Холливудын нэрт бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Линдсей Лохан хулгайн хэрэгт сэжиглэгдэж байна. Өнгөрөгч долоо хоногт түүний зочилсон айлын эзэн цагдаад ийнхүү мэдүүлснээр Линдсей сэжигтэн болжээ.
Лос-Анжелес хотноо Линдсей Лоханы зочилсон нэгэн айлын эзэн цагдаагийн газарт мэдүүлэг өгснөөр түүнийг үнэт эдлэлийн хулгайн хэрэгт сэжиглэж эхлээд байгаа ажээ. Мэдүүлэг өгсөн хохирогчийн хэлснээр жүжигчин бүсгүй түүний гэрт зочлох үеэр олон өндөр үнэ бүхий бугуйн цаг, нүдний шил зэрэг эд зүйлс алдагдсан гэнэ. Өнгөрөгч долоо хоногт хохирогч Сэм Мэгидийн гэрт болсон тэрхүү үдэшлэгийн үеэр 100 мянган долларын үнэ бүхий эд зүйлс алга болсон аж. Эх сурвалжуудын мэдэгдэж байгаагаар Линдсей Лохан болон түүний туслах Дойл нар хоёулаа тэр шөнө хэргийн газар юу болсон талаар байцаалт өгч байгаа юм. Харин хэдэн өдрийн дараа хохирогч Мэгид мэдүүлгээ өөрчилж, юу ч хулгайд алдагдаагүй хэмээн мэдүүлжээ. Гэвч гэрчүүд Линдсей болон түүний 16 настай дүү Коди, мөн туслах Дойл нарыг хулгайн хэрэгт холбоотой гэж үзэж байгаа учраас хэргийг хаагаагүй байна.
Хэрэв Лохан энэ хэрэгт буруутай нь тогтоогдвол түүний хувьд байдал үнэхээр хүнд болох юм. Учир нь тэрээр 2011 оны нэгдүгээр сард Калифорнийн Венец хэмээх үнэт эдлэлийн дэлгүүрээс 2,500 долларын үнэтэй хүзүүний зүүлт хулгайлсан хэрэгт буруутгагдаж байгаа бөгөөд одоо болтол хэрэг шийдэгдээгүй байгаа ажээ. Түүнчлэн нэрт жүжигчин бүсгүй маань өнгөрсөн жилүүдэд шөнийн клубээс 11,000 долларын үнэтэй үслэг эдлэл, Элле сэтгүүлийн зураг авалтын үеэр 400 мянган долларын үнэтэй үнэт эдлэл хулгайлсан хэрэгт холбогдож байсан. Мөн хуучин найзынхаа гэрт болсон үдэшлэг дээр үнэтэй хувцаснууд хулгайлсан гэх яриа ч байдаг ажээ.
noyon.mn