Та хоёр бие биенийхээ багадаа ямар тоглоомондоо хамгийн хайртай байсныг, арван жилдээ хэнийг шохоорхоод хэлж чаддаггүй байсныг мэднэ. Цугтаа лифтэнд гацаад уйлж, нэгнийгээ байрнаасаа нүүхэд уйлж байсан ч дурсамжтай. Тэр чамайг өөрөөс нь юу ч нуухгүй, ямар нэг зүйл болвол хамгийн түрүүнд чамтай л зөвлөлдөж ярилцана гэдэгт зуун хувь итгэлтэй байдаг.
Гэтэл чи нэг удаа зүгээр л чухал зүйл гэж бодоогүй учраас, түүнд хэлээд хэрэггүй зүйл гэж бодоод эсвэл энэ нууцыг мэдчихвэл хайртай найз чинь чамайг тийм хүн гээд бодчих вий гэхээс айгаад гэх мэт ямар нэг шалтгаанаар түүнээс нэг зүйлийг нуугаад үлдээчихэж л дээ. Тэгсэн мөртлөө нэг удаа тийм ч дотно биш хүндээ тухайн үеийн сэтгэл хөдлөл, эсвэл ярианы сэдэвтэй дэндүү тохирч байсан болохоор тэр талаараа ярьчихсан. Сайн найз чинь энэ тухай гуравдагч этгээдээс олоод сонсчихож. Яг одоо өөдөөс чинь эвгүйхэн харцаар хараад амыг чинь асуугаад сууж байна. Найзыгаа гомдсон дээр нь гомдоомооргүй байдаг бас дээр нь өөрийгөө цэвэрхэн авч гарах хэрэгтэй байдаг…
Сөрөг шийдэл: Яг энэ үед уурлах бол хамгийн муу сонголт. “Чи ямар бүхнийг мэдэх албатай биш!” гэдэг үг түүний зүгээр л чамайг хамгийн сайн найзаа мөн болохыг абтлахыг хүссэн сэтгэл рүү ус цацаж орхино. Тэр мэдээж гомдсон байгаа. Мөн түүнийг аль хэдийнэ бүгдийг мэдчихээд ирж байхад худлаа юм зохиож ярих нь ч түүнд таагүй сэтгэгдэл төрүүлэх болно. Асуудал ингээд өнгөрсөн ч та хоёрын цаашдын харилцаанд сэв суух болно.
Эерэг шийдэл: Тайван бай. Тэгээд юуны түрүүнд уучлал гуйх нь зөв. Гэхдээ энэ нь чи өөрийгөө буруутай гэж хүлээн зөвшөөрч байгаагаар биш түүнд ийм сэтгэгдэл төрүүлэх нөхцөл байдал бий болсонд харамсаж байгаагаа ойлгуул. Тэгээд өөрийнхөө талаас асуудлыг авч үзэж, сайн тайлбарлаад, та хоёрын харилцаанд ямар ч өөрчлөлт гарахгүй бөгөөд одоо ч өөрт нь итгэдэг хэвээрээ гэдгээ хэлээрэй. Түүний сайн чанаруудаас тоочиж болсон үйл явдалтай холбож ярьвал түүнд илүү хүрэх болно. Гэхдээ худлаа зохиох хэрэггүй.
Яагаад ингэх ёстой гэж?
Хамгийн ойр дотны хүндээ хамгийн амархан гомддог гэддэг. Магадгүй тэднээс хүлээх хүлээлт нь энгийн нэгэн танилаас огт өөр учраас тэр байх. Найз чинь яг энэ үед маш эмзэг байх учраас бодлогогүй, худал үг амнаасаа унагаж огт болохгүй. Гал дээр тос нэмсэн л хэрэг болно.