Г.Урнаа: Ахмад үе гэдэг бол ажил, амьдралын хамгийн том багш

hrtМУГЖ Г.Урнаатай ярилцлаа.


-Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” зохиол болох “Бүсгүйн зурвас” жүжиг саяхан нээлтээ хийлээ. Энэхүү уран бүтээлийн талаар яриагаа эхэлье…

-Энэ зохиолыг хэдэн жилийн өмнө уншаад жүжиг хийвэл гоё юм гэж Жагаатайгаа ярьж байлаа. Учир нь жүжигчин хүний ур чадвар шаардсан гоё дүртэй байсан юм. Тоглолт маань үзэгчдэд амжилттай хүрч байна. Уран сайхан дотоод хяналт зэргээрээ маш өндөр үнэлэгдсэн. Жүжигчдийн ур чадварыг сайшаан магтсан их сайхан уран бүтээл боллоо. Үзэгчид биднийг маш сайхнаар хүлээж авч байгаад баяртай байгаа. Ямар ч жүжигчин хүн ур чадвараа харуулсан, боргилсон дүртэй жүжигт тоглохыг хүсдэг.

-Энэхүү бүтээлд таны бүтээсэн дүр, нийгэмд хэлэх санаа их чухал санагдсан?

-Миний дүрээр юу илэрхийлэгдэж байна гэхээр өнөөгийн нийгмийн гэр бүлийн харилцааг тод томруунаар хөндсөнд байгаа юм. Гэр бүлийн салалт их байгаагаас олон хүүхэд өнчирч байна. Эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ буруу харьцаж байна. Энэ бүхнийг л жүжгээрээ ингэж болохгүй юм шүү гэдгийг харуулахыг зорилоо. Нэг талаараа гэр бүлээ, нөхрөө авч үлдсэн эмэгтэй хүний ухаан, хат, тэсвэр тэвчээрийг харуулсан дүр. Миний хэлж байгаа үг бүр үнэтэй санагдаж байгаа. Би сайн, муу аль ч дүрд тоглож байлаа. “Лусын дагина”-ы далайн шуламын дүрд хүртэл тоглож байлаа шүү дээ. “Суудал” жүжгийн Өрлөг эхийн дүр гэхэд л их хурц ширүүн. Эрдэнэбулган гуай дуулалт кино хийж “Учиртай гурав”-ын Хоролмаагийн дүрд ч тоглож байлаа. Харин эерэг талын дүрүүд гэх Үнсгэлжин, Жульетта, Стелла зэрэг их сайхан дүрүүд бий. Гадаадын хоёр гурван ч кинонд тоглосон. Би Өүлэн ээжийн дүрийг бүтээж миний хүү Тэмүүжинд нь тоглож байлаа. Тэр кинонд Өүлэн ээжийг яг л байгаагаар нь бодит, гоёл чимэглэлгүй энгийн талаас нь гаргадаг. Хамгийн сүүлд л гэхэд Солонгосын нэг кинонд тоглочихоод байна даа.

-Та театрт 30 гаруй жил ажиллачихлаа. Тайз, дэлгэцийн бүтээлд олон дүр бүтээсэн. Багш нарынхаа талаар дурсахгүй юу. Алтан үеийнхнээ дурсвал?

-Театртаа тасралтгүй 32 жил ажиллаж байна. Театр маань миний гэр минь л болчихсон. Жагаа бид хоёр Москва хотын театр урлагийн сургуульд хамт сурч байсан. Тэнд сурч байхдаа дөрвөн мэргэжлийн багштай байлаа. Манай бүжгийн багш еврей үндэстэн байсан л даа. Хичээл заахынхаа хажуугаар амьдралын олон зүйлийг заадаг байсан юм. Бид хоёрт маш олон зүйл захина. Анхнаасаа л нэгнээ сонгосон бол насан туршдаа хамтдаа байхын төлөө явах ёстой. Хэрвээ амьдралдаа алдвал ахиад л эхэлнэ. Аливаа зүйлсийг дандаа эхлүүлэх биш, үргэлжлүүлэх нь чухал шүү гээд л гэртээ аваачиж байгаад л ярьдаг сан. Эдгээр багшийн маань хэлж захисан, сургасан зүйлс амьдралд маань их нөлөөлсөн. Театрт анх ороход МУАЖ Д.Мэндбаяр эгч тосч авч байлаа. МУАЖ П.Цэрэндагва ах хоёулаа дүр болгон дээр хэлж, ярьж дэм өгдөг байсан. Би ээжээсээ наймдугаар ангидаа хагацаж байсан юм. Тийм болохоор Мэндээ эгч ээж шиг минь санагддаг, сэтгэлдээ ээж шигээ хардаг байлаа. Дотроо их хайрлана. Мөн МУГЖ Б.Тунгалаг эгч маань байна. Театрт анх хөл тавьснаас авахуулаад өдийг хүртэл амьдралд минь хамгаас их түшиг болдог хүн. МУАЖ Г.Мягмарнаран ах маань байна. Их тийм залуу сэтгэлгээтэй. Долгорсүрэн, Эрдэнэтогтох нарыгаа их хүндэлж явдаг. Дөнгөж театрын босгоор алхаж байхад Долгорсүрэн л ихэвчлэн жүжигт тоглодог байлаа. Дэлгэцээр гарах Танягаасаа авахуулаад л дэлгэцийн жүжигт Долгорсүрэн тоглоно. 1982 онд төгсөх үед жүжигчдийн календарь сугалуулж байлаа. Тэгэхэд МУАЖ Т.Хандсүрэн гуайг сугалж байсан юм. Зургийг нь хараад л яг ийм мундаг жүжигчин болно гэж боддог байлаа. Одоо ч миний альбомын хамгийн эхэнд тэр хүний зураг байдаг. Ахмад үеийн МУГЖ Т.Цэвээнжав, МУАЖ Л.Жамсранжав, Г.Гомбосүрэн гуайтай олон сайхан дүрүүдэд тоглож байлаа. МУАЖ Л.Цогзолмаа гуайтай хүртэл хамтарч ажиллаж байлаа шүү дээ. Эртний театрынхантай хамтарч жүжгэнд нь тоглодог байлаа. Эртний театрынхан өөр өөрсдөө хоолоо бэлдээд ирчихдэг, тэгээд тойрч суугаад л тэднээс сургаал сонсоно. Би урлагийн гэр бүлд өссөн л дөө. Миний аав балетчин, ээж маань дуурийн дуучин байсан. Миний ах нар бүгдээрээ бүжигчид. Би Дуурийн теарт хэлд орсон цагаасаа л өссөн. Бүхий л балет, дуурийг үзсэн дээ. Тэр үеийн МУАЖ О.Ганбаатар, МУГЖ Л.Лхасүрэн гуай гээд бүгдийг нь мэднэ. МУГЖ Г.Готов гуай, нэрт жүжигчин Ж.Занабазар гуай, МУГЖ П.Цэвэлсэн гуайг ч таньдаг байлаа. Агуу МУАЖ С.Гэндэн гуай намайг жоохон байхад аавтай гэрт орж ирээд ганц юм хундагалаад л сууж байдаг байлаа. Ахмад үе гэдэг ажил, амьдралын хамгийн том багш юм даа.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Г.Урнаа: Ахмад үе гэдэг бол ажил, амьдралын хамгийн том багш
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.