Хорин настнуудын хийдэг 4 том алдаа

30dc738bbcb6b6eddcb1585fbae07929

Өчигдөрхөн хорь хүрсэн чамдаа дахин баяр хүргэе! Холын хол руу аялах уртын урт замд нь хэрэг болгох үүднээс зөвлөмж илгээж байна. Уншаад дараах алдаануудыг бүү гаргаарай.

Хорин настнуудын гаргадаг нэг дэх алдаа: Өөрийгөө үргэлжийн залуу явах юм шиг санах
Чи залуу, бас хорин настай. Бүх хүн чамд амьдрал одоо л эхэлж байгаа гэдгийг хангалттай хэлсэн. Харин чи өөрөө сайтар ухаарсан уу? Хорин настнуудын гаргадаг нийтлэг алдааны нэг нь өөрийгөө үргэлж яг л ийм хэвээрээ явна гэж боддогт байдаг. Залуу, омголон, үзэсгэлэнтэй, хөгжилтэй, юунд ч баригдахгүй эрх чөлөөтэй.. Тиймээс чи энэ л насандаа өөрийнхөө хийх дуртай юмаа жинхэнээсээ юу болохыг, гуч, дөч, тавь, жаран настай болсон ч үргэлжлүүлсээр л байх зүйлээ олох ёстой. Заавал түүгээрээ хорин насандаа амжилт олохгүй байсан ч хамаагүй, чи юун түрүүнд олох л ёстой. Өөрөөр хэлбэл мөрөөдөлдөө хүрэх арга замыг тодорхойлно гэсэн үг юм. Гуч хүрэхээсээ өмнө өөрийнхөө мөрөөдлийг, эх орноо “улам мундаг” болгохын төлөө юу хийж чадахаа олж, арга замаа тодорхойл. Тэр бол хорин настнуудын хийх ёстой хамгийн чухал зүйл.

Хорин настнуудын гаргадаг хоёр дахь алдаа: Мэргэжилдээ “дасдаггүй” байдал
Өөрийнхөө сонгож суралцсан мэргэжилдээ ихэнх хорин настнууд маань эзэн сууж чаддаггүй. Яагаад гэж үү? Хүсдэггүй болохоор тэр. Энгийн л нэг оффист суугаад бичиг цаасны ажилд дарагдаж, хэнд ч үл анзаарагдам “бичил ертөнц” болчих вий гэхээс айдаг. Эсвэл мэргэжлээ бусад хүмүүсийнхээс явцгүй, эрэлттэй биш гэдэгт нь харамсаж суудаг. Гэхдээ ямар ч мэргэжлийг эрэлттэй, ирээдүйтэй болгох нь ганцхан чи өөрөө шүү дээ. Тиймээс өдөр бүр хийж буй зүйлээсээ сэтгэл ханамж авахаар хичээж бай. Сайн сайхан зүйлийг нь олж хар. Чи л дуртай хийдэг бол чиний ажил хамгийн шилдэг нь байж, амжилтаараа шуугиулах болно.

Хорин настнуудын гаргадаг гурав дахь алдаа: Зориггүй байдал
Орчуулагчийн анги чиний мөрөөдөл биш байсан. Амжилт гаргах салбар нь нөгөө талд бий гэдгийг чи дотроо мэдэрдэг мөртлөө өглөө болгон дургүй анги танхим, дургүй хичээл рүүгээ явдаг. Хорин настнуудын гаргадаг өөр нэгэн алдаа бол бусад хүмүүс юу гэх бол гэхээс, эсвэл зүгээр л чадахгүй байх вий гэж айсандаа хүсээгүй зүйлээ хийсээр л байдагт оршдог. Гэхдээ энэ нь үнэндээ байдлыг хэвийн үргэлжлүүлэх гэсэн л хүсэл төдий гэдгийг мэдэх үү? Бүх зүйлс огцом эргэж, хүмүүсийн, ээж аавынхаа төсөөлөө ч үгүй шийдвэрийг гаргахаас бүү хулчий. Чухам хүсэж буй зүйлийнхээ төлөө зориг гарга. Сургуулиасаа гараад онлайн дэлгүүр ажиллуулсан ч яадаг юм! Буруу газраа зөв зүйл хийж байгаа юм шиг жүжиглэхийн оронд бусад хүмүүс буруу гэж боддог байсан ч хамаагүй өөртөө зөв зүйлийг хийгээрэй. Учир нь бизнес хатагтай бүр эхлээд гудамжинд цэцэг зарж үзсэн байдаг юм.

Хорин настнуудын гаргадаг дөрөв дэх алдаа: Хайр ирэхгүй байгаад шаналж яарах
Хорин нас бол чиний хайранд шаналж дуусгадаг нас биш. Тэр тусмаа огт ирээгүй байгаа хайрыг хүлээж гансрахад. Чамайг хүлээхгүй, яарахгүй байх тусам хүсээд байгаа хайр чинь хурдан ирэх болно. Ялангуяа хүнтэй унтаж үзээгүй байгаа охид минь, яарч л болдоггүй юм шүү. Өдийг хүртэл аавын сайхан хөвгүүдийн амыг “Цаг нь болоогүй” гэж таглачихаад хорь гарлаа л бол хүчээр шахуу хэн нэгэнтэй хийхээр шийдэж яавч болохгүй. Харин ч олон жил тэвчсэн өөрийгөө хүндэтгэж, хайртай хүндээ л нандин зүйлээ өгөөрэй. Чи үнэхээр тохирсон нэгнээ заавал олох болно.

Хорин настай байхдаа гучин настай болоход бэлд. Тэр үед чи хоёр хүүхдийн ээж, эсвэл докторын зэрэг хамгаалахаар Герман явах гэж буй оюутан хоёрын аль нь ч байж болно. Гэхдээ ямар ч үед нь аз жаргалтайгаар юунд ч харамсахгүй амьдардаг тийм л бүсгүй болж бэлтгэгдэхэд одоогийн өөрийгөө зориулаарай.


Хорин настнуудын хийдэг 4 том алдаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.