэрэгжүүлж чадсан нэгэн авъяаслаг найруулагчийн тухай өгүүлье. Тэр бол Өвөр Монголын кино найруулагч, продюсер, жүжигчин Соёлцэцэг бөгөөд би бээр түүнтэй урд хөршид дөрвөн ч удаа уулзсан юм.
2014 оны 4-р сарын 6-нд АНУ-ын Лос-Анжелос хотод болсон Дэлхийн кино наадамд олон улсын 300 гаруй кино оролцсоноос Өвөрмонголын найруулагч Соёлцэцэгийн бүтээсэн кино тэргүүн байранд шалгарч, дэлхий даяар улс орноо мандуулж, алтан цом гардан авч байсан гайхам түүхийг мартаж үл болно. Мөнхүү кино нь “Тал нутгийн бяцхан баатар эгч, дүүс” гэсэн нэртэй. Энэ киногоо Соёлцэцэг 20-р зууны жараад онд Өвөр Монголын хөдөө нутагт болсон нэгэн эмгэнэлт явдлаас сэдэвлэжээ. Арван хоёр настай Лун Мин, есөн настай Хон гэдэг эгч дүү хоёр хөдөө хонио хариулж явахдаа хүчтэй цасан шуурганд өртөж, амь насаа ч үл хайхран улс нийгмийн өмнө баатарлаг гавъяа байгуулжээ. Эгч дүү хоёрыг эрлийн хүмүүс 24 цагийн дараа хайж олоход эгчийнх нь хөлийн гурван хуруу, дүүгийнх нь хоёр хөл хөлдчихсөн, эгээтэй л осгож үхэхийн даваан дээр байсан бөгөөд хамгийн гол нь тэд хонь малаа эсэн мэнд авч гарч чадсанд байлаа. Дашрамд өгүүлэхэд жараад оны тэр эгч, дүү хоёр өдгөө ч энх тунх байгаа бөгөөд эгч Лун Мин нь Өвөр Монголын улс төрийн товчооны тэнхимийн даргаар ажиллаж байгаад, дүү Хон нь хиймэл хөлтэй болсон ч Бугат хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх газарт ажиллаж байгаад тус тус гавъяаныхаа амралтанд гарцгаажээ.
Хөл гараа хөлдөөн байж байгалийн гамшигтай амь өрсөн тэмцсэн энэхүү эгч, дүү хоёрын тэсвэр хатуужил, баатарлаг зориг, бас бие биенээ үхэл, ослоос авран хамгаалах гэсэн халамж хайр тухайн цагийн кино бүтээгчдийн анхаарлыг татаж, тэд энэ сэдвээр хүүхэлдэйн кино хийснээр Дундад улсын хүүхэд, залуусын сэтгэл зүрхийг нэг хэсэгтээ л эзэмджээ. Харин үүнийг уран сайхны кино болгох сэдэл санаа тухайн үед болоод түүнээс хойшхи тавь гаруй жилийн хугацаанд ямар ч найруулагчийн сэтгэхүйд ургаж буусангүй.
Нийгэм солигдлоо ч үнэ цэнээ алддаггүй, бодит амьдрал болоод үлгэр домгийн баатар нь шинэхэн нийгэмд дахин шинээр амьдарч, нэг ёсондоо хувирал, агууламж сайтай, хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдалд хурдан зохицох чадвартай, тийм нэгэн гоц үйл явдал мэр сэр байдаг. Тэр бол жараад оны үед тохиосон эгч дүү хоёрын дээрхи явдал бөгөөд харин үүнийг уран сайхны аргаар кино урлагт мөнхөлж, орчин цагийн хүмүүний сэтгэлийг хөдөлгөж чадсан хүн бол найруулагч Соёлцэцэг байлаа. Үнэндээ “Тал нутгийн бяцхан баатар эгч, дүүс” кино нь бодрол, эмзэглэл, ухаарал, сэхээрэл дагуулсаар гариг ертөнцийн үзэгчдийн зүрх сэтгэл дундуур туучин гарч ирсэн сод бүтээл юмсанжээ. Энд л чухам киноны зохиолч, найруулагч, жүжигчин хүний авъяас билэг, уран чадвар оршном…
Арилжааны зах зээлээс гадна тухайн улс орон бүрийн үндэсний чансаатай бүтээлийг Олон улсад таниулах, кино урлагийн сүүлийн үеийн ололт, чиг хандлагыг соёлт хүн төрөлхтөнд мэдрүүлэх, кино боловсрол олгох зэргээр сурталчилан таниулах гол хөшүүрэг нь Олон улсын кино наадмууд байдаг. Сүүлийн жилүүдэд Хятадын киночид Олон улсын кино наадмуудад бүтээлээ сойж уралдуулах нь их болсон бөгөөд үүний үрээр дэлхийн кино театруудаас олсон орлогоороо Хятад улс Америкийн дараа жагсдаг болжээ. Нээрээ ч тус улсын кино театрын орлого жилд дөрвөн тэрбум ам.доллараас давсан гэх бөгөөд Азийн бүс нутагт бол үүгээрээ хэдэн жилийн турш манлайлж, Дорно дахины кино зах зээлийг эзэгнэх болжээ. Харин энэ завшаан дор Өвөр Монголын найруулагч Соёлцэцэг өөрт нуугдан буй шид чадлаа харуулж чадсан нь гайхалтай. Гэхдээ тэр кино бүтээхдээ улс нийгмээс ямар ч санхүүжилт авсангүй. Киноны бүх зардлыг хувиасаа гаргаж, ямар сайндаа л мөнгө төгрөг нь хүрэлцэхгүй явсаар зураг авалт нь хоёр ч өвлийг дамнаж, гурав дахь өвөлдөө киногоо гүйцээж хийсэн байна. Хүний хүчин мөхөсдөж, хоёр жаахан охин байгалийн гамшигтай хэрхэн тэмцэж, хонин сүргээ эсэн мэнд авч үлдэж буйг харуулахаар хахир хүйтэн өвлийн нүд нүүргүй шуурах цасан шуургатай өрсөлдөн байж кино зураг авч, тэрхүү жихүүн хүйтэн орчинд жүжигчдээ тоглуулна гэдэг хир баргийн найруулагчийн зориглон хийх ажил биш ээ.
“Тал нутгийн бяцхан баатар эгч, дүүс” киног хийхэд зургаан зуун түмэн юань буюу тухайн үеийн ханшаар 967 мянган ам.доллар зарцуулжээ. Найруулагч хатагтай өөрт байсан бүх хөрөнгөө шавхаад зогсохгүй, хүүгийнхээ байрыг хүртэл заран байж 2013 онд киногоо хийж дуусгаад 2014 онд Лос-Анжелосыг зорьсон нь өөрийн урласан бүтээлдээ бүрэн итгэж, ямар ч эрсдэлээс айхгүй, үнэн зоригтой байсны шинж. Үнэндээ түүний эрчтэй хүчтэй гайхам зоригийг эмтлэх гээд хэн ч барсангүй, шартай омогтой хатан зүрхийг шантлах гээд хэн ч дийлсэнгүй. Үнэн зоригтой байсан цагт үхэл хүртэл тойрч зугтдаг хорвоо… Хатагтай маань ингэж “Бар унах” болсон байна. Бар унах гэдэг нь өвөрмонголоор бол хийх гэж зориглосон юмандаа хамаг л хөрөнгө хүчээ зориулахыг хэлж байгаа юм.
Лос-Анжелосын кино наадамд дэлхийн 300 гаруй киноноос эхний хорин хоёрт Хятадын зургаан кино нэр дэвшжээ. Тэр зургаан киноноос Соёлцэцэгийн кино ганцаараа дээшээ цойлж тэргүүн байрын шагналыг хүртсэн байх бөгөөд үүнд л чухам Өвөрмонгол хатагтайн бахархал оршино. Тэрбээр шагналаа аваад тайзнаас буухдаа тусгай шагнал авчихлаа л гэж боджээ. Гэтэл тийм биш байлаа. Орчуулагч нь түүнд тэргүүн байрын шагнал авсанд баяр хүргэхэд л сая ойлгож, өөрийгөө ийм том амжилтанд хүрсэн гэдэгт итгэж ядан байв. Үүнтэй зэрэгцээд,
-Тал нутгийн өнгө үзэмж ямар гоё юм бэ? Мал ахуйгаа амь наснаасаа илүү нандигнан хайрладаг монголчуудын зан заншил ямар эрхэм юм бэ? Киноны хөгжим маш гоё байна. Монгол дуу хөгжим ийм гоё байдаг юмуу? гэж тал талаас нь асууж шалгааж, мөн түүнд шагнал гардуулсан продюсер “Танай Монголын дуу хөгжим маш гоё юмаа. Бидэнд монголчуудын морин хуур, бүжиг хосолсон тайзны жүжиг хэрэгтэй байна. Дараа энд авчирч тоглуулаарай” гэж хэлээд урилга хүртэл гардуулжээ. Монголчуудын дуу хөгжим хүмүүний сэтгэлийг хөдөлгөхүйц үнэхээр гоё байсан тул өдгөө ч мөнөөх продюсер Соёлцэцэгт санал тавьсан хэвээр байдаг гэнэ.
“Хятадын зургаан киноны тав нь мэдээж миний киноноос хамаагүй илүү хөрөнгө зарж, компьютер графикаар хийсэн. Тиймээс миний кино эдгээр киноны хэмжээнд очихгүй байх” гэж Соёлцэцэг бодож байжээ. Гэвч үнэн хэрэгтээ тийм биш байлаа. Бусад кинонуудыг бодвол түүний кино пиг дүүрэн үзэгчидтэй, компьютер графикаар биш бодит амьдрал дээрээс, жинхэнэ цасан шуурган дунд чансаа зааж хийгдсэн болохоор хүмүүний сэтгэлийг чухам л хөдөлгөж чаджээ. Америкчууд ч тал нутгийн монголчуудын амьдрал, байгалийн эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалыг гайхан шогширч, “Монголчууд гэж ийм үндэстэн байдаг юмуу, тал нутагт ийм амьдрал байдаг юмуу” гэх зэргээр дуу алдацгаажээ.
Соёлцэцэг хувиасаа нэг сая шахам ам.доллар зарлагадан байж энэхүү киног бүтээхдээ ашиг олох гэж, киноноос мөнгө босгох гэж ийм их хүч зориг, тэсвэр тэвчээр, цаг заваа гаргуунд гаргасангүй. Энэ кино нь тэгтлээ ашиг ч олсонгүй, гаргасан зардлаа ч нөхсөнгүй. Учир нь кино урлагийг арилжааны бараа бус цэвэр урлаг хэмээх мөн чанарт хамаатуулан ойлгодог уран бүтээлчид үеийн үед байсаар ирсэн бөгөөд чухамхүү тэд л кино бол хөнгөн зугаа, цаг нөхцөөх хэрэгсэл гэх нийтээр тогтсон ойлголтыг халж, кино бол бүтээгчийнхээ гүн ухаан, гоо зүй, ертөнцийг үзэх үзлийн илэрхийлэл бүхий урлаг юм гэдгийг яруу тодоор тунхагласан байдаг билээ. Энэ хүрээнд киноны жинхэнэ зохиогч, бүтээгч нь найруулагч мөн гэж үзэх болсон бөгөөд хатагтай Соёлцэцэг бол ийм л ховор чухал найруулагчийн үр хөврөл юм.
Аливаа хүн сайхан идэж уугаад, эдэлж хэрэглэх хөрөнгөтэй байхад л амар тайван жаргачихдаг юм биш, харин хэрэглээний мөн чанарыг ойлгох, амьд амьтад, байгаль дэлхий, хүн хүнээ хайрлах нинжин сэтгэл, тэсвэр хатуужил, амьдралын төлөөх тэмцэл ухаарал бол гайхамшиг юм шүү гэдэг гоц санааг энэхүү кинонд харуулжээ. Тус киноны ээжийн дүрийг Соёлцэцэг өөрөө бүтээж, аавын дүрийг Өвөрмонголын алдарт жүжигчин Бо Хайлун, эгч Лун Мин-ний дүрийг Өвөрмонголын Хянган замын дунд сургуулийн Намуухан, дүү Хон-ы дүрийг Өвөрмонголын Шилийн гол аймгийн Монгол үндэсний бага сургуулийн сурагч Хулан, настаны дүрийг Өвөрмонголын кино жүжигчин Жамджамц нар бүтээж, морин дээрх тоглолтыг Монгол улсын Соёл урлагийн их сургуулийн кино жүжгийн анги төгссөн Дэлгэр, Дэлхий нар гүйцэтгэжээ.
2015 онд болсон Монголын кино наадамд Соёлцэцэг мөн энэхүү киногоороо оролцож, найруулагч, жүжигчин, продюссер гээд бүх юмыг өөрөө хийж, долоон төрлөөр нэр дэвшээд “Хамгийн хүндэт кино” шагнал хүртжээ. Түүнчлэн 2015 оны 10-р сард Өмнөд Солонгосын кино наадамд “Тал нутгийн бяцхан баатар эгч, дүүс” кино тэргүүн байрын шагнал хүртсэн байна. Соёлцэцэг найруулагчийн дараагийн шинэ уран бүтээл нь мөн л бодит үйл явдлаас сэдэвлэсэн түүхэн кино бөгөөд энэ нь 20-р зууны гуч, дөчөөд оны хувьсгалд оролцож, Өвөрмонголын Өөртөө Засах Орны ардын төлөөлөгчдийн анхдугаар их хуралд оролцохоор яваад замдаа бусдад хорлогдсон “Мөөжий амбан” гэж монголчуудын бахархан хүндэлдэг хүний амьдрал тэмцлийн тухай кино юм. Энэ кино бас л нэг юм дуулгах нь тодорхой.
Найруулагч Соёлцэцэг Өвөрмонголын Зүүн-Уд аймгийн Ар Хорчин хошууны Цээдэм гацаанд төрж өсчээ. Түүнийг арван гурван настай байхад ээж нь нас барж, 8-11 насны дүү нартайгаа эхээс өнчирч, аавтайгаа хүнд хэцүү цаг үеийг туулжээ. Тэрбээр айлын том охины хувьд гэрийнхээ бүхий л ажлыг хийж, өглөө үнээгээ сааж, галаа түлж, хоёр дүүгээ асарч, сургуульдаа явна, хагас бүтэн сайнд аргал түлшээ бэлдэнэ. Намар нь өвс хадаж, тариа хураана. Хар багаасаа л ийнхүү хөдөлмөрч, сэргэлэн охин байжээ. Соёлцэцэг 16 настайдаа Ар хорчин хошууны “Улаан мөчир” уран сайхны бүлгэмд шалгарч бүжиглэх болсон нь өөрийн авъяасаа хөгжүүлж урлагийн замд хөл тавих эхлэл нь болжээ. Тэгтэл хар багаасаа өнчирч, хоёр дүүдээ ээжийн оронд ээж болж, бяцхан нуруундаа ахадсан гэмээр ачаа үүрсэн туяхан охин гэнэт хүндээр өвдөж, хоёр жил шахам эмчлүүлсэн байна. Үүний дараа “Улаан мөчир” бүлгэм нь түүнийг ажилд аваагүй тул Хөх хотод иржээ. Ингээд амьдралын их нугачаанд олон жил зүтгэсний эцэст Эрээн хотод бараа экспорт, импортлох өөрийн компаниа байгуулжээ. Энэ их ажил хөдөлмөр буцалсан он жилүүдэд тэрбээр киноны хэд хэдэн дүрд тоглоод амжсан байна. Нуруу туруу сайтай төрсний дээр гоо үзэсгэлэнтэй, авъяаслаг нэгэн тул түүнийг зарим киночид жүжигчнээр урьж тоглуулдаг байж. Тэгж байтал угийн сэргэлэн, хөдөлмөрч түүнд “Ер нь би өөрөө кино хийгээд үзье” гэсэн санаа төрж эхэлжээ. Тэгээд Өвөрмонголын алдарт уртын дуучин Лхазав багшийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Морин дэл дээрх дуучин” нэртэй анхны киногоо хийж, Лхазав багшийн нагац эгчийн дүрд Соёлцэцэг өөрөө тогложээ.
Найруулагч хатагтайн хүү Ар Монголын Соёл урлагийн их сургуульд суралцдаг бөгөөд Соёлцэцэгийн албан ажил Ар Монголтой салшгүй холбоотой болохоор тэрбээр таван зуу гаруй удаа Чингисийн Монголд ирж очжээ. Нэг зүйлийг сонирхуулахад Соёлцэцэг дунд сургуульд сурч байхдаа уран уншлагын уралдаанд Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийн хорь гаруй бадгийг багшийнхаа зөвлөгөө зааврын дагуу уншиж байсан бөгөөд хожим харин “Миний нутаг” шүлгэнд дүрслэгдсэн Ар Монголын бүхий л газруудаар зориуд аялж үзсэн байгаа юм.
Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд
Хойт зүгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд…Соёлцэцэг бүгдийг нь явж үзжээ. За тэгээд, Орхон, Сэлэнгэ, Хөхийн онц сайхан голуудаар гаталж, Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнүүдээс умдаалж, Хөвсгөл, Увс, Буйрын гүн цэнхэр нууруудаар мэлмий юугаа баясгаж, Хуучин хөшөө дурсгал, хот, балгад, сууринуудаар хөндлөн гулд аялан зугаалжээ. Энэ бол Монголын сайхан орондоо хичнээн их хайртай, уудам тал нутгаараа хичнээн их бахархдаг жинхэнэ монгол хүмүүний хольцоогүй шижир алт лугаа мөн чанар болой…
Б.ОЙДОВ