Хүчирхэг эмэгтэй…

495
Мартын найман ч дөхөж, магтахын аргагүй хүчирхэг монгол бүсгүйчүүдийнхээ талаар тав арван урмын үг унагахгүй байхын аргагүй. Хүчирхэг эмэгтэй гэж орчин үеийн ойлголтоор хариуцлагатай, биеэ даасан, алсын хараатай, зарчимч бүсгүйг хэлдэг ч миний бодлоор түүнээс гадна гол нь шударга хөдөлмөрч дайчин шинжийг өөртөө агуулсан сэтгэлийн тэнхээтэй хат суусан хатан ухаант өгөөмөр сэтгэлт нэгнийг бас хэлэх болов уу.
Тухайлбал, алс газраас гахай чирч ганзага эрхэлж өрх гэр үр хүүхдээ хүний дайтай аваад явж байгаа Завхан Ургамал суманд найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг миний ууган эгч Ролмаа шиг өрх толгойлсон мянга мянган хүчирхэг хөдөлмөрч монгол эмэгтэйчүүдийг хэлнэ. Мөн миний удаах эгч Цагаанхүү шиг мал аж ахуй газар тариаланг хослуулж аймаг сумын аварга эко ногоочин мянгат малчин ахмад  багш ач гуч нарынхаа сурган хүмүүжүүлэгч болсон дайчин монгол хүчирхэг эмэгтэйчүүд  захаас аван байгаа.
Хүчирхэг эмэгтэй гэхээр заавал тэр амжилттай яваа улс төрч  бизнес эрхлэгч эмэгтэй гэлтгүй миний хүргэн ах МУГЖ Алтан-Өлзийн гэргий миний зулайг гишгэж төрсөн Нансал эгч шиг хүний өөрийн хойдох урдахын ч хамаагүй бүгдийг хайрлаж хамгаалж асарч хооллож ундаалж байдаг өрх гэрээ  үргэлж босгож  аварч авч үлдэж чаддаг амьдралд нугарч үзээгүй сэтгэлийн тэнхээтэй хат суусан хатан ухаант өгөөмөр сэтгэлт үй олон монгол бүсгүйчүүдийг бас хэлэх болов уу.
Хүчирхэг эмэгтэй гэж  хэн ч хэлээгүй гуйгаагүй байхад өмнүүр нь орж ядарсан нэгнийг өмгөөлөх сэтгэлтэй, задарсан нэгнийг заамддаг зоригтой, тухайлбал Сангийн сайд асан Баярцогтын балагийг Швейцарын банкнаас ганцаараа очоод ухаад гаргаад ирдэг Байгаль орчны хуульч өмгөөлөгч Ц.Туяацэцэг шиг, эсвэл саяхан талбай дээр Их хурлын даргыг огцруулахаар өчнөөн хоног өлсгөлөн зарлаад зорьсондоо хүрдэг Хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Х.Оюунцэцэг нарыг дурдаж болно. Эдгээр иргэний нийгмийн төлөөлөл дуу хоолой болсон шударга ёсны төлөө хот хөдөөгүй хориод жил тэмцэж байгаа хүчирхэг шударга эмэгтэйчүүддээ Бат-Үүлийн оронд Баатар өгөхөд ч болохгүй юмгүй.
Мэдээлийн эрин зууны үед сошиал ертөнцийг байлдан дагуулж чаддаг цэнхэрт үст Цэрэн ч хүчирхэг эмэгтэй, түүнтэй тэрсэлдээд байсан Боловсролын яамны газрын дарга асан Баавгайн Насанбаяр ч хүчирхэг эмэгтэй. Насанбаярын хувьд миний бие нүүр учирч уулзаагүй ч Завхан Ургамал нутгийнх болохоор нь удам судар аав ээжийг нь арван хуруу шигээ мэддэгийн хувьд ямар ч гэсэн муу хүн байхын аргагүй, ямартаа  Боловсролын яамны Стратегийн газрын дарга гэдэг хир баргын сул дорой эмэгтэйн хийдэггүй ажлыг хэдэн жил хашсаар ирсэн болохоор  бас л манай монголын хүчирхэг эмэгтэйн нэгээр төсөөлдөг /зураг дээр/.
Насанбаярын аав Баавгай заан гэж ёстой нэрэндээ таарсан баавгай шиг хүчирхэг том биетэй хүдэр сайхан эр насаараа тээврийн тэрэгний жолоо мушгисан аймаг сумандаа алдартай заан цолтой бөх тэх хүн бий. Насанбаярын өвөө аав нь намайг багаа байхад Халтар Лайлаа хэмээх нутаг усандаа хамгийн нэр хүндтэй улаан ЯВА унасан Улсын тэргүүний ухуулагч цолтой хүний дээд сайхан хүн байсан.
Өнөөдөр бидний хоёр монгол нь ч хоорондоо, хошуу нутгаараа ч хоорондоо, хоёр нам нь ч хоорондоо үзэлцээд байдаг нь цаанаа их нарийн учиртай.  Монгол хүн тэнгэрээс заяасан хүчирхэг үндэстэн учраас найман зууны тэртээ монголчуудын хүч чадал оюун билэг Гурван голын эх Хан Хэнтийн уулсын амандаа багтахаа байгаад гадагшаа зад тавигдан тэлсээр дэлхийг эзэлсэн түүхтэй. Оросын агуу эрдэмтэн Лев Гумилев хэлэхдээ Монголчууд бол дэлхийн агаар мандлыг нэвтлэн орж ирсэн сансрын туяаны нөлөөлөлд орж удамшлын хувирал болсон гайхамшигт хүмүүс гэж  хэлсэн нь зүгээр нэг дэмий сул үг биш.
Өнөөдөр барууны судлаачид биеийн болон оюуны асар өндөр удамшлын  потенциалтай монголчуудын түүхийн эрин үе дахин давтагдаж ирээдүйд дахин хүчрэгдэхээ байж мэдэх, дэлхийг эзлэх магадлалтай байгааг тогтоосноор их гүрнүүд биднийг дотоод хооронд нь алалцуулах барын зулзагыг бага дээр нь гэсэн бодлогыг баримтлаж байгааг үгүйсгэхгүй. Үүний наад захын жишээ гэхэд хоёрхон сая монголчууд дэлхийн бөх сумо мэргэжлийн бокс зэрэг хүчний ертөнцөд эр эмгүй цахиур хагалж, оюуны ертөнцийн олиппиад тэмцээний медалийн 90 хувийг хуу хамж монгол хүн хүч түрүүчээсээ гадагшаа гараад эхэлснээс харж болно. Тиймээс бид дээр доргүй эр эмгүй өөр хоорондоо эвтэй найртай байж эрч хүчээ хямгадаж тив дэлхийг тахир сэлмэээрээ эзэлсэн шигээ тархи оюунаараа дахин эзэмдэх тэр юманд нь тэр багтаж ядаад байгаа эрч хүчээ зориулах нь зүйтэй.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

Хүчирхэг эмэгтэй…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.