Ганцаараа амьдрахад анхаарах 6 зүйл

sad-college-girl-on-floor

Ганц бие, дээр нь ганцаараа амьдардаг гэхээр бусдад тэр чигтээ “эрх чөлөө” л сонсогддог байх. Уснаас дөнгөж гарсан чигээрээ буйдан дээрээ суугаад попкорн тэврэн өчигдрийн киноны давталтыг үзэх, үүрийн таван цагт орж ирээд хувцастайгаа унтах гээд хүссэн бүгдээ хийж болдог нь сайхан л даа.

Гэхдээ л ээжийнхээ гарын хоолыг гэнэт үгүйлэх, хэн нэгний тэврэлтээр дутахад чихмэл бамбаруушнаас өөр ханьгүй үед эрхгүй гэр бүлээ санадаг. Тиймээс удахгүй тусдаа гарахаар бэлтгэж буй ганц бие бүсгүйчүүддээ дараах зүйлсийг зөвлөж байна. Хэрэгжүүлээд хамгийн сайхнаараа аж төрөх хэрэгтэй шүү.

1. Хичнээн залхуурсан ч заавал хоол хийж ид: Ганцаараа амьдрах үедээ өөртөө залхуурахыг зөвшөөрч ёстой болохгүй. Ялангуяа бэлэн хоол, хавчуургатай талхаар оройн хоолоо зогооход байх юм бол таргалахаас гадна эрүүл мэндэд маш хортой. Ганцаараа амьдрах тусмаа шөлтэй халуун хоол хийж идэж бай. Яагаад гэвэл чиний эрүүл мэндэд чи өөрөө л анхаарал тавих хэрэгтэй болсон шүү дээ.

2. Танихгүй хүмүүст ганцаараа амьдардгаа бүү хэл: Сайн танихгүй хүмүүст өөрийгөө ганц бие дээр нь ганцаар амьдардаг давуу талтайгаа хэлээд хэрэггүй. Орчин үеийн зарим ашигч хүмүүсийн тухай сонссон л биз дээ? Тэднийг чамайг ашиглахааргүй, ухаантай хүмүүс гэдгийг нь мэдсэн цагтаа л хэлээрэй. Юу ч оройтохгүй.

3. Хөршүүдтэйгээ сайн харилцаатай бай: Ямар хүмүүстэй ойрхон амьдарч буйгаа сайтар мэдэж ав. Тэдэнтэй сайн харилцаа үүсгэ. Чамайг эзгүйд гэрээс чинь ус алдаад доод айлын хүн хаалга нүдэхэд хажуу айлаас чинь гарч ирээд “Энэ их сайн охин. Өөрт нь би хэлчихье” гэж өмөөрдөг хөрштэй болоорой. Гэхдээ хэт их дотносоод бас л хэрэггүй.

4. Санхүүгээ үргэлж төсөвлө: Юунд хэдийг үрж байгаагаа мэддэг бай. Ганцаараа амьдрана гэдэг нь замбараагүй байна гэсэн үг биш. Бүхнийг өөрөө зохицуулж байгаа энэ үедээ мөнгийг гамтай, хэрэгтэй зүйлдээ л үрдэг гайхамшигтай зуршлыг амжиж суулгаарай. Удахгүй чи бүр том гэр бүлийн санхүүг зохицуулдаг болно шүү дээ.

5. Найз залуугаасаа бүү нуу: Дэндүү хашир битгий бай. Түүнийг сайн мэддэггүй байхдаа л нуу. Харин чухал хүн гэж боддог болсон цагтаа ганцаараа амьдардаг гэдгээ заавал хэлэх хэрэгтэй шүү. Ядаж л чамайг өвдөж, сэтгэл санаагаар унасан үед хэлүүлэлтгүй тэр шөл бариад хаалгыг чинь тогшино.

6. Илүү түлхүүр хувилуулж ав: Чи одооноос өөрөө өөртөө л найдах болно. Тиймээс заавал түлхүүрээ нэг илүү хувь хэвлүүлж ав. Тэгээд гэрийнхээ довжоо, өнцөг буланд хийх эсвэл төрсөн гэртээ аваачиж хадгалаарай. Түлхүүрээ хаясан, гэртээ мартсан үедээ “Хаалга, цоож 20 мянгаар онгойлгоно” гэдэг хүмүүс рүү утас цохих ямар ч шаардлагагүй.

Ганцаараа амьдардаг ч гэсэн ажил, хичээлээ тарсан л бол шуудхан гүйж очмоор тийм орчныг гэртээ бүрдүүл. Бяцхан ч гэсэн энэ бол чиний л тайван амгалан байх тав тухтай ертөнц. Ганцаараа гол нь гоё амьдраарай. Амжилт, бүсгүй минь!


Ганцаараа амьдрахад анхаарах 6 зүйл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.