Би даашинз өмсдөг эмэгтэй хүн

CSkOnnLUwAAYabC

“Би эрчүүдийн ертөнцөд эмэгтэй хүн байх дуртай. Эцсийн эцэст тэд даашинз өмсч чадахгүй. Харин бид өмд өмсч чаддаг шүү дээ.” гэж алдарт дуучин, жүжигчин Уйтни Хьюстон хэлжээ. Бидний дунд өдөр бүр жийнсэн өмд, намхан ултай гутлаар гангардаг нь ч, шаардлагагүй байхад л даашинз, өсгийтэй гутал өмсдөг ч бүсгүйчүүд бий.

Хэдийгээр өмд нь биед илүү эвтэйхэн, бас чөлөөтэй харагдуулдаг ч, эрчүүд ч гэсэн өмд өмсдөг болохоор тэднээс ялгарах, тэдний “ертөнц”-д эмэгтэй хүн гэдгээ мэдрүүлэхийн тулд даашинз өмсөх би дуртай. Яагаад гээч?

1. Амьдрал бол харилцаа. Бид хэзээ ч, хаана ч шинэ хүмүүстэй танилцаж, ярилцаж, үгүйдээ л харц тулж магадгүй. Өдөр тутмын загвартай, цэвэрхэн, өөрт таарсан даашинзтай бүсгүй хүн бүхэнд таатай сэтгэгдэл төрүүлдэг.

2. Даашинз өмссөн үед, нуруугаа цэхлэхгүй л бол болохгүй гэдгээ заавал санадаг. Биеэ өв тэгш авч явахад өөрийгөө сургах аргын нэг нь ч даашинз байж мэднэ. Эвтэйхэн, сул цамц өмсөх тусмаа бидний өөртөө хандуулах анхаарал төдий чинээ сулардаг. Алхаа гишгээ, нуруу цэх алхах үед өөртөө итгэх итгэл ч 100 хувь байдаг. Хүмүүсийн магтаалаар ч тасрахгүй ийм өдөр мэдээж бүтэхгүй ажил гэж ч байхгүй.

3. Биедээ эвтэйхэн хувцас өмссөн үедээ эсвэл гадаад үзэмжийнхээ талаар нэг их бодоогүй үедээ ажил дээр нойрмоглож, залхуурах сэдэл илүү төрдөг юм шиг санагддаг уу? Тэр ч тийм шүү. Харин сайхан хувцасласан үед /ялангуяа даашинз өмссөн үед/ хамаагүй илүү урам зоригтой сэтгэл дүүрэн ажилладаг шүү дээ.

4. Яагаад заавал шунан байж авсан даашинзаа тусгай баярт зориулан зүгээр л хадгалах хэрэгтэй гэж? Эсвэл зөвхөн шинэ жилээр л өмсөж болох саа шигтгээтэй даашинз авчихаад, түүнийгээ хадгалахаас өөр аргагүй байдалд орох ёстой гэж? Өдөр бүр л онцгой гэж мэд. Ёслолын үед ч, өдөр тутамд ч өмсөж болох даруухан хирнээ чиний биеийн давуу талуудыг сайхан тодотгодог хэдэн ээлжний даашинзтай болж аваарай. Энэ бол чиний шүүгээндээ хийх томоохон хөрөнгө оруулалт.

5. Заримдаа ажлын шугамаар хүмүүстэй гэнэтийн уулзалт тогтоох хэрэг гардаг. Байгууллагынхаа нүүр царай нь болж явсныхаа хувьд, энэ болгонд чамд танилынхаа хүрээг өргөсгөж дээд тушаалтныхаа нүдэнд өртөж тушаал дэвших боломж нэгээр нэмэгдэж болно. Амьдрал санаанд оромгүй зүйлсээр дүүрэн шүү дээ. Тиймээс үргэлж бэлэн байдалд байхад чинь эвтэйхэн өмсгөлтэй, эмэгтэйлэг хирнээ ажил хэрэгч даашинзнууд чамд тусална.

6. Бага байхдаа ээжийнхээ даашинз, ээмэг зүүлт , цүнх, өндөр өсгийтүүдийг нь өмсөхөөрөө л өөрийгөө насанд хүрсэн үзэсгэлэнтэй эмэгтэй болсноор төсөөлдөг байсан шүү дээ. Насанд хүрсэн хойно ч даашинз өмсөхөөр, багадаа авдаг байсан тэр мэдрэмж хэвээрээ л байдаг. Өсгийтэй гутлаас ч илүү, даашинз чамд бүсгүй хүн болж төрснийг чинь алхах гишгэх, хормойгоо хумьж суух тоолонд чинь мэдрүүлэх болно.


Би даашинз өмсдөг эмэгтэй хүн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.