12-тойдоо хүчиндүүлж, 13-тайдаа ээж болсон охины гунигт амьдрал

295dda652b2b577a410ca8de55ddcead

Төв Африкийн бүгд найрамдах улсын жирийн иргэд

Уганда Улс босогчдыг ангуучлахаар Төв Африкийн бүгд найрамдах улс руу цэргүүдээ илгээсэн. Гэвч Угандагийн цэргүүд Төв Африкийн бүгд найрамдах улсын охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх болжээ.

Ийм олон мянган тохиолдлын ганцхан жишээг “BBC” агентлаг дэлхий нийтэд мэдээлсэн нь өдгөө ид шуугиан тарьж, хүний эрхийн байгууллагуудыг хөдөлгөөнд оруулж байна. Ингээд Төв Африкийн бүгд найрамдах улсын иргэн Элойс /Eloise/ хэмээх бяцхан охины түүхийг өгүүлье. Түүнийг 12-той байхад нь Угандагийн цэрэг хүчиндсэн байна.

Охин 13-тайдаа ээж болсон бөгөөд өдгөө 9 сартай хүүхдээ асардаг байна. “BBC”-гийн сэтгүүлч, Элойс охинтой анх уулзсан сэтгэгдлээ хуваалцахдаа “ийм жаахан амьтан” уруу яаж дайрч чаддаг байна аа. Түүний гар жижигхэн, тийм ч өндөр биш” хэмээгээд бүр цэрэг хүн хүчиндсэн гэж төсөөлж ч чадахгүй байгаагаа илэрхийлжээ. Элойс охин бэлгийн хүчирхийлэлд өртөж биедээ гэмтэл аваад түүнийгээ бүрэн эдгээгүй байхад нь шахуу төрж байжээ. Сэтгүүлчдийн баг охины жинхэнэ нэрийг нууцалж, Элойс хэмээх зохиомол нэр өгчээ. Учир нь охин бага, бас түүнийг хамгаалахын тулд ийнхүү нэрийг нь өөрчилсөн аж. Охины хэлснээр, Угандагийн цэргүүд түүний тосгоныг хамгаалахаар ирж, тарж байрлаад байх үеэрээ нэг нь түүнийг хүчинджээ.

Уганда цэрэг

Цааш нь Элойс охин “Манай ээж намайг ямар нэгэн юм олж ир гээд зах уруу явуулсан. Замдаа Угандагийн цэрэгтэй таарсан. Тэр намайг барьж авч чирч гулдчисаар ойролцоох сууцныхаа хажууд хүчиндсэн” гэжээ. Төв Африкийн бүгд найрамдах улсад Угандагийн 2500 орчим цэрэг байрладаг байна. Уганда Улс 2009 оноос эхлэн Төв Африкийн бүгд найрамдах улсад цэргүүдээ байрлуулж байгаа бөгөөд Жосеф Кони болон түүний Эзний эсэргүүцлийн арми /Lord’s Resistance Army/-ийн гишүүдийг олж устгах зорилготой аж.

Угандагийн цэргүүд Жосеф Конийг хайж самналт хийж байгаа нь

Жосеф Кони тэргүүтэй тус эсэргүүцлийн бүлэг нь хүмүүсийг олноор нь хядсан, хүн хулгайлсан, хүчин болон дээрмийн үйлдлүүдэд буруутгагддаг байна. Ж.Кони болон түүний нөхдүүд Угандагаас эхэлсэн боловч хүчээ авч Ардчилсан бүгд найрамдах Конго улс, Өмнөд Судан болон Төв Африкийн бүгд найрамдах улсад өргөжиж чаджээ.

Гэтэл одоо босогчдын бүлгийн гишүүдээс нутгийн иргэдийг хамгаалж, тэднийг бэлгийн хүчирхийлэлд өртүүлэхгүй байх үүрэг хүлээсэн Угандагийн цэргүүд өөрсдөө тийм гэмт хэрэг үйлдсээр байна. Энэ мэтчилэн Элойс охин шиг Угандагийн цэргүүдэд хүчиндүүлж, жирэмсэн болсон охидууд цөөнгүй байдаг байна. Тэдний нэг 14 настай Марие /нэрийг нь өөрчилсөн/ Элойсыг бодвол хамаагүй илүү өөртөө итгэлтэй охин бөгөөд хэрвээ надад хутга юм уу илд байсан бол түүнийг над уруу ойртоход нь дүрэх байсан хэмээн ярьжээ. Дашрамд дурдахад, Төв Африкийн бүгд найрамдах улсад үүрэг гүйцэтгэж буй Угандагийн цэргүүдийн дийлэнх нь Угандагийн Засгийн газрын цэргүүд буюу Угандагийн Ардын батлан хамгаалах хүчин (UPDF) –ий цэргүүд бөгөөд тэд Төв Африкийн бүгд найрамдах улсын алс хязгаар баруун өмнө зүгийн Обо хотод байрладаг байна.

Өтгөн ой шугуй, гол мөрнөөр хүрээлэгдсэн тус нутагт цэргийн орчин үеийн хот бий болсон агаад өдөр бүр нисдэг тэрэг, онгоцны дуу чимээ сонсогдож, цэргүүд ирж, явж, тэдний хангамж буудаг байна. Тэгвэл Угандагийн энэхүү цэргийн баазад АНУ-ын 100 орчим цэргийн зөвлөх ажилладаг бөгөөд тэд Ж.Конийг хэрхэн барих талаар зөвлөдөг байна. Мөн түүнчлэн Уганда Улс Африкийн холбооны мандат дор Жосеф Конигийн “гар хүрсэн” Төв Африкийн бүгд найрамдах улс мэтийн бүс нутгийн орнууддаа цэргийн ажиллагаа явуулж байгаа аж.

Тэгвэл Обо хотын дарга Бартелеми Майкос /Barthelemy Maickos/

Обо хотын дарга

“Угандагийн цэргүүд манай орон нутагт байгаад би талархаж байна. Хэрвээ тэд энд байхгүй бол Конигийн нөхдүүд байх болно” гэж хэлжээ. Хэдий тийм ч, Африкийн холбоо, НҮБ-ыг энэхүү асуудалд анхаарлаа хандуулж, өөрсдийн цэнхэр дуулгатнуудынхаа бусармаг үйлдлийг таслан зогсооно гэдэгт BBC-гийн сэтгүүлчид найдаж буйгаа илэрхийлэв. Францын колони байсан Төв Африкийн бүгд найрамдах улсад өнөөдрийн байдлаар охид, эмэгтэйчүүдээс гадна хөвгүүд Угандагийн цэргүүдийн бэлгийн хүчирхийллийн золиос болж байна. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Зейд Раад Аль Хуссейний өнгөрөгч 2016 оны долдугаар сард хийсэн мэдээлэлдээ түүний алба буюу НҮБ-ын Хүний эрхийн комисс Угандагийн цэргүүдэд хүчирхийлүүлсэн 18 эмэгтэйтэй ярилцсан гэж дурдаж байсан юм.


12-тойдоо хүчиндүүлж, 13-тайдаа ээж болсон охины гунигт амьдрал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.