Өөртөө эргэлзэхээ яаж болих вэ?

073f70622fde4472c41d3991565dd4e7

Ажил дээрээ очсон үгүйг чинь хэн ч анзаардаггүй юм шиг, найзуудынхаа хувьд дагуул нь юм шиг, ер нь л энэ амьдралд өөрийнхөө байр суурийг алдчихсан юм шиг мэдрэмж үнэхээр хүсмээр эд биш. Энэ үед л өөрийгөө хүчээр ч хамаагүй татаж босгоод, сайхан сэгсэрчих хэрэгтэй. Эргэлзээгүй ээ, чи онцгой бүсгүй.

1. Өөрийнхөө амжилтыг тодорхой болго
Одоог хүртэл гаргасан бүх амжилтынхаа жагсаалтыг гарга. Жижиг том аль аль нь орох ёстойг битгий мартаарай. Чиний 10 дугаар ангидаа ахынхаа ажилд туслаад анхны цалингаа авж байсан чинь, шинэ жилээр асрамжийн газрын хүүхдүүдэд бэлэг өгч байсан чинь хүртэл энд орно. Өнөөдрийг хүртэлх үр бүтээлтэй, өөртөө болон өрөөлд тустай өнгөрүүлсэн мөчүүдээ жагсаагаад үз. Чи өөрийнхөө боддогоос ч илүү мундаг, бүтээлч хүн байж магадгүй.

2. Миний хамгийн сайн чанарууд юу вэ? 
Өглөө бүр яг 6.40-д босдог чинь хүртэл эргэлзээгүй чиний сайн чанар мөн. Давс багатай хирнээ амттай хоол хийдэг, ахмад настанд суудал тавьж өгөхөөсөө хэзээ ч татгалзаж байгаагүй чинь яахын аргагүй давуу тал. Хамгийн сайн талуудаа найзуудаасаа, аав ээжээсээ, хайртаасаа асууж байгаад жагсаагаад бичвэл чи өөрийгөө толинд хараад бахдалтай инээмсэглэх хүчтэй болно. Магадгүй чиний өмнө нь өөрөө огт тоож үздэггүй байсан сул талууд хүртэл чиний бусдыг өөртөө татах гол зүйл ч байсан юм билүү.

3. Зоригтой хичээ
Яг чинийх шиг мөрөөдөлтэй хэдэн зуун бүсгүй байгаа. Гэхдээ тэднээс 99 нь өөртөө эргэлзсэнээсээ болоод хойш сууж, 1 нь л урагш алхсанаараа ялгарч бусдын мөрөөдлөөр амьдардаг. Тэр 99-ийн нэг байхыг хүсээгүй л бол зоригтой хичээ. Алдааг засчихад л болдог. Хэн ч алдсаны чинь төлөө чамайг буруутгаж, илүү үзэхгүй. Хэрвээ чи чадна гэж бодож байгаа бол чиний зөв. Харин чи чадахгүй гэж бодож байгаа бол мөн л чиний зөв гэж хэн нэгэн ухаантаны хэлсэн үг байдаг юм шүү.

4. Өөрийнхөө үнэ цэнийг ойлго
Үнэ цэнэтэй гэдэгтээ чи өөрөө л итгэхгүй бол өөр хэнийг ч итгэнэ гэж найдаад хэрэггүй. Дээрх 3 алхмыг хийсний дараа чамд тээг болоод байсан сул талуудын чинь хажууд үйлдсэн гавъяа, сайн чанарууд чинь хэд дахин олон болохыг чи ойлгоно. Ийм мундаг эмэгтэйд тэр зэргийн муу тал байх нь хэвийн үзэгдэл ш дээ! Битгий эмзэглэ. Байгааг чинь л хараад чин сэтгэлээсээ инээмсэглэдэг тэр хүмүүсийн урмыг өөртөө итгэлгүй байдлаараа битгий хугал.

5. Айдасдаа бэлтгэ
Маш чухал үйл явдал болохын өмнө сандраад байвал түүнтэй адилхан цаг мөчийг аль хэдийнэ даваад ард нь гарчихсан хэн нэгэнтэй ярилц. Яг юу чамайг сандаргаад байгааг чи ярилцах зуураа олж мэдээд, түүнийг үнэндээ тийм ч аймар зүйл биш байсан гэдгийг ойлгох болно. Айдаг зүйлдээ бэлтгэлтэй байвал өөртөө итгэх итгэлийг чинь нэмэгдүүлдэг. Хэр бэлтгэлтэй байна, төдий чинээ сандрахгүй.

Бид эхээс төрөхдөө өөртөө итгэх итгэлийг авч төрдөггүй. Харин өөрсдөө л бий болгодог. Өөртөө итгэлтэй байхад өөрийгөө байнга дасгалжуулж, зоригжуулж байхгүй бол хүссэн БИ-гээ бүтээж чадахгүй.


Өөртөө эргэлзэхээ яаж болих вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.