ТӨӨГӨӨ & НЯМКА: БИД ХОЁР УДААН ҮЕРХЭЭГҮЙ Ч НЭГНЭЭ АМАРХАН ТАНЬЖ ЧАДСАН

53bfea5b953bbf9dffcadff56d748de2Төөгөө, Нямка хоёртой тэдний хайрын түүх болон гэр бүлийн талаарх үзэл бодлынх нь тухай ярилцсаныг хүлээн авна уу.
Өнөөдөр гэгээн хайрын баярын өдөр тохиож байна. Бид Валентины баярыг тохиолдуулан комедиан Б.Төгөлдөр болон түүний эхнэр Б.Нямсүрэнг ярилцлагын буландаа урьсан юм. Танилцаад 6 жил болж байгаа Төөгөө, Нямка хоёр Түшиг, Эгшиг, Хишиг нэртэй гурван хүүхдийн ээж аав болжээ. Ингээд Төөгөө, Нямка хоёртой тэдний хайрын түүх болон гэр бүлийн талаарх үзэл бодлынх нь тухай ярилцсаныг хүлээн авна уу.

-Та хоёртоо гэгээн хайрын баярын мэнд хүргэе. Энэ сайхан баярын өдөр манай уншигчидтай анх танилцсан түүхээсээ хуваалцана уу?

Б.Н: Би Москвагийн Санхүүгийн их сургуулийг төгсөж ирээд 2013 оны аравдугаар сард анх “Чингис хаан” банкинд нягтлан бодогчоор ажилд орсон. Тэр үед Төөгөө банкинд хамтын ажиллагааны менежер байсан юм. Ерөнхийдөө манайх “санхүүгийн” гэр бүл. Ороод удаагүй байсан болохоор мэдэхгүй зүйл байсан л даа. Нэг удаа дараа тайлангаа хийх гээд сайн мэддэггүй. Төөгөө зааж өгсөн. Тэгэхэд л анх танилцсан даа. Яг тэр үед Төөгөөг ямар пээдгэр залуу вэ гэж бодож байсан /инээв/. Удаагүй шинэ жил болоод Төөгөөтэй бүжиглэсэн.

Б.Т: Дараа тайлан хаах гэдэг нь эхлээд мөнгөө авч зарцуулчихаад дараа нь тайлангаа хаахыг хэлдэг юм. Би банкинд ороод 9 жил болчихсон учраас нэлээд туршлагатай, программ болон бусад зүйлс дээр яаж ажиллахыг мэднэ. Нэг удаа ажилтай яарч байхдаа дараа тайлан хаахыг Нямкад зааж өгч байсан. Тэгээд жаахан пээдгэр санагдсан байх. Миний хувьд хамгийн анх Нямкаг банкны хашаанд явж байхыг нь хараад энэ олон байгууллагын алинд нь ажилладаг юм бол, манай банкинд баймааргүй юм даа гэж бодож байсан. Олон байгууллага нэг дор байсан юм. Түүнээс хойш нэг их удалгүй манайд ажиллаж байгааг нь мэдсэн. Тэгээд л “За энэ миний эхнэр болно. Миний эхнэр болох байгаа юм, чааваас” гэж бодоод яаж танилцах, яах ийхээ бодож байтал шинэ жилийг зохион байгуулах комиссын дарга болчихсон. Тэр шинэ жилээр шинэ ажилтнуудыг бүжиглүүлэх ёстой байсан юм. Тэгэхээр нь би албаар партнероороо Нямкаг сонгочихсон. Тэгээд л бүжгээ давтаж оройтно. Гэрт нь хүргэж өгнө. Тактиктай.

Б.Н: Манай банкны шинэ жил 22-нд болоод, яг шинэ жилээр 12 дугаар сарын 31-нд нь Төөгөө зүрхэн хэлбэртэй бялуу өөрөө хийчихсэн хүрээд ирсэн, хөөрхөн. Дээр нь оросоор “Будь моей девушкой” (Миний охин болооч) гээд биччихсэн, он солигдох мөчид гуйж байсан. Тэгж л албан ёсоор үерхэж эхэлсэн.

Б.Т: Тэрнээс өмнө эргүүлэгдсэн /инээв/.

-Төөгөө банкинд ажиллаад 9 жил болсон байсан гэхээр Нямкагаас ах уу?

Б.Н: Бид хоёр 5 насны зөрүүтэй. Төөгөө надаас 5-аар ах. Тухайн үед би банкныхаа хамгийн залуухан нь байсан болохоор манайхан Төөгөөг “Их сэргэлэн, хамгийн залуухантай нь үерхчихлээ” гэдэг байсан.

-Төөгөө Нямкаг хараад “Энэ миний эхнэр болно доо” гэж бодсон гэсэн шүү дээ. Ийм зүйлийг зүгээр ч нэг бодохгүй байх. Эхнэрээ болох хүн мөн гэдгийг яаж мэдэрсэн бэ?

Б.Т: Нямкаг анх алхаж явааг нь харахад хөөрхөн санагдаад сэтгэл татагдсан юм. Ямар ч байсан танилцана гэж бодож байтал манайд ажилладаг болж таарсан. Тэгээд уулзах шалтаг гарахгүй байж байгаад түрүүн ярьдаг тайлан хийх далимаар нь танилцсан даа.

Б.Н: Төөгөө “Заяаны хань зам дээр гэдэг би чамайг анх банкны хашаан дотор явж байхыг чинь харсан” гэдэг юм. Эгчдээ түлхүүр өгөхөөр гүйж байхыг л харсан юм шиг байна лээ.

Б.Т: Би Нямкагийн араас “аймаар” гүйсэн. Нямка клирингийн нягтлан байсан болохоор цайндаа ч гарах завгүй. Ажил ихтэй. Би хоол унд зөөж их гүйсэн. Миний хувьд лав өмнө нь эмэгтэй хүний араас тэгж гүйсэн удаа байхгүй.

-Өөрийн тань хувьд Төөгөөг миний нөхөр, хань болох хүн мөн байна даа гэсэн бодол, итгэл хэрхэн төрсөн бэ?

Б.Н: Анх Төөгөөг пээдгэр залуу гэж боддог байснаа хэлсэн. Би тиймэрхүү залуучуудад дургүй л дээ. Тэгээд яг танилцаад, харилцаад үзсэн чинь наанаа л тийм харагдсан болохоос биш уг хүн нь буурь суурьтай гэдгийг нь мэдсэн. Надад ямар нэгэн асуудал тулгарлаа гэхэд Төөгөө хурдан зохицуулаад өгөх ч юмуу, аливаа зүйлийн арга эвийг сайн олох жишээний. Итгэж найдаж болох хүн шиг санагдсан. Тэгээд гэр бүл болбол зөв хүн юм байна гэж бодсон доо.

-Хосуудын дунд маргалдах үе байдаг. Үүнээс болж хоёр тийш болох хүмүүс байхад заримд нь илүү бат бөх харилцаа үүсэх, ойлголцох хүчин зүйл нь болдог. Та хоёрын хувьд маргалдаж, үл ойлголцохдоо хэрхэн асуудлаа шийддэг вэ?

Б.Н: Бид хоёрын хувьд богино хугацаанд үерхээд л гэр бүл болчихсон. Үерхээд удаагүй байхдаа жирэмсэн болсон учраас энгийн үерхлээс гэр бүлийн том асуудал руу шууд шилжчихсэн. Анхнаасаа л хүнд, томоохон асуудлуудыг хамтдаа шийдэж, даван туулчихсан болохоор гэр бүлийн харилцаа маань илүү бат бөх юм шиг санагддаг. Жижиг сажиг асуудал, “Чи надад хайртай юу, үгүй юу” гэх мэтээр маргалдаж, явган хэрүүл хийх шаардлага бид хоёрт байгаагүй. Маргалдахдаа би их эмоцитой л доо. Бөөн юм болно. Төөгөө болохоор хүлээцтэй, буурь суурьтай ханддаг. Намайг асаад намжсаны дараа ярилцах тохиолдол их. Ер нь маргаанаар чиний, миний зөв буруу гэдгийг олохоос илүүтэйгээр тухайн асуудлынхаа шийд, гарцыг олох нь чухал санагддаг.

Б.Т: Би ганц, хоёр удаа өөрийнх нь буруу гэдгийг яг баримттайгаар хэлж байсан. Ойлгоод болих үе байна. Маргаанд ялагч олно гэвэл хэзээ ч дуусахгүй. Яахав баримт, нотолгоо сайн байвал ялагч тодорч болно. Гэхдээ маргааны үеэр асах нь зөв. Доторх хамаг юмаа гаргаад, юу бодож байгааг нь хэн хэн нь сонсчих хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг нь дотроо гомдол тээгээд л яваад байвал хүндрээд аймаар юм болчихно.

Манай хадам аав ээж Дарханд, аав ээж хоёр дүүг төрүүлэхээр Солонгос явчихсан үеэр Түшиг төрсөн юм. Тухайн үед анхны жирэмслэлт байсан болохоор бид хоёр юу ч мэдэхгүй. Эмнэлэгт үзүүлсэн чинь тонус өгөөд зулбах нь гээд аймаар юм яриад байдаг. Аав ээж нар байхгүй, дагуулаад явах хүн олдохгүй. Их стресстсэн. Тийм болохоор яг хоёулахнаа бүхнийг гардан туулаад зан зангаа хурдан авалцсан. Үерхлийн давуу тал нь бие биенийгээ сайн таньж, салах нь салаад л нийлэх нь нийлдэг. Гэхдээ удаан үерхвэл дэмий. Би аливаа нэг үйл явдал болох ёстой бол болно, болохгүй бол яаж ч хичээсэн болохгүй гэдэгт итгэдэг.

-Хүмүүс хадмуутайгаа танилцахдаа сандарч мэгдээд хөглөх тохиолдол их. Та хоёр хадмуудтайгаа танилцсан дурсамжаа хуваалцаач?

Б.Н: 2014 онд цагаан сар эрт болж байсан. Нэгдүгээр сарын 30-нд болсон билүү дээ. Хадам ээж намайг хармаар л санагдсан юм шиг байна лээ. Төөгөө намайг дуудаад, цагаан сарынхаа бэлтгэлээ хийж байхад нь очоод төмс арилгаж, анх хадмуудтайгаа танилцсан. Цагаан сараар шинийн 3-нд очиж золгож байлаа. Манай ажил, хадмын гэр ойрхон болохоор намайг гэрээрээ орж гарч байхыг аав ээж хоёр захисан. Төөгөөгийн аав ээжтэй би нэлээд эрт танилцсан.

Бас нэг инээдтэй, сонин тохиолдол нь тухайн үед би энэ гэрийнхээ яг эсрэг талын айлд найзтайгаа байр түрээсэлж амьдардаг байсан. Төөгөө ч ирж очин бараг хамт амьдарсан л даа. Тэгээд бид хоёр тусдаа гарахаар байр хайсан чинь энэ байрыг олоод мэддэг, дээрээс нь их дурсамжтай байсан болохоор шууд авсан. Түрээсэлж амьдарсан байрныхаа хөрш болсон доо.

Б.Т: Хадмууд Дарханд байдаг болохоор албан ёсоор очиж танилцах төлөвлөгөөтэй байсан чинь Нямка тонус өгч өвдөөд хадам ээж хүрээд ирсэн. Ажлаас ороод иртэл ээж ирчихсэн “За, яах гэж байна” гээд сууж байсан. Би охинд нь хайртай, гэр бүл болж хамт амьдарна гэдэг учраа хэлж, ярилцаад танилцсан даа. Бид хоёр тэр үед баларсан юм аа. Хоёулаа мөөгөнд дуртай болохоор мөөгтэй хоол идээд байсан байхгүй юу. Юу ч мэдэхгүй. Тэгээд л тонус өгч, өвдөөд байсан юм билээ.

Б.Н: Эдний найз нь 4 хүүхэдтэй. Эхнэрийгээ төрөхөөр мөөгтэй шөл аваачиж өгдөг байсан байгаа юм. Сүүлд нь Төөгөө яагаад анзаараагүйгээ гайхаж байсан. Аав маань УБТЗ-д ажилладаг юм. Тухайн үед УБТЗ-ынхаа эмнэлэгт хэвтэж байсан чинь ээж “Нямка жирэмсэн гэнээ” гээд утсаар хэлтэл аав “Тийм байх ёсгүй” гээд утсаа тасалсан гэсэн /инээв/. Утасны цаанаас шоконд орсон байх л даа.

Б.Т: Тэгээд аавыг эмнэлгээс гаргахдаа танилцсан. Тэр өдөр аав надтай мэндлээд, машины ард суугаад өөр юу ч яриагүй. Дараа нь хамтдаа кино үзээд яваандаа гайгүй болсон. Хэн хэн нь аав ээжтэйгээ танилцсаныхаа дараа дөрөвдүгээр сард нь хоёр талын аав ээжээ уулзуулж, танилцуулаад тавдугаар сарын сүүлчээр гуйж, хадаг сүйгээ тавьсан түүхтэй.

-Анхны хүүхдээ өлгийдөж аваад, аав ээж болох мэдрэмж ямар байсан бэ?

Б.Т: Янзын шүү дээ. Нямка төрөх гэж зөндөө удсан болохоор хамаатнууд олуулаа очсон байсан. Яг төрөнгүүт нь электрон самбарт төрсөн эхийн нэр, хүүхдийн жинг нь бичээд гүйлгэдэг юм билээ. Түүнийг нь уншчихаад гайгүй байж байтал ээж “Баяр хүргэе миний хүү, аав болчихлоо. Үнсье” гэсэн чинь л сонин болчихсон. Машиндаа ганцаараа жаал уйлсан. Хамаатнуудынхаа дэргэд уйлж чадахгүй байсан юм. Хүүхдээ анх удаа гар дээрээ авахад л хамгийн торгон мэдрэмж төрдөг юм билээ. Эмнэлгээс гаргаад хамгийн эхлээд үнсмээр санагддаг. Үнсэх гэхээр нүүр нь цаана, өлгий нь наана. Тэгээд гэртээ ирээд үнссэн.

Б.Н: Төрөх эцсийн хугацаа 10 дугаар сарын 10 байсан чинь 7-нд нь бага зэрэг өвдөөд эмнэлэгт очтол шууд хэвтүүлчихсэн. Гурав хоног эмнэлэгт хэвтээд яг эцсийн хугацаа нь болоод төрсөн дөө. Тэр жилийн аравдугаар сарын 10-нд дашням, балжиннямтай намрын хамгийн сайн өдөр байсан. Сайн өдөр болохоор нь 10-ндаа төрчих юмсан гэсэн чинь Төөгөө “Тэгээд өмнө нь төрөхөөр болбол чи хавчаад байж байх юм уу” гэж байсан /инээв/

Хүүхдүүд маань хоёр, хоёр жилийн зайтай. 2014 оны аравдугаар сар, 2016 оны долдугаар сар, 2018 оны есдүгээр сард төрсөн. Бага нь одоо таван сартай. Анх Түшиг төрчихсний дараа хүүхдээ хараад гэртээ байх юм чинь ахиад хүүхэд гаргахаар шийдсэн. Том маань их тайван ч хүүхэд.

Б.Т: Түшиг төрсний дараа охинтой болоё гээд Эгшигийг зорьж олсон.

Б.Н: Хятад зурхай харж байгаад охинтой болсон шүү. Ээжийнх нь наснаас хамаараад хүү, охин олох магадлалыг нь хардаг юм байна лээ. Тэр жилийн 10, 11, 12 сард охин олох магадлалтай байсан болохоор аравдугаар сараас эхлээд л битүү үзсэн /инээв/. Ямар ч байсан аравдугаар сарын сүүлчээр охиноо олсон. Эмэгтэй хүн гэртээ удаан суухаар жоохон бухимдаад, ямар нэг зүйлээс хоцроод байгаа юм шиг санагддаг юм билээ. Тэгээд охиноо ой хүргээд ажилдаа орсон. 6, 7 сар ажиллаад гурав дахь хүүхдээ олсон. Улаанбаатарын утаанаас болоод ч тэр үү хүүхдүүд ханиад томуу хүрэх нь элбэг. Ажлаа гэх үү хүүхдээ гэх үү, их хэцүү. Тийм болохоор ажил хиймээр санагдсан ч хуулийнхаа дагуу хүүхдээ 3 нас хүртэл харчих нь зүгээр санагдсан.

-Нямка багаасаа Орост суурьшаад өсчихсөн болохоор орос хэв маягаар амьдардаг байх. Гэтэл нөхөр тань Монголдоо өссөн болохоор соёлын тал дээр зөрчил үүсдэг л байх. Энэ асуудлаа хэрхэн зохицуулдаг вэ?

Б.Н: Амьдралын хэв маягийн хувьд бид хоёр өөр. Наад захын идэж уух зүйлээс эхлээд ялгаа гардаг.

Б.Т: Манай хүн бүтэн сайн өдөр болгон өглөө гэр бүлээрээ ширээгээ тойроод цай ундаа уугаад сурчихсан. Би болохоор амралтын өдөр 12 цагт хүртэл унтаад сурчихсан зэргээс эхлээд өөр. Жишээлбэл, манайх нийслэл салатандаа хэзээ ч сонгино хийдэггүй байхад эднийх сонгино, вандуй хийнэ. Одоо хэн хэндээ дасаад, уусч байна. Би өглөөний цайгаа ууж дадаагүй байсан бол одоо өглөөний цайгаа заавал уудаг.

Б.Н: Би багаасаа өглөөний цайгаа уугаад сурчихсан учраас уухгүй бол ямар нэг юм дутуу юм шиг санагддаг. Уурлаж уцаарлах нь холгүй юм болдог. Өглөө босоод л гэрийнхэндээ өглөөний цайг нь бэлддэг. Одоо нийслэл салатаа ямар ч сонгино, вандуйгүй хийдэг болсон доо.

-Залуу хосуудад мөнгө хангалттай хүрэлцэхгүй үе байдаг шүү дээ. Мөнгө төгрөг бага байсан ч дурсамж дүүрэн тэмдэглэсэн баяр байдаг уу?

Б.Н: Ер нь Төөгөө хоол маш сайн хийдэг. Англид мастер хамгаалж байхдаа ресторанд ажилладаг байсан нь нөлөөлсөн байж магадгүй. Намайг хоолоор л найрсан байх. Би хоолонд их дуртай. Тухайн үед туранхай байсан ч гэсэн хоолонд их аппетиттай. Тийм болохоор ч юм уу Төөгөө надад төрөл бүрийн хоол хийж өгдөг байсан. Түшиг төрөөд удаагүй хэдхэн сартай байхад валентин болоод орж гарч ч чадахгүй. Төөгөө гоё хоол хийж өгөөд валентинаа тэмдэглэж байсан. Хоол хийх чинь бэлэгнээс илүү их сэтгэл, хөдөлмөр шаарддаг болохоор сайхан байдаг. Сүүлийн үед ажил ихтэй болохоор хоол бараг хийхгүй байгаа. Өнгөрсөн жил гэхэд 2, 3 удаа л хоол хийсэн /инээв/.

Б.Т: Би уг нь амралтын өдөр дандаа хоол хийдэг байсан л даа. Одоо цаг наргүй хувийн ажил хийгээд хажуугаар нь комеди хийж байгаа болохоор хоол хийх ч завгүй болчихоод байна. Нэг удаа мөнгө тааруухан хүүгийнхээ хадгаламжийг барьцаалаад зээл авч, төрсөн өдрийг нь тэмдэглэж байсан. Их тод санадаг юм. Тухайн үедээ “Хоёулаа хүүдээ өртэй болчихлоо. За яахав” гээд л ярьж байсан.

-Бие биенийхээ хамгийн их таалагддаг, сэтгэлийг нь татдаг зан чанар нь юу вэ?

Б.Т: Би лав өөрт нь шууд хэлчихдэг. Миний хайр ийм шүү, тийм шүү гээд. Эсвэл хүүхдүүдтэйгээ ярихдаа дайруулаад хэлэх тохиолдол ч байдаг. Манай гурван хүүхэд ээжийнхээ гурван занг авчихсан. Хамгийн бага нь огцом ааштай, том нь царайлаг, дундах нь эгдүүтэй.

Б.Н: Бага насны гурван хүүхэдтэй болохоор гэр үргэлж цэвэрхэн байхгүй. Тийм болохоор заримдаа цэвэрлэчихсэн үед Төөгөө орж ирээд “Хүүе миний хайр гэрээ ямар гоё цэвэрлээ вэ” гэдэг ч юмуу жижиг зүйл дээр ч дандаа урам зориг өгч, түүнийг анзаарч хардагт нь үнэхээр их баярладаг. Анх томыгоо төрүүлсний дараа хөл нэг хэсэг өвдөөд доглоод дээрээс нь үсээ хусуулчихсан болохоор доглон, халзан, мяраатай хүн боллоо. Тэр үед Төөгөө байнга “Миний хайр ёстой хөөрхөн харагдаж байна. Ёстой гоё байхгүй юу миний хайр” гэж хэлдэг. Тухайн үедээ юм хэлээгүй ч гэсэн тийм үгсийг сонсох бүртээ урамшдаг байсан. Гэр бүлээрээ машиндаа явж байхад Төөгөө харж байснаа гэнэт “Ёстой эгдүүтэй шүү” гэнэ. Миний байгаа байдал, үйлдлийг тэр дор нь хэлдэг нь хөөрхөн санагддаг. Ойрхон олон төрсөн надад итгэл өгч, урамшуулдагт нь дуртай.

-Хамтын амьдрал зохиогоод, үр хүүхэдтэй болохоор хүмүүсийн амьдрал их өөрчлөгддөг. Өмнө нь зөвхөн өөрийгөө болгож байхад хангалттай байсан бол эхнэр нөхөр, эцэг эх болохоор хариуцлага ч нэмэгдэнэ. Гэр бүлийн үнэ цэнэ юунд оршдог вэ?

Б.Т: Юугаар хэмжихээс л гэр бүлийн үнэ цэнэ тодорхойлогдоно. Надад ажлаа тараад гэртээ ороод ирэхэд үнэхээр гоё байдаг. Ажлаа хурдан дуусгаад ирэхийг бодно. Хүүхдүүдийнхээ захисан юмыг аваад ороод ирэхэд “Ааваа” гээл ирж үнсүүлээд, гүйлдээд байж байхыг хараад аз жаргалыг мэдэрдэг. Гол нь эрүүл байх хэрэгтэй. Хүүхдүүд өвдөх хэцүү.

Б.Н: Гэр бүлийн дулаан уур амьсгал хамгийн сайхан. Хүүхдүүдийн инээд цангинаад аавыгаа “ноолоод” байж байхыг харахад л аз жаргалтай санагддаг. Манай хоёр том сармагчин шиг аавыгаа зүгээр суулгахгүй. Би боль гэдэг ч аавд нь гоё байдаг юм шиг байна лээ.

Б.Т: Тэгэлгүй яах вэ. Ядарч ирээд хоёр томтойгоо ноцолдохоор амардаг шүү.

Б.Н: Хүмүүс хүнтэй суугаад хүүхэдтэй болчихвол болно гэж боддог. Гэхдээ өдөр бүхэн аз жаргалтай, амар сайхан байхгүй шүү дээ. Хүүхэд өвдөхөөс эхлээд янз бүрийн асуудал тулгарна. Тэр болгоныг хамтдаа даван туулж, шийдэж зохицуулж чадвал жинхэнэ гэр бүл болдог болов уу гэж боддог. Анх гэр бүл болоход үнэхээрийн амархан юм шиг л санадаг байжээ.

Б.Т: Ингэж амархнаар бодоод л залуучууд айл гэрдэж тоглоод байна. Энэ чинь pubg мэтийн компьютер тоглоом биш шүү дээ. Үхээд дахиж амилаад тоглоно гэсэн ойлголт байхгүй. Бид хоёр зөвлөгөө өгөх хэмжээний хүмүүс биш. Бодлоо л хуваалцъя. Хүмүүс залуу гэр бүл гэхээр 18, 19-тэй хосууд гэж ойлгох хандлагатай байдаг. Залуу гэр бүл гэдэг нь гэр бүл болоод 10-аас доош жил хамт амьдарсныг хэлэх болов уу. Жишээлбэл, 40 настай залуу гэр бүл болж болно. Бид хоёр ч гэсэн 5, 6 жил амьдарч байгаа залуу гэр бүл. Бидний үеийнхэн дунд “сингл мам”, “сингл дад” их болсон. Гэр бүл болно гэдэг маш том хариуцлага гэдгийг л ойлгох хэрэгтэй юм шиг санагддаг.

Б.Н: Бид хоёрын хувьд удаан үерхээгүй ч нэгнээ амархан таньж чадсан. Залуу хосуудыг жижиг асуудал тулгарангуут салах ч юмуу, сэтгэл хөдлөлөөр сууж, хүүхэдтэй болж хөнгөн хуумгай битгий хандаасай гэж хүсдэг. Хоёулахнаа байхад шал өөр. Харин хүүхэдтэй болоход асуудал өөрөөр эргэнэ. Тиймээс хэн хэн нь хариуцлагатай байгаасай гэж боддог. Хосын амьдрал өдөр бүр валентины баяр шиг, цэцэг сарнай шиг байдаггүй. Гэхдээ ийм өдрүүд олон байдаг учраас өдөр бүрийг л аз жаргалтай байлгахын төлөө л явах хэрэгтэй.

Б.Т: Нямкаг “Энэ миний эхнэр болно” гэж бодсон гэсэн дээ. Танилцаад, ярилцаад мэддэг болсны дараа би өөрөөсөө асуусан байхгүй юу. Энэ чиний эхнэр байх хүн мөн үү, чи энэ эмэгтэйд нөхөр нь байж чадах уу гэдгийг би өөрөөсөө асуусан. Тиймээс хүмүүст хандаж хэлэхэд “Би бэлэн үү” гэж өөрөөсөө сайн асуух хэрэгтэй. Түүнээс биш суугаад үзчихдэг юмуу гэсэн байдлаар хандах нь буруу л байх. Үнэхээр бэлэн биш бол гэр бүл зохиох хэрэггүй. Хүмүүс “Чи хүнтэй суухгүй юм уу, хөгширлөө. Хүүхэд чинь оройтлоо” гэж хэлэх хамаагүй. Эсвэл олон жил үерхсэн болохоор заавал тэр хүнтэйгээ суухгүй бол болохгүй гэж бодох ч өрөөсгөл санагддаг.

Б.Н: Бид хоёр богино хугацаанд үерхээд, гэр бүл болсон хэрнээ хоёулаа ярилцаж байж хүүхэдтэй болсон. Хүмүүс бид хоёрыг хүүхэдтэй болонгуутаа гэр бүл болсон байх гэж боддог ч байж магадгүй. Үнэн хэрэгтээ хүүхэдтэй болох уу, хэн хэндээ итгэлтэй байна уу гэдгээ маш сайн ярилцсаны үндсэн дээр хүүхэдтэй болж, нийлж байсан.

– Гэр бүлийнхээ хэтийн төлөвлөгөөнөөс хуваалцаач. Нууц биш бол дахиж хүүхэдтэй болох уу?

Б.Н: Би эхээс гурвуулаа болохоор гурван хүүхэдтэй байх нь боломжийн санагддаг. Төөгөө 4 гэхээр нь “за яахав дөрвөн хүүхэд” гэж хэлсэн л дээ. Яг одоогоор нэг хэсэгтээ завсарлаж байгаад 40 нас гараад төрүүлбэл зүгээр санагддаг. Одоохондоо 3 дараалаад төрсөн болохоор шантарчихсан байна. Манай ээж дүүг маань 40 настайдаа гаргаж байсан. Би эгчтэйгээ 6, дүүтэйгээ 13 насны зөрүүтэй. Эгч бид хоёр тусдаа гарсан ч дүү маань аав ээжтэй ханьтай байгаа болохоор амар санагддаг. Уйдахгүй шүү дээ. Тиймээс би бас хүүхдүүдээ нэлээд том болохоор нь 4 дэх хүүхдээ төрүүлье гэж боддог. Бид хоёртой ханьтай.

Б.Т: Одоохондоо би шахалт үзүүлэхгүй байгаа. Яваандаа болох байх. Би 6 хүүхэд л төсөөлчихсөн байгаа. Манай Нямка ихрийн удамтай болохоор ихэрлэчих юм бол бүр супер.

Гэр бүлээрээ Монголдоо байвал гоё л доо. Хөгжил цэцэглэлтэд нь хувь нэмэр оруулаад. Гэхдээ зулзагануудаа бодохоор гадагшаа гарчмаар байна. Утаа арилтал ч юмуу.

Б.Н: Миний хувьд багаасаа Орост өссөн болохоор зөвхөн Монголдоо гэсэн бодол байдаггүй. Гэхдээ Төөгөө гадаад руу явах нээх ч дуртай биш. Мастераа Лондонд хамгаалж байхад нь өвөө нь бурхан болоод гүн шарх үлдээсэн юм шиг байна лээ. Тийм болохоор харийн нутагт байхад нь дотнын хүмүүст нь ямар нэгэн зүйл тохиолдох вий гэсэн айдастай байдаг байж магадгүй. Анх нийлж байх үед “Ёстой явахгүй” гэдэг байсан. Одоо 3 хүүхэдтэй болчихоор утаа униар хүүхдэд яаж нөлөөлж, өвчин салахгүй байгааг мэдрээд энэ бодол нь өөрчлөгдөж л байна. Бага маань төрсний дараа 3-уулаа зэрэг өвдөөд бид хоёр галзуурахаа дөхсөн. Би багаа аваад эмнэлэгт, хоёр том нь гэрээр эмчилгээ хийлгэсэн. Ийм орчинд хүүхдүүдээ эрүүл саруул өсгөнө гэдэг л асуудал болчихоод байна даа.

Б.Т: Хүүхдүүд бүгд өвдөөд эхлэхээр бодсон л доо, эднийхээ эрүүл саруул өсөж торних, ирээдүйг нь бодвол хэдэн жилдээ гадаадад байвал зүгээр санагдсан. Хотод ханиагаад байгаа хүүхдүүд хөдөө өвөө эмээ дээрээ агаарт очихоороо зүгээр болчихож байгаа юм. Улаанбаатарын утаа хэцүү байна даа. Ямар ч байсан хүүхдүүдээ маш сайн хүмүүжүүлье л гэж бодож байна. Энэ поророгийн үеийнхнийг нийгэмшүүлж хүмүүжүүлээд бусдад төвөг уддаггүй, боловсон, дүрэм журмаа ягштал биелүүлдэг болгоё л гэж бодож байна. Миний эрх чиний эрхээр хязгаарлагдана гэдгийг л ойлгодог болгоно доо. Эд нарыг өсч том болох үед улс маань хөгжөөд сайхан болох байх. Поророгийн үеийнхэн л итгэл найдвар болж байна.

-Та хоёр валентинаа хэрхэн тэмдэглэх гэж байна вэ?

Б.Н: Баярын үеэр Төөгөө дандаа ажилтай байдаг юм. Ихэнхдээ баярын дараа өөрсдөө баяраа тэмдэглэдэг. Өнөөдөр Төөгөө “A-Sound”-ийн “Forever” тоглолтыг хөтөлнө. Ямар ч байсан хамтдаа “Forever” тоглолт үзнэ дээ.

-Урилга хүлээн авч илэн далангүй ярилцсан та хоёрт баярлалаа. Өргөө гэрт нь хүүхдийн дуу үргэлж цангинаж, хайр халамж, инээд баясалд умбаж явахыг хүсье.

Б.Т: Баярлалаа. Хосууддаа гэгээн хайрын баярын мэнд хүргэе!

ЭХ СУРВАЛЖ:UB.LIFE


ТӨӨГӨӨ & НЯМКА: БИД ХОЁР УДААН ҮЕРХЭЭГҮЙ Ч НЭГНЭЭ АМАРХАН ТАНЬЖ ЧАДСАН
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.