Одоогоос зургаан хоногийн өмнө буюу энэ сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Мандала” хотхоны 13 давхраас залуу эмэгтэй унаж, нас барсан харамсалтай хэрэг гарч олон нийтийг багагүй цочирдуулсан.
Түүнийг залуу 25 настай Б гэгчтэй тус байранд хамтран амьдардаг байсан бөгөөд тухайн өдөр Ц-г бусадтай хардаж, ширүүн авирлан, улмаар 13 давхрын цонхоор түлхэж, амь насыг нь хохироосон байж болзошгүй гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээллээд байгаа юм.
Тэр ч утгаараа энэ хэрэг хэрхэн шийдэгдэх нь олон нийтийн өмнө хүлээлт үүсгээд байна. Хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд шалгалтын явцад талийгаачийн найз залуу болох сэжигтэн этгээд Б архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна.
Хэрэг явдлын талаар талийгаач охины аав Д.Сүхжаргалтай ярилцлаа.
-Танд эмгэнэл илэрхийлье. Үнэхээр хэцүү явдал боллоо…
-Хэрэг гарах үед би хотод байгаагүй. Хөдөө ажлаар явж байсан. Намайг маргааш нь хотод ирэхэд гэрийн үүдэнд манай дүү сууж байсан. Хайртай охиноо минь өнгөрчихсөн гэх аймшигт мэдээг сонсоод үнэндээ итгээгүй. Зүгээр л ухаан балартаад явчихсан.
-Таны охин найз залуутайгаа хэр удаан хамт амьдарсан бэ?
-Миний охин О.Боргил гэгчтэй хамтран амьдраад тав, зургаан сар болсон. Анх манай охин тусдаа амьдрахаар болж байгаа гэдгээ бид хоёрт хэлсэн. Тэгэхэд нь хаана юу хийдэг хүн юм гэж лавлахад тохитой томоотой залуу байдаг. Удахгүй та хоёртой ирж уулзуулна гэж билээ. Миний хань арванхоёрдугаар сард бурхан болоод удаагүй байгаа. Ханийг минь бурхан болохоос өмнө охин маань найз залуугаа бидэнтэй албан ёсоор танилцуулж байсан. Анх манайд орж ирэхдээ тохитой томоотой хүүхэд харагдсан. Тэгтэл ийм аймшигтай араатан байна гэж хэн санах вэ.
-Тухайн үед яг юу болсон юм бол оо?
-Хэрэг гарсан тухайн өдөр миний охиныг найзтайгаа хамт байхад нь О.Боргил минутын зайтай олон удаа залгаад “Чи гэртээ хурдан ир. Би ирчихсэн байна. Чи хаагуур яваад байгаа хулгайч бэ” гэж элдвээр загнасан байгаа юм. Үүнийг би дараа нь найзаас нь сонссон. Тэгээд охин найздаа хэлэхдээ О.Боргил дээр очихгүй бол болохгүй гэж зөрсөөр байгаад явсан юм билээ.
Оршин суугчдын хэлж буйгаар тэр хоёр гэртээ ороод хоорондоо маргалдсаныг сонссон гэсэн. Миний охин яаж ч бодсон 13 давхраас үсэрч амиа хорлох хүүхэд биш. Тийм ёс суртахуун, хүмүүжил миний охинд байхгүй. Охин минь аав ээжээсээ асуулгүйгээр гадуур хонодог, архи, дарс уудаг зэрэг элдвийн муу зуршилгүй хүүхэд.
-Охиныг тань найз залуу нь өмнө нь зодож, дарамталдаг байсан гэж охины тань найз цахим орчинд нийтэлсэн байна лээ. Танд охин тань энэ талаар ямар нэгэн юм хэлдэг байсан уу?
-Намайг санаа нь зовчихно гэж бодсон юм болов уу. Тийм юм огт хэлдэггүй байсан. Гэтэл миний охин удаа дараа зодуулж, дарамтад өртдөг байсныг би сая л найз нараас нь сонслоо. Найзууддаа уруулаа сэт цохиулсан, бие нь хөх няц, орны даавуу нь цус нөжтэй хутгалдсан зураг, бичлэг явуулж байсан юм байна лээ. Тэр бичлэгүүдийг би байцаагчдаа өгчихсөн. Би энэ хэргийг хуулийн байгууллага аль нэг талд үйлчлэхгүйгээр чин шударгаар шийдвэрлэж өгөөсэй гэж хүсч байна. Миний хувьд маш их гомдолтой байна. О.Боргил одоо болохоор цагдаа нарт миний охиныг түлхээгүй өөрөө үсэрчихсэн гэж хэлдэг гэсэн.
-О.Боргил хэрэг гарах үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэх мэдээлэл цацагдаад байна?
-О.Боргилын согтолтын хэмжээ 0.8 хувьтай гарсан гэж Баянзүрхийн байцаагч хэлсэн. Өөрөөр хэлбэл, хэчнээн маргалаа гэхэд тухайн үед О.Боргил хүнийг авч шидэх хэмжээний согтолттой байгаагүй гэсэн үг. Тэгэхээр согтолтын хэмжээг нэг бол багасгаж хэлсэн. Эсвэл ямар нэгэн сэтгэцийн эм бэлдмэл хэрэглэсэн байсныг ч үгүйсгэхгүй. Би бол тэр залууг хар тамхи эсвэл сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байх магадлалтай гэж хардаж байгаа. Гэтэл цагдаа нар түүнийг эрүүлжүүлэхээс шууд батлан даалтад гаргачихсан байна лээ.
Тус хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад, “2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнийн 01.25 цагт цагдаагийн байгууллагад дээрх хэргийн талаарх дуудлага мэдээлэл ирсэн. Хэргийн газарт харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид прокурорын хяналт дор хэргийн газарт үзлэг, шалгалт хийсэн. Өндрөөс унаж амиа алдсан эмэгтэй 22 настай Ц гэгч байсан. Энэ хэрэгт талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор түүний найз залуу Б гэгчийг холбогдуулан шалгаж байна. Батлан даалтад гаргасан тухайд бол аливаа гэмт хэрэгт сэрдэгдэн шалгагдаж байгаа этгээдийг хойшлуулшгүйгээр 72 цаг саатуулах эрх хуулийн байгууллагад байдаг. Үргэлжлүүлэн цагдан хорих асуудлыг шүүх прокурорын байгууллага шийднэ” гэв.
Дашрамд, Энэ хэргийн талаар охины найз өөрийн цахим хуудсандаа, “Цагдаагийн байгуулга миний мэдээллийг устгах ёстой хэрэг илрүүлэлтэнд хүндрэл учруулж байна гэсэн тул би өөрийн постоо устгасан юм. Гэтэл энэ энэ сарын 11-нд хэрэгтэн болох О.Боргилыг батлан даалтаар сулласан байна. Мөн О.Боргилын ар гэр найз нөхөд нь миний найзыг өөрөө амиа хорлох гэж байсан цаашлаад өөрөө амиа хоролсон гэж олон нийтийн сүлжээгээр ташаа ойлголт төрүүлж байна” хэмээн нийтэлжээ.
Тэрбээр өмнө нь “Монголын тор уутны зах зээлийг базсан ОБ капитал компанийн захирал н.Отгонбаярын хүү О.Боргил миний найзыг алсан хэрэгтээ шийтгэл хүлээнэ гэдэгт итгэхгүй байна. Монголын шүүх цагдаагийн байгууллага мөнгөнд идэгдсэн заваан газар үнэнг нуун дарагдуулахаас өмнө бусаддаа шэйр хийж түгээгээрэй. Өмнө нт удаа дараа олон удаа биеэнд нь гар хүрч хүнд гэмтэл учруулж байсан мөн хэрэг үйлдсэн өдөр согтуугаар түүнийг зодож түүнийг минь 13 давхраас түлхэж амь насын хороосон юм. Энэ залуу бол араатан” хэмээн цахим хуудсандаа нийтэлж байсан юм.
Харин найз охиноо 13 давхраас түлхсэн байж болзошгүй гэгдээд байгаа О.Боргилын найз “Энэ залуу бол миний найз зөв төлөвшилтэй ухаантай ухамсартай хүн. Ийм зүйл үйлдэх хүн биш энэ мэдээлэл анхан шатны л мэдээлэл байна. Тэнд юу болсныг хэн ч мэдэхгүй амиа хорлоно гэж айлгах гэж байгаад унасан бол бид мэдэхгүй, шидсэн байсан ч мэдэхгүй. Хайран охин гэж бичихэд бүх эмэгтэйчүүд дэмжиж байхад хайран залуу гэхэд “ал, өөрийг нь шид” гэсэн байна. Та бид бид бүгдээрээ л үл ялиг тархины нугалаастай адгуус. Гэхдээ энд сэтгэгдэлээ бичиж байгаа зарим хүмүүс бол тархиндаа ямарч нугалаасгүй юм шиг байна. Хийсэн ч бай хийгээгүй ч бай таны найз, ах, аав дүү чинь ийм нөхцөлд унавал яах вэ гэж нэг бодоод үзээрэй. Энэ үгээрээ би найзыгаа хийгээгүй гэж хэлээгүй бас хийсэн ч гэж хэлээгүй. Зүгээр л хүлээцтэй байгаад эцсийн шийдвэрийг харцгаая гэж хэлэх гэсэн юм. Хэрвээ хийсэн бол хийсэн үйлдлээ ухамсарлах ухаантай хүн шүү миний найз . Эцэст нь хүний супер хүч бол уучлах гэж би боддог” гэжээ.
Т.Гэрэл
Zaluu.com