Хэдхэн сарын дараа та хоёр өөрсдийн бяцхан үрийг гар дээрээ тэврэн авах гэж байна. Гэтэл хайрт чинь нэг л сандраад юу хийхээ мэдэхгүй байдаг. Аргагүй дээ. Тэр өмнө нь аав болж үзээгүй шүү дээ. Тэгээд ч судалгаанаас үзэхэд анхны хүүхдээ өлгийдэн авах гэж буй хосуудын нөхөр нь илүү сандарч догдолдог байна. Тиймээс шинэхэн аавуудыг хэрхэн бэлдэх талаар бяцхан зөвлөмж бэлдлээ.
– Боломжийнхоо хэрээр унтаж амар. Түр дугхийгээд нойроо авчихаж сурах хэрэгтэй. Ирэх саруудад та хоёр тийм ч сайн унтах боломж олдохгүй. Тиймээс өдөр нойр хүрэх үед аль болох нөхөртэйгөө цуг унтаж байгаарай.
– Хайрттайгаа хамт хүүхдийн өрөөгөө тохижуул. Анхны ЭХО-гийн зургаас авахуулаад хүүхэдтэй холбоотой бүх зүйлд хамтдаа яв. Ингэснээр тэр үүрэг, хариуцлагыг биеэрээ мэдэрч, ойлгох болно.
– Живх солих, хүүхдийг тайвшруулах, өлгийдөх зэрэг энгийн зүйлсийн талаар видео бичлэг үзэж, хамтдаа хүүхэлдэйн дээр туршилт хийж үзээрэй. Найзынхаа хүүхдийг хамтдаа харж өнжсөн ч болно.
– Хүүхдийнхээ талаар хамтдаа ярилц. Хүүхэддээ хэдэн настайд нь юунд сургах, яаж хүмүүжүүлэх, ирээдүйд ямар хүн болгохын төлөө хоёул хичээх гээд л…
– Зөвхөн хоорондоо биш хэвлий дэх хүүхэдтэйгээ ч гэсэн ярилц. “Аав нь гэртээ ирлээ. Миний үр сайн уу, өнөөдөр ээжтэйгээ юу хийсэн бэ” гэх мэт хүүхэдтэйгээ ярилцахыг нөхөртөө санал болго. Унтахын өмнө хүүхэддээ бүүвэйн дуу дуулж өгөхийг хүс. Хүүхэд аавынхаа дуу хоолойг таньж байвал энэ талаар заавал хэлээрэй.
– Нөхрийнхөө найзуудад өөрийгөө бие давхар болсон гэдгий мэдэгд. Өөрөөр хэлбэл найз нь дуудсан цаг бүрт нь очиж, гэртээ оройтож харих боломжгүй болсон гэдгийг хэлэх нь зүйтэй.
– Чи ганцаараа биш. Тийм учраас хүүхдийн талаар санаа зовниж байгаа болон сонирхож байгаа бүх зүйлээ нөхөртэйгээ хуваалц. Хамтдаа тэр талаар мэдээлэл уншиж, ярилц
– Нөхрийн чинь найзууд дунд хүүхэдтэй хүн байгаа бол тэр хоёрыг уулзаж туршлагаасаа ярилцахыг хүсч болно. Мэдээж аав хүнээс авах зөвлөгөө илүү бодит хэрэгцээтэй байна шүү дээ. Манай сайтыг нууцаар уншиж байгаа туршлагатай аавууд байвал сэтгэгдлээрээ бүсгүйчүүдэд маань зөвлөж болно шүү.