Тохиолдол: Нөхөр чинь урьд нь хэзээ ч шалтгаангүйгээр оройтож ирж байгаагүй. Хэрвээ ямар нэг шалтгааны улмаас оройтохоор бол энэ тухайгаа өмнө нь дуулгаж, аль эсвэл утсаар хэлдэг. Гэтэл өнөөдөр ямар ч хэл чимээгүй, бүр утас нь унтраалттайгаар таг чиг болжээ.
Эхэндээ утасных нь цэнэг дууссан юм байлгүй, удахгүй ороод ирнэ дээ, одоо л ирэх цаг нь болж байгаа даа хэмээн харуулдан сууна. Сүүл сүүлдээ тэвчээр чинь барагдаж, хийсэн хоолоо ахин дахин халааж суусаар үдэш болгоно. Унтъя гэсэн ч нойр хулжиж, дэмий л зурагтын суваг эргүүлэн сууж, янз бүрийн муу бодлууд толгойдоо эргэлдүүлнэ. Ингэсээр шөнө дунд хаалга дуугарч, нөхөр чинь орж ирнэ.
Сөрөг шийдэл: Утсаа салгачихаад хаана хэнтэй юугаа хийж байгаад ирж байгаа юм, хэмээн уурлаж хашгичин шөнөжин хэрүүл хийнэ. Үүний үр дүнд учраа ололцсон ч юм байхгүй нуруу нуруугаа харуулан унтацгааж, хэдэн өдөр сэтгэлийн шаналантай үлдэх болно.
Эерэг шийдэл: Түүнийг орж ирэхэд нь хоолыг нь халаан өгч, ирэхэд нь хэрхэн халамжилдаг байсан тэр л янзаараа ханд. Хэдий гайхширч, бухимдаж байсан ч түүнд өөрөө бүхнийг тайлбарлах боломжийг нь олгож хүлээцтэй ханд. Ийм нөхцөл байдалд гайхалтай тайван хандаж байгааг чинь хараад тэр гайхширч бас өөрийг чинь хүндлэх болно. Чамайг асуугаагүй байхад тэр өөрөө тайлбарлах болно.
Яагаад ингэх ёстой гэж?
1рт: Аливаа асуудал маргалдсанаар шийдэгддэггүй. Ингэснээр асуудал харин ч бүр дорддог.
2рт: Хүний амьдралд гэнэтийн юу ч тохиолдож болно.
3рт: Та хоёр бие биедээ итгэдэг бас хүлээцтэй ханддаг байх хэрэгтэй. Ингэж чадвал гэр бүлийн чинь амьдрал бат бөх байна. Эрүүл харилцааны үндсийг тавьж чадвал цаашид ч энэ маягаараа үргэлжилнэ.
4рт: Бүхнийг уураараа биш ухаанаараа шийдэхийг хатан ухаан гэнэ.
Goolingoo