Би бол чононд дурласан хонь. Тэгэхдээ бүр анхны харцаар. Ээж минь хориглож байсан ч, өдөр бүр чамайг харахын тулд сүрэг лүү чинь дөхөн очдог байлаа. Нэг л мэдэхнээ амьдрал минь цаг минутаар биш, чамайг харах агшинаар хэмжигддэг болсон. Дэргэд чи байхгүй үед, дэлхий ертөнцийн цаг надад үйлчлэхээ больж, би бороо шороонд ажирдаггүй хад чулуу болон хувирдаг болчихсон байлаа.
Мэдээж тэр ч бас надад дурласан. Магадгүй маханд минь гэвэл илүү онох байх. Түүнтэй байхад надад “жаргалтай” байсаан. Түүний үзэсгэлэнтэй хурц соёогоор хүзүүгээ тас мэрүүлж, өршөөхийг үл мэдэх улангассан нүдийг нь ширтэж суух надад сайхан байсан.
Хэдий тийм байсан ч би чамайг орхин одох ёстой гэдгээ ойлгосон. Би үхлээс айгаагүй ээ. Чиний тэвэрт чинь биш юм гэхэд ходоонд чинь хэвтэж байвал би баярлах байсан тэр үед. Учир нь би чамд ухаангүй дурласан шүү дээ. Гэхдээ юу гээч? Би нэг л зүйлээс айсан. Намайг хэдэн хэсэг тасар татан хаясныхаа дараа цувсан тархины минь дундаас “чамд хайртай” гэсэн гунигаар дүүрэн харцыг минь олж хараад айж цочихвий гэхээс, тэгээд магадгүй үлдсэн амьдралдаа өөр юу ч идэхгүй гэж өөртөө тангараглан өлбөрч үхнэ гэж шийдэхвий гэхээс айсан юм.
Үүрнээс чинь зугтсан тэр шөнө хүйтэн байсан. Салхинд туугдаж, нөмөр газар эрж явахдаа чинийх шиг дулаан амьсгал энэ дэлхийн өөр хаана ч байдаггүй юм байна гэдгийг ойлгох тоолондоо сөхөрч унан, бяцхан хурга шиг майлж явлаа.
Харин одоо бол би жирийн л нэг хонь. Хэзээ нэг өдөр хэн нэгэнд дурлана. Гэхдээ чононд биш хонинд дурлана…
Бичээч : Сантьяго