Нэг л эцгийн ариун урсгалаас үе залгаж ургасан болохоор
Нэг л ээжийн алтан хэвлийд үр нь болж бүрэлдсэн болохоор
Нэг л гэрийн халуун голомтыг тойрч хөлд орсон болохоор
Нэг л нэрийг хан хорвоод залж овоглосон болохоор
Зүс царай адил гэж андуурагдсан болохоор
Зан ааш ижил гэж эндүүрэгдсэн болохоор
Зөрүүд тэнэгхэн наснаасаа л сайдаж муудаж өссөн болохоор
Зүйргүй гомдлоо гэвч нулимсаа арчаад л инээдэг болохоор
Өлсөхийн цагт хэдхэн боорцогоо хувааж идсэн юм болохоор
Өвдөхийн цагт халуун сэтгэлээ дэвсэж тойглосон юм болохоор
Өнчрөл хагацлын дунд биесээ л түшиж үлдэх юм болохоор
Өөдөсхөн багаасаа л нэгнээ бараадаж ижилдсэн юм болохоор
Тоостой нүүрээ угаацгаан баярын дэнжээр гүйсэн юм болохоор
Тоонотой гэрээ дүүргэн зөнгөөрөө шуугилдаж жаргасан юм болохоор
Нэг л хүний тэргүүн дээр цуглаж уйлах юм болохоор
Нэхэл хатуу орчлонг хамтдаа туулах юм болохоор
Үес үесхэн бодоод л үгүйлж санадаг юм болохоор
Үсэн буурал боллоо ч эгч минь дүү минь гэдэг юм болохоор
Салаад явъя гэвч сэтгэл нь урсаж холбох
Сарниад одъё гэвч голомт нь дуудаж цуглуулах аргамжаатай улсаа бид