Яавал өндөр болох вэ?

801

Хүмүүс яагаад ч юм өндөр, нуруулаг нэгнийгээ илүү эрүүл, ухаалаг, царайлаг гэж үздэг. Энэ ч үнэний ортой байж болох юм. Учир нь тухайн хүний өндөр гэдэг генийх нь онцлогийг бүрдүүлж өгсөн өвөг дээдэс нь яаж хооллож, ундлаж байсан, тухайн хүн өөрөө хүүхэд насандаа яаж хооллож байснаас ихээхэн хамаардаг.

Харин хоол хүнс олж, гэдэс цатгалан явах чадвар нь олон мянгын жилийн тэртээнээс л хүний ухаан, хүч, самбаатай холбоотой байсаар ирсэн.

Орчин үеийн судлаачид хүний өндөрийг оюун ухааны түвшинээс эхлээд урт наслалт хүртэл маш олон зүйлтэй нь харьцуулан судлаж үзжээ. Ингэхэд эрүүл мэнд ба урт наслалт нь хүний биеийн өндөртэй ямар нэг нарийн хамааралгүй болох нь тогтоогджээ.Нөгөө талаас өндөр хүмүүсийн оюун ухааны дундаж түвшин нь арай илүү байдгийг баталжээ. Гэвч энэ мөн л шууд хамааралгүй харьцангуй зүйл. Өндөр хүн болгон заавал илүү ухаантай байх албаггүй. Жишээлэхэд, Европыг бараг бүхэлд нь шахуу байлдан дагуулсан Наполеон жанжин 155 см өндөртэй байсан байх юм. Хятад маягийн зах зээлийн социализм гээчийн санаачилсан Дэн Сяопин мөн л 155 см өндөртэй байжээ.

Гэхдээ ямар ч л байлаа гэсэн нуруу өндөр нь хүний өөрийн үнэлэмжинд нөлөөлдөг нь гарцаагүй. Үүний нэг жишээ нь Шведэд хийгдсэн судалгааны үр дүн юм. Энэ судалгаагаар эрдэмтэд 18-49 насны 1 299 177 швед эрчүүдийн биеийн өгөгдлүүдийг судлаж үзээд биеийн өндөр 5 см-аар багасах нь амиар хорлох эрсдлийг 9% нэмэгдүүлдэг бөгөөд амиа хорлолтын давтамжийн тоогоороо намхан эрчүүд нь өндөр эрэгтэйчүүдээс хоёр дахин илүү байгааг тогтоожээ.

Хүний өсөлтийг дааврын хэд хэдэн систем зохицуулж байдаг. Өсөлтийг шууд өдөөдөг даавар нь өнчин тархины соматропин нэртэй даавар юм. Энэ дааврыг өсөлтийн гормон ч гэж нэрлэдэг. Соматропин нь амьдралын тушид тасралтгүй ялгаруулагддаг ч оргил үе нь өсвөр насанд таардаг. Үүнээс хойш ялгаруулалт нь аажмаар багасна. Үүнээс гадна соматропин нь өөртэй төстэй үйлчилгээ үзүүлдэг инсулин төст өсөлтийн фактор-1 гэгчийн ялгаралтыг өдөөж өгдөг.

Урт гэж нэрлэгддэг яснууд уртассаны улмаас хүний өндөр нэмэгддэг. Хүүхдүүдэд энэхүү урт усны төгсгөл хэсэг нь ясны бус харин мөгөөрсийн эдээс /өсөлтийн бүс /тогтож байдаг. Эдгээр мөгөөрс нь соматропин, инсулин төст өсөлтийн фактор-1 гэсэн даавруудын нөлөөгөөр ургаж яс уртасч, хүн өндөр болно. Цаашлаад мөн эдгээр дааврын нөлөөгөөр хүний биеийн бусад эд, эрхтэнүүд адил харьцаатайгаар ургаж байдаг.

Энэхүү мөгөөрсийн эд нь аажмаар ясны эдээр солигдоход өсөлтийн явц зогсоно. Ингэсний дараа соматропин г.м. дааврыг яаж ч хийгээд хүн өсөхгүй. Энэ эрэгтэй хүнд 23-25 насанд, эмэгтэй хүнд 21-23 насанд тохиолддог.

Гормон буюу даавар нь хүнийг өндөр л болгодог гэвэл эндүүрэл болно. Жишээлэхэд, хүүхдэд бамбай булчирхай даавар, эсвэл бэлгийн даавар хэт хэмжээгээр ялгарах нь бэлгийн бойжилт эрт явагдаж, өсөлтийн бүс нь эрт ясжиснаар намхан болгодог. Кортикостероид дааврыг тогтмол хэрэглэх нь мөн адил нөлөө үзүүлнэ.

Гэтэл хүн болгонд гормон ялгараад байдаг атлаа хүмүүс өндөр нам байдаг. Яагаадаг ийм байдаг юм бол? Яагаад гэвэл удамшил, хооллолт, стресс гэсэн гурван хүчин зүйлээс хүний өндөр хамаардаг юм байна. Өөрөөр хэлбэл өсөлтийн тодорхой хэмжээ нь хүн болгонд байдаг бөгөөд энэ хэмжээндээ хүрэх эсэхийг хүүхэд насан дахь хооллолт, өвчин эмгэг, стресс, байгалийн хүчин зүйл зэрэг нь нөлөөлдөг.

Үүнийг амьдрал дээр бэлэхнээ харж болно. Өнөөдөр Улаанбаатар хотын гудамжинд гарахад л залуучуудын дундаж өндөр нь эрс нэмэгдсэн нь нүдэнд шууд тусна. Цаашилбал, Европ, АНУ –ын оршин суугчдын дундаж өндөр нь Ази, Африкийнхнаас илүү байдаг.

Ингээд эцэст нь яавал өндөр болж болох талаар хэдэн зөвлөгөө өгье.

Дээр хэлсэнчлэн ясны төгсгөл ясжаад дууссан л бол ямар ч эм, бэлдмэл уугаад өсөхгүй. Иймээс элдэв хоосон амлалтанд хууртаж хамаагүй эм, бэлдмэл уувал хордоно уу гэхээс өсөхгүй. Нас бие гүйцсэн хүн хамаагүй гормон уувал толгой, сарвуу,тавхай нь хэт томордог акромегали нэртэй өвчин үүсэх аюултай.

Харин тусгайлан боловсруулсан гимнастик, төхөөрөмжүүд нь нуруу, хөлийн үеийг бага зэрэг сунгах замаар хүний өндөр болгож чадна. Гэхдээ энэ нь мэдээж хязгаартай. Нэгд гэвэл ийм аргаар өсөх боломж нь хүн болгон ялгаатай, хоёрт нь нийт өндрийн 1-2%-иас илүү өсөх нь өдрийн од шиг цөөн.

Үүнээс гадна мэс заслын аргаар хөлийг уртасган өндөр болгох арга байдаг. Энэ арга нь үр дүн сайтай ч маш үнэтэй, ярвигтай. Хүний шилбэний ясыг янз бүрийн түвшинд нь хөрөөддөг. Дараа нь Илизаровын аппараатаар хөрөөдсөн хэсгүүдийг холбоно. Үүний дараа ясыг бороолохын хэрээ хоорондынх нь зайг өдөрт 0,75-1мм-ээр холдуулж өгнө. Ингэхэд ясны ургаж байгаа бороо нь хөрөөдөгдсөн хэсгүүд хоорондын зайг бөглөх замаар ясыг уртасгана. Энэ тун их хугацаа шаардсан үйл явц нь мэдээж. 5-6 см өсөхийн тулд 5-7 сар хөлөндөө аппараттай явнаа. Хэрэв хүсвэл ийм аргаар 7-8 см хүртэл өсөх боломжтой.

Эх сурвалж: 103.mn


Яавал өндөр болох вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.