“Хархүү”-гээ болгохоос өмнө түүнээс харах 6 зүйл

9fb9af14c5073dc2b59516ba2b292884

Хэрвээ чи түүнд ухаан алдан, галзууртлаа, бусад бүх зүйлсийг хаяад гүйтлээ дурлаагүй бол, хэрвээ чамд түүнийг тандах хугацаа бий бол дараах зургаан зүйлийг заавал хийгээд үзэхийг зөвлөж байна. Сонгох л юм бол нэг хүнтэйгээ нэг мөсөн “наалдан пад” болно доо гэж төлөвлөж байгаа бүсгүйчүүддээ зориуллаа.

1. Түүнд уурлаж үз: Эмэгтэй хүний ойлгомжгүй өдөр байдаг даа. Юу хиймээр байгаагаа ч мэдэхээ болиод яг юунд уур хүрээд байгаагаа ойлгодоггүй. Толинд харахаар царай муутай харагдаад ч байгаа юм шиг, өчигдрийнхөөс тарган болчихсон ч юм шиг санагдаад байдаг? Тэр өдрийн энергиэ уулзаад удаагүй байгаа залуудаа гаргаж үз. Чамайг үргэлж инээмсэглэдэг гэж тэр бодоогүй биз дээ? Уурлаж, “Амьдрал ямар онцгүй юм бэ?” гэж байнга гутардаг хүмүүс шиг нэг өдөр байгаад үз. Чамайг “Ийм байсан юм уу?” гээд орхих нь уу эсвэл сэтгэлийг чинь засаж, үйлчлэл муутай ч онигоо ярьж хөгжөөх нь үү гэдгийг ажаарай. Үерхэх, амьдрал хамт зохиох болвол чи түүнд уурлах олон тохиолдол гарч ирнэ. Тэр үед хоёр талд дуугаа хураагаад эвхрэлдэхгүйн тулд одооноос нэг нэгнийхээ уурлахдаа гаргадаг ааш аяг, авах арга хэмжээгээ мэдэж аваарай.

2. Түүнийг уурлуулж үз: Залуу чинь чамд дурласан эхний үедээ өөрийгөө барагтай л бол бүрнээр нь нээхгүй. Яг энэ үедээ тэр өөрийнхөө хүсдэг хүн шигээ байдаг юм. Тиймээс муу занг нь таньж ав гэж хэлэхгүй ч ядахдаа түүний яаж уурладгийг мэдэж ав. Таг дуугүй болсноо хэдхэн цагийн дараа инээгээд л хүрээд ирдэг хүн эсвэл цамнаж цамнаж хэрэлдчихээд хэдэн хоног ор сураггүй алга болдог хүн хоёрын хооронд асар их ялгаа бий. Үүний үр дүнд чи түүнд тохирсон уурыг нь дэвэргэхгүй байх, үгүй бол уурлуулахгүйгээр зөвшилцөх аргыг “боловсруулах” боломжтой болно.

3. Хамтдаа “уйтгарлаж” үз: Зах дээр оройжин нэхий, арьс шир зарж зогссон аав ээж хоёр маань гэртээ шөнө дөлөөр орж ирээд юунд яардаг байсан гээч…Шагай няслахад! Тэр хоёр маань залуу, дээр нь хоёулаа “шартай” байсан тул шөнөжин шагай нясалж тоглочихоод үүрээр өнөөх арьс шир, нэхийгээ зарахаар хөтлөлцөөд гүйчихдэг байсан гэдэг.
Түүнтэй үнсэлцэхгүйгээр, секс хийлгүйгээр хамтдаа цагийг яг үүн шиг “уйтгартайгаар” өнгөрөө. Биеийн биш сэтгэлийн холбоогоо бэхжүүл. Энгэрт нь тэврүүлээд гадаа зүлгэн дээр ном уншиж хэвт. Хамгийн муу, үйлчилгээ гэж авах юмгүй ресторанд ч хөгжилтэйгээр инээлдэж хоолоо ид. Гэр хорооллын олон салаалсан гудамжаар “тэнэг” юм яриад хамт алх. Та хоёр цагийг ямар ч “уйтгартай” байдлаар өнгөрүүлж байсан хамтдаа л байгаа бол түүнийгээ enjoy хийдэг болоход дасаарай. Яагаад гэвэл бид жирэмснийхээ сүүл болон төрсний эхний саруудад секс хийж чадахгүй, хол газар сурахаар явбал бас л хүрэлцэж мэдэрч чадахгүй шүү дээ. Ийм үед түүнд “Хайр байхгүй болчихож” гэж санагддаг болгохгүйн тулд сэтгэлээрээ хамт мэдрэх зүйлээ олон болгох хэрэгтэй юм. Хэрвээ ингэж чадвал тэр чамайг өөртэй нь секс хийгээгүй гээд өөр эмэгтэй хайхгүй, магистрт сурахаар явлаа гэж уурлаж, гомдохгүй байх болно. Яагаад гэвэл та хоёр аль хэдийн хоолойгоо сонсох төдийд л нэгнээ бүрэн мэдэрч, сэтгэлийн шаналал нь ор мөргүй арилдаг хосууд болчихсон шүү дээ.

4. Түүнийг “сандрааж” үз: Чиний боломжтой, түүний боломжтой, та хоёрын төгс тохирсон үед л уулзахаа болиод гэнэтийн “болзоо” зохио. Энэ уулзалт нь тодорхой зорилго бүхий эмнэлэг явах, өдрийн цайны өмнө гялс Зуун айлаар орох, хар үүрээр онгоцны буудал очих гэх мэт түүнтэй хамт явж “хөөцөлдөж” болох ажлаар холбогдох ёстой. Зөвхөн түүний боломжтой үед бус үнэхээр “эр хүн”-ий тусламж хэрэгтэй үед чинь ирж чаддаг байх нь мөн л чухал үзүүлэлт юм шүү.

5. Найзуудтай нь хамт уулз: Эрчүүд хэзээ өөрийгөө өөрөөр нь байлгадаг гээч! Найзуудтайгаа байхдаа. Чиний найзуудтай хамт байхдаа бол тэр үргэлж эелдэг инээмсэглэдэг “ханхүү” шиг л байна. Харин өөрийнхөө найзуудтай бол “Хөгшөөн”, “За, хамаа” л байна шүү дээ. Тиймээс болздог болоод удаагүй байхдаа ч найзуудтай нь хамт уулзахаас бүү цааргалаарай. Гол нь тэдний дэргэд ч хоёулахнаа байдаг шигээ чам руу харж, яриаг чинь сонсож байна уу гэдгийг сайн ажиглаарай.

6. Түүнтэй харилцан “нээлц”: “Хархүү”-д чинь өрсөлдөж байгаа бүх хүн л сайхан бэлэг барьж, романтик болзоонд урьж, хайлж урсмаар үгээр чихийг чинь дурлуулж, гуниглах үед чинь аргадаж чадна. Гэхдээ тэдний дундаас чамд ч бас итгэж сэтгэлээ нээхээс айдаггүй нэгнийг л олоорой. Чамайг бүсгүй нь “мөн” гэж итгэсэн хүн өөрийнхөө туулж байсан хэцүү үеийн тухай, ээжийнхээ гарын хоолыг хичнээн их санаж байгаагаа, арван жилийн өмнө замаа алдах шахаж байсан талаараа ч нуулгүйгээр ярьж чадна. Гэхдээ эхлээд чи өөрийнхөө дотроо хадгалж явдаг нууцаас жаахныг ярьж өгөөрэй. Харилцан сэтгэлээ нээлцсэний дараа чи түүнийг мэдэхгүй өнцгөөсөө олж хараад, илүү дотно болсон байх болно.

Бусдаас юугаараа онцгой гэдгийг нь огтхон ч мэдээгүй байсан түүнтэйгээ нэг шөнөжин орцныхоо гадаа эмэг эхийнхээ тухай яриад л, надтай хамт байх ёстой хүн мөн гэдгийг нь мэдэрч эхэлсэн юм даа.

“Хархүү” чинь болохын тулд эдгээр шаардлагыг хангах ёстой гэсэн үг биш ээ. Эр хүн болгон өөр болохоор дээрх тавыг ямар нэг байдлаар гүйцээж, биелүүлж л байгаа. Гол нь жинхэнэ “хархүү” болгон энэ бүхний хойно ч гэсэн чам руу тэмүүлсээр, сэтгэл нь татагдсаар л байх ёстойд учир нь оршиж байгаа юм.


“Хархүү”-гээ болгохоос өмнө түүнээс харах 6 зүйл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.