ЦАХИМ ЕРТӨНЦ ДЭХ ТАШАА МЭДЭЭЛЛҮҮД

1-61“Үнэн гутлаа өмсөж байхад худал уул давдаг” гэдэгчлэн өнөө цагт цахим орчин дахь мэдээлэл үнэн худлыг дэнслүүлэн, иргэдийг талцуулах нь ихэссэн. XXI зууныг “Мэдээллийн эрин зуун” гэж нэрлэн мэдээлэл олж авах суваг, дамжуулах хурд нэмэгдсэнээр хүн төрөлхтний хөгжилд эерэг үүрэг гүйцэтгэж байгаа. Гэвч аливаа зүйл хоёр талтай байдагчлан сөрөг талууд бас гарч ирж байна. Тэрхүү сөрөг тал нь “Fake news” буюу “Хуурамч мэдээлэл” юм. Технологийг ололтыг амьдралдаа өргөнөөр ашиглан цахим орчинд мэдээлэл гэрлийн хурдтайгаар мэдээлэл солилцох болсон ч сайнаасаа саар нь их болов. Фэйсбүүк, твиттер зэрэг цахим сүлжээгээр баталгаагүй, олон нийтийг төөрөгдүүлсэн дүрс бичлэг, худал мэдээлэл цацагдах нь их болсон.

Үүний хамгийн ойрын нэг жишээ бол Цагаан сарын үеэр морин уралдаанд оролцон гараа хөлдөөсөн гэх хүүгийн зураг бүхий мэдээлэл юм. Иргэд энэ мэдээллийг цахим орчинд тавигдсан даруйд дургүйцэл бухимдлаа илэрхийлэн уячдыг хорьсоор байтал өвөл сунгаа хийн морь уралдууллаа хэмээн баалсан. Харин үнэн хэрэгтээ тухайн хүүхэд Цагаан сараар золголт хийж яваад машин нь шатахуунгүй болж саахалт айлдаа саатаад байсан ах руугаа гар чийдэн барьж яваад ийн гараа хөлдөөн эмнэлгийн байгууллагад хандсан байдаг. Энэ талаар албаныхан хүүгийн ээжтэй холбогдон асуудлыг тодруулсан талаараа хэвлэл мэдээллийнхэнд албан ёсоор мэдэгдсэн. Харин хүүгийн уг зургийг галт тэргэнд зорчиж байсан нэгэн эмэгтэй ар гэрийнхнийх нь зөвшөөрөлгүй авч цахим сүлжээнд нийтлэн ташаа мэдээлэл тараасан тул уг эмэгтэйд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тухай дуулгасан байдаг. Энэ мэт мэдээлэл цахим орчинд нийтлэгдэж иргэд талцсаар л.

Эргэн сануулахад 2017 онд цагаан будаа шатааж буй бичлэгийг фэйсбүүкт оруулж “хуванцраар хийсэн хуурамч будааг монголчууд хүнсэндээ хэрэглэж байна” гэсэн мэдээлэл олон нийтийн дунд тархсан. “Резинэн, нийлэг материалаар хийсэн будаа байна. Үүнийг нь шатааж үзэхэд барьцалдаж байна” гэсэн дүрс бичлэгийг олон нийтэд үзүүлсэн. Ер нь үр тарианы 70-80 хувь нь цардуулаас бүтдэг. Харин цагаан будааны 80 хувь нь цардуул байдаг. Цардуул нь цавуулаг чанартай болохоор шатахаараа хоорондоо барьцалддаг юм. Ийм ойлгомжтой зүйлийг тайлбарлахын оронд нийгэмд ташаа мэдээлэл өгч байгаа нь буруу. Фэйсбүүкээр уг бичлэгийг үзээд нэлээд хүмүүс дагаж, цагаан будаа шатааж үзсэн байх. Улмаар үр дүн нь адилхан байсан учир иргэд энэхүү мэдээлэлд итгэсэн болов уу.

Цахим сүлжээнд иргэдийн аливаа мэдээлэлд ул суурьтай хандах хандлага бага. Мөн иргэдийн санах ой ч богино. Тэр ч утгаараа хэдэн жилийн өмнөх гэрэл зургийг дахин дахин тавьж үүнийг хар даа тэгсэн гэнэ хэмээн өөр хоорондоо дамжуулан шэйрлэж элдэв маргаан дэгдээх нь энүүхэнд.

“Нүд үнэнч, чих худалч” гэдэг ч цахим ертөнцөд аливаа худал, ташаа мэдээлэл үнэн мэт гэрэл зургийн хамт нийтлэгдэн нүдэндээ итгэхэд ч бэрх.

Жил бүр болдог амьд хөгжмийн “Playtime” наадмын тухайд л гэхэд гадаадын өөр амьд хөгжмийн тоглолтын үеийн хогтой гэрэл зургийг цахим сүлжээнд нийтлэн тэд ингэж баярладаг гээд л баахан муулсан. Харин бодит байдал дээр эсрэгээрээ байсныг илтгэх гэрэл зургууд цахим сүлжээнд одоо ч бий.

Орчин үед худал, ташаа мэдээллийг цахим орчинд зориудаар тавьж нийтэд нөлөө үзүүлэх замаар тодорхой үр дагаврыг бий болгох асуудал ч байдаг. Тодруулбал сонгуулиар энэ мэт худал мэдээлэл цахимд ар араасаа ундарна. Олон улсад ч худал мэдээллийг санхүү эдийн засаг, цэрэг тагнуул, улс төрийн салбаруудад ашиглан ашиг олох, өрсөлдөгч этгээддээ хохирол учруулах, нийгмийн тодорхой бүлэг хэсгийг өөртөө татах нэг хэрэгсэл болсон байна. “Лайк, шейрний гуйлгачин” гэгддэг тэр хүмүүс, бизнесмэн, улстөрчид хуурамч мэдээллийг бий болгодог үндсэн үйлдвэрлэгчид юм. Харин тараагчдын тухайд, хувь хүн бүрт бусдад байхгүй зүйлийг өөрийн болгох хүсэл буюу шунал, хэнд ч байхгүй тэр зүйлээ бусадтай хуваалцаж өөрийгөө агуугаар мэдрэх гэсэн зан далд ухамсарт нь бий. Тэгвэл энэ адын хүслийг дарах нэг хэрэгсэл нь хуурамч мэдээлэл болдог байна. Ам дамжсан цуурхал олж сонссон хүн түүнийгээ нэр, тал олох гэсэн хүндээ ярих юм уу, шууд цахим орчинд тараана. Түүнийг нь олж харсан нэгэн “бүгд олж мэдэхээс нь өмнө” уг мэдээллийг аль болох олон хүнд өөрийн “автор”-той тараахыг эрмэлздэг. Ингээд өөрийн эрхгүй хуурамч мэдээлэл үйлдвэрлэгчдийн хамсаатан болдог. Аман цуурхал гэрлийн хурдаар цахим ертөнцөд тархан үүргээ биелүүлнэ.

Худал ташаа мэдээлэл аюул дагуулах нь ч бий. Ер нь аливаа мэдээлэл нөхцөл байдлыг өөрчилж, хэн нэгэнд давуу болон сул талуудыг үүсгэж байдаг.

Сошил медиа ашиглан мэдлэг мэдээлэлгүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй иргэдэд “Энэ хуудсанд лайк даран гурван найзаа мэншн хийн шейрлэвэл дөрвөн өрөө байр өгнө” гэхэд л дуусахгүй юм шиг хөврөх “Аз, бурзай” сэтгэгдлүүд, хуурамч мэдээг уншаад л түгээх зуршил. Тухайн орон сууцны хотхоны талаар лавлаж холбоо барих утас байхгүй, уг хотхоны байршил нь тодорхойгүй байхад иргэд итгэн шейрлэсээр л. Адаглаад л тухайн хотхоныхоо нэр, байршил, барьж байгаа байгууллага, компанийн талаар “Google”-ээс мэдээллийг нь нягтлалгүй хэн нэгний ашиг хонжоо хайсан зүйлд хараар итгэн дагагчид цөөнгүй.

Хэвлэл мэдээлэлтэй харилцах боловсрол бүү хэл хувийн мэдээллээ нууцлах, онлайн орчинд аюулгүй байдлаа хангах ойлголт хомс байгаа нь энэ мэт мэдээллээс илхэн харагдана.

Хэдийгээр иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө нээлттэй ч эрх эдэлсэн бол үүргээ биелүүл гэдэгчлэн Зөрчлийн хуулиар энэ бүхнийг хазаарлахаар хууль эрх зүйн зохицуулалт хийж эхэлж байгаа ч тэр нь үр өгөөжөө өгч байгаа эсэх нь эргэлзээтэй. “Яарвал даарна” гэдэгчлэн цахим орчин дахь мэдээллийг ялгаж салгах цаг хэдийнээ болжээ.

Эх сурвалж:Ikon.mn


ЦАХИМ ЕРТӨНЦ ДЭХ ТАШАА МЭДЭЭЛЛҮҮД
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.