Дэлхийн дуурийн урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулж байгаа алтан хоолойтнуудын нэг Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин өнгөрсөн амралтын өдрүүдэд Италийн Торино хотын “Театро Рэжио” театрын тайзнаа Италийн нэрт хөгжмийн зохиолч Жузеппе Вердигийн алдарт “Риголетто” дуурийн гол дүр Риголеттод дөрвөн удаа амжилттай тоглон энэ оны уран бүтээлийн гараагаа эхлүүлжээ. Тэрээр тун удахгүй Италийн Пьяченца хотын театрт Ж.Пуччинигийн “Тоска” дуурийн Гүн Скарпьягийн дүрд дуулах юм. Энэ бол Монголын сонгодог урлагийг дэлхийд сурталчлан байгаа даруухан гялалзах дэлхийн одын хамгийн сүүлд бидэнд дуулгасан баярт мэдээ. Түүний уран бүтээлийн тов ар араасаа ундран байгаа ажээ.
Монгол Улсын гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшин сонгодог урлагийн “олимп” гэгддэг И.П.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны мөнгөн медаль, Пласидо Домингогийн нэрэмжит “Plаcido Domingo’s Operalia” дуурийн дуучдын олон улсын уралдаанд тэргүүн байрт шалгарч алтан медаль, Испанийн алдарт тенор Франческо Венасын нэрэмжит уралдаанаас мөнгөн медаль хүртэж байсан билээ.
Их зохиолч Д.Нацагдорж “Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурьсгалтай” гэж бахархсан байдаг. Итали улсын Наполи хотын “Сан Карло”-гийн нэрэмжит их театр, Палермо хотын дээд их театр буюу “Teatro Massimo”, Верона хотын алдарт задгай театр болох “Arena di Verona”, агуу Ж.Вердийн төрсөн нутаг Парма хотын ихэс, дээдсийн театр буюу “Teatro Regio di Parma”, Падова хотын дуурийн театр, Новара хотын дуурийн театр, Жэнова хотын “Карло Фэличэ”-ийн нэрэмжит төв театр, Франц улсын нийслэл Парис хотын “Champs-Élysées” театр, Льеон хотын “Maurice-Ravel”-ийн нэрэмжит аудиториум, ХБНГУ-ын Киль хотын дуурийн театр, Испани улсын Валенсиа хотын дуурийн театр, Менорка арлын дуурийн театр, Барселони хотын “Liceu” дуурийн театр, Израиль улсын нийслэл Тел Авив хотын их театр болон хойд хөрш ОХУ-ын нийслэл Москва хотын Большой театр, Красноярск хотын дуурийн театр, ОХУ-ын Буриадын Улан-Үд хотын дуурийн театр, урд хөрш болох БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Сувдан театр, Шанхай хотын их театр гэх мэт дэлхийн алдартай тайзнаа Монгол Улсын дуучин Энхбатын Амартүвшин хэмээн зарлуулан яваа нь Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурьсган буй сайхан үйл явдал юм.
2009 он. Уран бүтээлийн гараа УДЭТ
Э.Амартүвшин СУИС-ийг 2009 онд Монгол Улсын гавьяат багш Цэрэнпилийн Ерөө багшийнхаа удирдлага дор төгссөн юм. Төгсөөд л ДБЭТ-таа гоцлол дуучнаар ажилласан түүнийг багад нь ойр хавийнхан нь “Цээлхэн хоолойтой хөөрхөн дуулдаг хүү” гэдэг байжээ. “Зуны амралтаар өвөөгийндөө очоод морин дэл дээр салхи татуулж хэний ч нүдэнд харагдалгүй ичиж зовох юмгүй дуулж явсан минь жаргалтай санагддаг байлаа. Тэгж явсаар наймдугаар ангид орох жилээ дуучин болно гэж бодох болсон. Хүмүүс урам өгч “Тэдний хүү сайхан дуулдаг юм байна” гэж тоосон нь урлагийн сургуульд орох хүслийг минь бадраан СУИС-д дуурийн дуучин болно гэдгээ ч мэдэлгүй орсон” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
Тэрээр “Дасгал сургуулилт хийгээд ирэхээр аяндаа сонгодог урлагийн сайхныг мэдэрсэн. Багш минь намайг “Миний хүү дуурьт л дуулах хүн дээ” гэдэг байсан юм. Багшаасаа олон зүйл сурсан. Зөвхөн хоолойг нь бэлдээд сайхан дуулдаг дуучин төрөхгүй гэж ярина. Хүн чанарын тухай олон сайхан зүйл хэлж зөвлөдөг. Сэтгэл сайхантай хүнээс сайхан хоолой гардаг гээд олон зүйлийг зааж сургасан. Тэр үеэс дэлхийд алдартай дуурийн дуучин болно гэж мөрөөддөг байлаа” хэмээн ярьсан нь өдгөө биеллээ олж дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн уран бүтээлээ туурвиж байна.
Хагас зуун жилийн түүхт Азидаа уран сангаараа тэргүүлдэг Улсын Дуурь, бүжгийн эрдмйин театрт гоцлол дуучнаар ажиллахдаа Э.Амартүвшин дэлхийн болоод монголын сонгодог уран бүтээлүүдийн баритон хоолойтны том дүрүүдэд бүгдэд нь дуулсан юм.
2011 оны зургаадугаар сар. П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаан
Э.Амартүвшин ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотноо болсон суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд 40 гаруй орны 600 гаруй уран бүтээлчидтэй өрсөлдөн гоцлол дуучин төрөлд мөнгөн медаль хүртжээ.
2012 оны зургаадугаар сар. “The Placido Domingo’s Operalia” тэргүүн байр
Монгол дуучин дэлхийн шилдэн баритон боллоо. Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Пласидо Домингоийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн юм. “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд гавьяат жүжигчин Э.Амартүвшин Америк, Итали, Хятад, Канадын дуучдыг ардаа орхин, тэргүүлсэн. “Plаcido Domingo’s Operalia” залуу дуучдын олон улсын уралдаанд орон орны шилдгүүдээс шигшсэн 40 уран бүтээлчийн нэгд багтан, Бээжинг зорин “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдааны тэргүүн байрт шалгарсан байна.
Дуурийн урлагийн амьд домог болсон тус наадмыг санаачлагч, шүүгч Пласидо Доминго баритон Э.Амартүвшинд “Чиний өмнө дэлхий нээлттэй байна” гэдэг үгийг л хэлж байсан билээ.
2015 оны зургаадугаар сар “Cardiff singer of the World” уралдаан
Дэлхийд алдартай “ВВС” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулдаг “Cardiff singer of the World” уралдаанд 55 орны 350 гаруй дуучнаас шилдэг 20-д Э.Амартүвшин шалгарч, Кардифф хотод очиж уралдаад шилдэг тавд үлдсэн. Уралдаан ердөө ганцхан шагналт байртай, таван дуучнаас нэг нь л түрүүлэх болзолтой. Түүний хувьд үзэгчдийн цахим санал асуулгаар сопрано хоолойтой агуу дуучин Сазерлендын нэрэмжит тусгай шагналын эзэн болсон юм.
2016 оны тавдугаар сар. Анхны бие даасан тоглолт “Энхбатын Амартүвшин”
Э.Амартүвшин эх орондоо анхны бие даасан тоглолтоо ДБЭТ-ын тайзнаа толилуулсан. Түүнийг бие даасан тоглолтоо хийгээгүй гэхэд олон хүн гайхдаг байв. Эгэл даруухан энэ уран бүтээлч өөрийгөө ямар дуучин болохыг харуулж байж анхны бие даасан тоглолтоо хийнэ гэж өөртөө амласан тухай ярьж байсан юм. Тиймээс өнөөг хүртэл дуурьтаа дуулж, олон улсын тэмцээн, уралдаанд оролцсоор тун завгүй он жилүүдийг үджээ. Сонгодог урлагт тодоос тод гялалзан байгаа гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин гаднын нэлээд хэдэн олон улсын чанартай том уралдаанаас шагналууд эх орондоо авчирсан. Энэ бүхнийхээ тайланг тавьж, ямар дуурийн дүрүүдэд дуулдаг, ямар уралдаан тэмцээнүүдээс шагнал авсан юм, ямаршуу ур чадвартай дуучин болсон бэ гэдгээ ард түмэндээ тайлагнасан.
2016 оны арванхоёрдугаар сар. “Соёлын элч” болов
Олон улсын тэмцээн, уралдаанд онцгой амжилт гарган эх орныхоо нэрийг дэлхий дахинаа өндөрт өргөж яваа Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшинг Монгол Улсын Соёлын элчээр томилсон. ГХЯ 2015 оноос эхлэн дэлхийд танигдсан монгол иргэнээ Соёлын элчээр томилж, тэдэнтэй Монгол Улсыг гадаадад сурталчлах, гадаадын улс орнуудтай соёлын харилцаа болон түүх, хүмүүнлэг, шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг болжээ.
Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин Монгол Улсын Соёлын элчээр ажиллах хугацаандаа эх орноо гадаадад сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхтэй явуулахаас гадна дэлхийн бусад улс орнуудтай соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ГХЯ-тай хамтран ажиллах хүндтэй үүргийг ийнхүү хүлээсэн байна.
2017 оны нэгдүгээр сар. Италийн алдарт “Сан Карло” театрт
Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч, дуурийн дуучин Э.Амартүвшин Италийн алдарт “Сан Карло” театртай байгуулсан гэрээний дагуу 2017 оны нэгдүгээр сард Ж.Вердийн сонгодог бүтээл “Риголетто” дуурийг дөрвөн удаа дуулсан бөгөөд хүүхдүүдэд зориулсан тоглолтод мөн оролцсон юм. Тус театрт тоглосон Ж.Вердийн сонгодог бүтээл “Риголетто” дуурийг 85 настай дэлхийн домогт удирдаач Нелло Санти удирдсан юм.
2017 оны долдугаар сар. Италийн хамгийн эртний алдартай тайз болох Арена Ди Веронад
Италийн хамгийн эртний алдартай тайз болох Арена Ди Веронад Ж.Вердийн суут бүтээл “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрд дуулсан билээ.
Монголын алдарт баритон Э.Амартүвшин Арена Ди Веронагийн тайзнаа нийт таван удаа тоглож, “Риголетто” дуурийн эхний хоёр тоглолтод дуулсан. Риголеттогийн дүрд Э.Амартүвшин, Испани гаралтай алдарт баритон 76 настай Карлос Алварез, дэлхийн алдарт баритон Лео Нуччи дуулжээ.
2018 оны гуравдугаар сар. “Bravo” Хүндэт шагнал хүртлээ
Э.Амартүвшин дэлхийн шилдэг уран бүтээлчдийн оролцдог олон улсын мэргэжлийн дуу хөгжмийн ёслолоос “Bravo” хүндэт шагнал хүртлээ. Тэрээр нэр дэвшсэн шилдэг уран бүтээлчдийн гала тоглолтод оролцож, Москва хотын “Большой” театрын тайзнаа хоёр дахь удаагаа дуулж, шагналаа гардан авсан юм. ОХУ-ын Соёлын яам 2017 оноос “Браво” шагналыг гардуулж эхэлжээ. Олон улсын шүүгчдийн үнэлгээгээр уг шагналтныг тодруулахдаа, гадаадын орнуудад аялан тоглолтоо хийсэн үзүүлэлтээс гадна цомгийн борлуулалтад тулгуурладаг аж. Дуучин Э.Амартүвшин энэ тухайд, “Монгол Улсын соёл урлагт чухал түлхэц болохоор үйл явдал боллоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байдаг.
2018 оны долоодугаар сар. Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүр Набуккод
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин Италийн хамгийн эртний тайз гэгддэг Арена Ди Веронад Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттод тоглосон цаг саяхан. Жилийн өмнө олон улсад ийнхүү өөрийн уран бүтээлээ толилуулж эхэлсэн тэрээр энэ удаад дахни энэхүү гайхалтай тайзнаа Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүр Набуккогийн дүрийг бүтээлээ. Баялаг, чамин хоолой, гайхамшигт өнгөтэй тэрээр агуу дуулаачийн ур чадвараа дахин дэлхийн дахинд гайхуулав.
2018 оны аравдугаар сар. “Массимо” театрт
Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин Италийн Палермо хотын алдарт “Массимo” театрт дуулав. Э.Амартүвшинг дуурийн дуучин болох үндэс суурийг нь тавьсан мэргэжлийн багш, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Ерөө багш нь Ж.Вердийн “Риголетто” дуурийг үзжээ.
2019 оны хоёрдугаар сар. Италийн Торино хотын “Театро Рэжио”-д
Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч, дуучин Э.Амартүвшин Италийн Торино хотын “Театро Рэжио” театрын тайзнаа Ж.Вердийн сонгодог бүтээл болох “Риголетто” дуурийн гол дүрд дэлхийд данстай алдарт баритон Carlos Alvarez-ын хамт 4 удаа амжилттай тоглож дуусгасан баярт мэдээг өөрийн цахим хуудсаараа дамжуулан хүргэсэн.
Баритон хоолойтон маань уг тоглолтын дараагаар Италийн Пьяченца хотын театрт Ж.Пуччинигийн “Тоска” дуурийн Гүн Скарпьягийн дүрд дуулах юм байна.
2019 оны тавдугаар сард Австралийн Мельбурнд “Риголетто”-д тоглоно
Зуун жилийн түүхт дэлхийн дуурийн урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулж байгаа алтан хоолойтнуудын нэг Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин ирэх тавдугаар сард Австралийн Мельбурн хотын Улсын театрт “Риголетто” дуурьт тоглоно.
If you’re in Melbourne in May, don’t miss Mongolian baritone Amartuvshin Enkhbat as the lead in Rigoletto at the Arts Centre Melbourne, State Theatre. #OperaAustraliahttps://opera.org.au/whatson/events/rigoletto-melbourne …
Дэлхийн сонгодог урлагийн нэрийн хуудас болсон алдартай театруудын тайзнаа эх орныхоо нэрийг гарган байгаа тэрээр өдгөө ч Монголын Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин хэвээрээ юм.
Браво, Э.Амартүвшин.