Дугуйн спортоор хичээллэх, эсвэл фитнессийн дугуйн төхөөрөмж дээр бие халаалт хийх , орой зугаалахдаа унахын аль нь ч байж болно л доо. Дугуйг ямар нэг байдлаар л унаж байх нь ямар ашигтай болохыг энд жагсаалаа.
1. Дугуй унах нь бусад бүх дасгалын адил зүрхийг фитнесс хийлгэж, венийн судасны өвчнөөс сэргийлдэг.
2.Бид нарт хөл гуяны дасгал гээд л зааж өгч хийлгэхдээ дугуй унаж байгаа мэт хөдөлгөөн хийлгээд байдаг даа? Ялангуяа биеийн доод хэсгийн булчин болох гуя, шилбэ, нурууны булчин чангарч өгдөг. Дугуй унаад л байвал цулцгар биш хатуу, гоолиг гуя, хотгор нуруутай болно. Болж өгвөл дугуй унаж байхдаа нуруугаа аль болох хотойлгож байгаарай. Мөн ташаа, өвдөг зэрэг үе хэсгээр гэмтэлтэй бол дугуй унах нь хөнгөн маягийн эмчилгээ болдгоороо давуу талтай.
3. Хэрэв гүйх чамд таалагдахгүй байвал, дугуй унахыг фитнессийнхээ өмнөх бие халаалтаар сонгож болно. Дугуй нь гүйхээс дутуугүй калори шатаадаг бөгөөд, хэрэв суудал дээрээ биеэ цэх, гэдгэр байлгаж зөв хийвэл хэвлийн булчинг ч чангалж өгдөг. Жин хасах зорилгоор дугуй унах гэж байгаа бол жирийн үеийнхээс хурдасгаарай. Бодисын солилцоо сайжирснаар ходоод эрүүл байж тэр хэсгийн өөхлөлт багасдаг.
4. Зайсан руу өгсөөд буусан ч “ёох” гэдэг үг амнаасаа унагадаггүй цоглог эмээ байхад чинь тогтмол дугуй унах туслах болно. Дугуй нь нас уртасгадаг.
5. Бүжиглэж сурахыг хүсдэг ч, хөл гар хоёроо зэрэг хөдөлгөж чаддаггүй бол дугуй унаад үзээрэй. Гар хөл хоёрынхоо учрыг олчихоод, дээрээс нь илүүдэл жингээ хасчихаад салса үдэшлэгүүдэд явж байна гээд төсөөл дөө?
6. Дугуй унах нь сэтгэл зүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдгийг Японы Байгаль орчин, эрүүл мэндийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. 670 хүнээс авсан судалгаа худлаа хэлэхгүй л байх. Нар ээсэн дулаахан өглөө бүлээхэн салхи татуулан дугуйгаар зугаалахад сэтгэл санаа яаж өвдөх билээ дээ тийм үү? Эргэн тойрноо харах нүд чинь машины цонхоор хайрцаглагдахгүй, дугуйгаар аялаж байхдаа бүхнийг тод, бас уужуугаар харан давхих болно. Мөн дугуйчдын клуб, бүлгүүдэд нэгдэж олон танил найз нөхөдтэй болох боломж ч бас бий. Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуу дугуйчдын клуб”-т элсвэл хоёр дугуйтаа олон зүйлд ашиглаж болно.
7. Дугуй байнга унадаг хүн өвлийн цагт ч ханиадыг мартана. Байнга эрүүл чийрэг байхад хорт хавдраар өвдөх магадлал эрс буурна. Амралт бас бяцхан аялал болж өгнө. Эрч хүч нэмэгдэнэ. Хөдөлгөөн хийх тусам биеэр эрч хүч мэдрэгдэж, нэг их сайхан юм хийчихмээр, бүтээчихмээр санагддаг даа. Яг тэгнэ.