Хүн бүрийн даван туулдаг 6 хэцүү үе

1b6597bcb2308485d7ca0b2b7d9ec6f3

Яг одоо ямар байдалтай байна? Болдог бол газрын гаваар орчихмоор, түрхэн зуур ч болтугай хэл сураггүй алга болчихмоор байдалтай сууж байгаа юм биш биз? Тэгвэл Гоолингоо нь чамд туслах зорилгоор хүн бүрийн даван туулдаг 6 хэцүү үеийг танилцуулж байна. Чиний яг одоогийн нөхцөл энэхүү жагсаалтанд байвал “Угаасаа л хүн бүрт ингэж санагдах үе бий юм байна” гэж итгээд зоригтойгоор гадаах ертөнц рүү “гараарай”.

1. Хагацал: Дотны хүн чинь “тэнгэр” болчихсон үед үгээр хэлэхийн аргагүй харуусал гуниг, харамсал чамайг бүчин авдаг. Ялангуяа өөд болчихсон хүний төлөө өөрийнхөө хийж чадаагүй зүйлсийг бодохоор гол руу зурж байгаа юм шиг аймшигтай мэдрэмж төрдөг. Гэсэн хэдий ч бурхан хүний эдлэх ёстой үйлийн үр, жаргалыг тэнцүүхэн барьж явдаг болохоор хожим хэн нэгэнд тусалж, харамслаа арилгах боломжийг чамд заавал олгоно. Дараа тэвдэж яваа хүнд том тус хүргэнэ ээ гэж амлаад хагацлын сүүдрээ өөрөөсөө үргээгээрэй.

2. Салалт: Хайртай хүнийхээ дахиад ирэхгүйгээр яваад өгөхийг харах тун ч хэцүү. Гэхдээ итгээрэй, энэ дэлхий дээр зүрхээ шархлуулж үзээгүй нэг ч хүн байдаггүй юм. Салалтын дараах өдөр хоногууд л уртаас урт, удаанаас удаан, уйтгартай өнгөрөх боловч тийм ч дааж давахгүй зовлон биш шүү дээ. Хэрвээ та хоёрын зам нийлэх ёстой бол тодорхой цаг хугацааны дараа эргээд огтлолцож л таарна. Үгүй бол чи өөр, шинэ хайртай учрах болно. Нулимсаа арч охин минь, битгий уйл гэдэг дээ.

3. Амиа хорлох талаар бодох: Амьдралдаа ганц удаа ч гэсэн амиа хорлох талаар бодож үзсэн үү? Үнэндээ би ч гэсэн маш жаахан байхдаа бодож үзсэн. Бүр оролдлого хүртэл хийсэн гээч! Яаж азаар тэр нь бүтээгүй юм гэж одоо баярладаг шүү. Харин дэлхий дээр жил бүр 800,000–1,000,000 хүртэлх хүн амиа хорлодог гээд бодоод үз дээ. Гэтэл амиа хорлох цаад шалтгаан, учиг нь үргэлж л ирээдүйд үзэх сайн сайхны хажууд өчүүхэн зүйл байдаг. Хорвоог, өөрийгөө, хайран цаг хугацаагаа хайрлах хэрэгтэй шүү дээ. Өшөө олон гайхамшиг амьдралд нь тохиолдох гээд зөвхөн өөрийг нь хүлээж байхад.

4. Бэрхшээл: Бүх төрлийн бэрхшээлийг хүн даваад л гардаг. Яагаад гэвэл бурхан хүнд дааж чадах бэрхшээлийг нь л өгдөг юм. Доромжлол, ажлын газрын таагүй уур амьсгал, найз нөхдийн үл ойлголцол, найз залуу, нөхөртэйгээ хийдэг эцэс төгсгөлгүй маргаан, хөрсөн хайр, нэгэн хэвийн уйтгартай амьдрал, бизнесийн бүтэлгүйтэл, уналт гээд хорвоог хөмрөх гэж байгаа юм шиг их бэрхшээл байсан ч арга нь олдож л таараа. Яагаад гэвэл чи үүнийг давж, ялж чадна. Бүх хүн тэгдэг юм, нээрээ шүү.

5. Юу хийхээ мэдэхээ болих үе: Цаашдын зорилго, ирээдүйд юу хийж амьдрахаа мэдэхээ болих үе хүн болгонд л гардаг. Эсвэл мэргэжлээ буруу сонгосондоо, шал өөр газар ажилд орох ёстой байснаа нэгэнт галт тэрэг хөдөлчихсөн хойно ухаарах нь бас л хэвийн зүйл гэдэгт итгээрэй. Билл Гейтс, Стив Жобс гээд хүн төрөлхтний түүхэнд өөрчлөлт авчирсан хүмүүс бүгд л энэ хэцүү үеийг давж гарсан. Сургуулиа хаяж, ажлаасаа хөөгдөх, эргээд ажилдаа урилгаар орох гээд жинхэнэ амьдралын тойрог чинь хаа ч байж мэднэ. Зүгээр дээ, хонгор минь. Зөвхөн чиний л байх ёстой “газар”, орон зай хаа нэгтээ заавал байж л таараа.

6. Санхүүгийн доройтол: Энэ тийм ч хэцүү үе биш болохоор хамгийн сүүлд оруулсан юм шүү. Бүх санхүүгийн бэрхшээл үргэлж түр зуурых л байдаг. Тэр үеийг тэвчээртэйгээр даваад гарчих л юм бол сайн сайхан амьдрал хүлээж буй гэдэгт итгээрэй. Айл доторх хэдэн жилийн санхүүгийн “хямрал” ч гэсэн гэр бүлийн гишүүд насанд хүрч/Эр өсөж эсгийн сунана/, тодорхой ажил хийж эхлэхээр аяндаа засарч, өсөж дэвшдэг. Харин санхүүгийн бэрхшээлийг үүрдийн юм шиг санаж, гэр бүлдээ хэрүүл тэмцэл авчрах нь л жинхэнэ бэрхшээл юм шүү. Тиймээс дөнгөж гэрлэсэн, амьдрал өөд өгсөж буй залуу гэргий, өрх толгойлсон ээжүүд маань сэтгэлээ хатамжилж, санхүүгийн бэрхшээлд л бүү бууж өгөөрэй.


Хүн бүрийн даван туулдаг 6 хэцүү үе
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.