БНСУ-ын дуучин Жун Жүн Ёныг эмэгтэйчүүдийн бичлэгийг нууцаар хийж, уг бичлэгээ зурвас солилцох хавсралтаар дамжуулан найзууддаа тараасан хэрэгт буруутган баривчлах зөвшөөрлийг Сөүл хотын шүүх пүрэв гарагт гаргажээ.
Өдгөө 30 настай Жун Жүн Ён нь бэлгийн хавьталд орсон 10 орчим бүсгүйнхээ бичлэгийг нууцаар хийж, “KakaoTalk”хавсралтыг ашиглан танил уран бүтээлчиддээ үзүүлжээ. Тэдний дунд “Big Bang” хамтлагийн гишүүн, бизнесийн хөрөнгө оруулагчдад биеэ үнэлэгч нийлүүлсэн хэрэгт холбогдон шалгагдаж буй Сенри байжээ.
Сөүл хотын шүүх Жун Жүн Ёны гэм буруутайг тогтоосон бөгөөд түүнийг нотлох баримтуудыг устгах эрсдэлтэй хэмээн үзсэний улмаас баривчлах зөвшөөрөл гаргасан байна. Жун Жүн Ён ч мөн өөрийн гэм бурууг хүлээгээд байгаа бөгөөд телевиз болон хөгжмийн салбараа орхиж буйгаа энэ сарын эхээр албан ёсоор мэдэгдсэн юм.
Жун Жүн Ён шүтэн бишрэгчид болон хувийн нууцад нь халдсан эмэгтэйчүүдээсээ уучлал хүсэж, цаашид өөрийн үйлдсэн зүй бус үйлдэлдээ гэмшиж амьдрах болно гэдгээ мэдэгджээ.
sosa.mn