Чи очих ёстой цагаасаа аль хэдийн 25 минут хоцорчихсон. Гэсэн ч чи тайван алхсаар, хаврын урь, илчийг өөртөө шингээн шингээн инээмсэглэн алхана. “Хорвоо дэлхий чамайг хааяа хүлээх хэрэгтэй” гэдэг үгийг чи хэтрүүлэн ашигладагаар барахгүй одоо үүндээ нэг мөсөн дасаж эхэлж байна. Нойрноосоо сэрээрэй бүсгүй минь, чи хоцролтын донтон болох нь байна!
Хоцрох дуртай болоход эхлээд чиний залхуу, тэгээд өөрийгөө өөгшүүлэх зан хоёр чинь нөлөөлдөг. Эхний хэдэн “үр дүнтэй” хоцролтын дараа хүмүүс аажимдаа үүнд чинь дасаж эхлэх ба үйл ажиллагаагаа чамгүйгээр эхлүүлж сурна. Хоцролтын донтон болохын нэг аймшигтай зүйл нь чи үүнийг хэвийн гэдэгт итгэдэг болчихдогт байгаа юм. Яг одоогийнх шигээ бүх арга хэмжээ, товлосон цагаасаа тав, арван минут чи “хороосоор” байвал хорвоо бүхэлдээ чамайг хүлээхгүй байхад сурах болно. Дараа нь чи хичнээн хүссэн ч, хичээсэн ч цагтаа амжиж очдоггүй зуршилтай болно. Үүрийн таван цагт сэрсэн ч гэсэн шүү дээ. Яагаад гэвэл бие, сэтгэл чинь тэр чигтээ хоцордог зуршилд ухаангүй дурлачихдаг юм. Тийм л учраас тархи чинь хичнээн чамайг загнаж, зэмлэж “Яг одоо гараач ээ” гээд хашгирч байхад хүртэл чи дахин нэг тольдохоор угаалгын өрөө явдаг. Тиймээс бүсгүй минь, өөрийгөө дажгүй хоцордог хүн гэж бодохоо одооноос боль. Тохиолдол бүрт азаар, эзээр хоцорсон чинь огт гэмгүй өнгөрдөг байсан ч хамаагүй ерөөсөө л боль. Дажгүй хоцордог хүн гэж байдаггүй юм. Хоцорсон л бол арван секунд ч байсан хоцролт гэсэн үг. Чи насан туршдаа байх ёстой газраасаа үргэлж хоцорч явна гээд төсөөлөөд үз дээ. Хувь заяаны төөргөөр чамайг тэр цаг, минутанд товлосон газартаа байх ёстой гэж зурсан байтал чи гэртээ нүүрээ арай жаахан их будах гэж, зурагтын дахин нэг суваг солих гэж, үсээ буржийлгах гэж өөр газар үлддэг. Гэтэл бурхан чамд амьдралд чинь ганцхан тохиох бэлэг бэлдчихсэн хүлээж байгаад цагтаа ирсэн хүмүүст түрүүлээд өгчихвөл яана? Ирээдүйд чинь үнэхээр хэрэгтэй ганцхан хүн, заяаны хань, сайхан ажил, гадаадад сурах боломж, амттай бялуу..Өөр юу ч байж болно. Гагцхүү чи түүнийг хүртэж авахын тулд цагтаа л ирэх ёстой.
Цагтаа ирэх хичнээн сайхан мэдрэмж гээч. Бусад хүмүүсийн хоцорч буй минут бүрийг зүрхээрээ мэдэрч, өөрөөрөө бахархана. Яг 09:00 цагтаа л гозойгоод зогсож буйдаа талархана. Цагтаа ирдэг зуршлыг ягштал мөрдөөд сар болсныхоо дараа чи бусад хүмүүст зааж, зөвлөж эхлэнэ. “Бие, зүрх хоёр чинь хоцорсоор байгаад сүүлдээ бүр дуртай болчихдог юм байна лээ. Халдлагад өртөөгүй тархиа л яг тэр үед дагах хэрэгтэй” гээд. Хоцролтын донгоо цагтаа ирэлтийн дон болгож хувиргахад өөр хэн ч биш, чи л өөртөө тусалж чадна. Тиймээс маргааш зорьж байгаад, зорилгоо болгоод эртхэн гар. Чи чадна аа.
Харин бидний дараагийн сурах зүйл юу гээч! Цагтаа ирж сурсан юм чинь цагтаа явахыг сурна аа, бүгдээрээ…