Нөхөн үржихүйн эрүүл мэнд гэр бүлээс эхлэлтэй

mental healthХүн нэмбэл хүнс нэмнэ хэмээн бэлэгшээдэг монголчууд бид 2015 онд 3 сая дахь иргэнээ өлгийдөн авсан. Монгол Улсын хүн амын төрөлтийн түвшин өндөр, залуу насны бүтэцтэй байх 1969-1980 оны дунд үе хүртэл дунджаар хүн амын 21 хувь буюу 5 хүн тутмын нэг нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд байсан бол энэ тоо 1990-ээд оноос хойш өсөж 30 хувь болжээ.Тухайлбал, 2017 онд 3.2 сая хүн амын 1.6 сая буюу 50.8% нь эмэгтэйчүүд, эдгээр эмэгтэйчүүдийн 54 %-ийг нөхөн үржихүйн 15-49 насны эмэгтэйчүүд эзэлж байв. Энэ хувь өнөөдөр төдийлөн өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл, 3 хүн тутмын нэг нь нөхөн үржихүйн насны эмэгтэй байгаа гэсэн үг.

Хүн ам, орон сууцны 1979 оны тооллогоор анхны гэрлэлтийн дундаж нас эмэгтэйчүүдэд 22, эрэгтэйчүүдэд 20 байснаа 2010 оны тооллогоор эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль аль нь 5 жилээр хойшилжээ.

 Үүгээр ч зогсохгүй нөхөн үржихүйн насны нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлсэн хүүхдийн тоо (төрөлтийн нийлбэр коэффициент) 1975 онд 7 байснаа 1995 он хүртэл 5 жил тутамд 1-ээр буурч 3 болсон байна. Цаашилбал 1995-2005 онд энэ тоо аажим буурч 2 орчим байснаа, 2005 оноос аажмаар нэмэгдсээр, 2015 онд 3 болж, 2017 он хүртэл энэ хэмжээндээ тогтворжсон. Төрөх насны эмэгтэйчүүдийн нийт хүн амд эзлэх хувь нэмэгдсэн хэдий ч төрүүлэх хүүхдийн тоо буурч байгаад нийгэм, эдийн засаг, амьдралын хэв маягийн өөрчлөлт, эмэгтэйчүүдийн боловсролын түвшин зэрэг олон хүчин зүйлээс нөлөөлдөг. Эдгээр хүчин зүйлсээс гадна анхаарал хандуулах ёстой нэг зүйл гарч ирсэн нь өсвөр насны охидын дунд БЗХӨ, хүсээгүй жирэмслэлт өндөр хувьтай гарах болсон нь эцэг эхчүүдийн үр хүүхэддээ тавих анхаарал халамж суларсан гэхээс илүүтэй монголчуудын эрүүл мэндийн, тэр дундаа нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол муу байгаатай шууд хамаатай гэхэд хилсдэхгүй.

Монгол улсын хэмжээнд 2002-2005 онд жилд дунджаар 9000 эмэгтэй, харин 2014 оны байдлаар 18,145 эмэгтэй үр хөндүүлсэн гэсэн тоон мэдээ бий. Дэлхий дээр жил бүр 208 сая жирэмслэлт бүртгэгдэж байгаагийн 41 хувь “хүсээгүй жирэмслэлт” байдаг бол манайд энэ тоо 1,000 амьд төрөлтөд 247 үр хөндөлт байгаа нь олон улсын жишигтэй харьцуулахад өндөр гэж ЭМЯ-ны мэргэжилтнүүд үзсэн.

Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсрол гэхээр зөвхөн шилжилтийн насны, эсвэл насанд хүрэгчдийн асуудал гэж хүлээн авах нь өрөөсгөл. Олон улсын жишигт хүүхдийг бага наснаас нь эхлэн хүлээн авах, ойлгох байдалд нь тохируулан өөрийнх нь бие махбодьтой танилцуулах, хувийн ариун цэвэртээ анхаарах, нөхөн үржихүйн эрхтнүүдийн үүрэг, шилжилтийн нас, энэ насны онцлог, бэлгийн харьцаа, хүсээгүй жирэмслэлт, БЗХӨ-өөс сэргийлэх аргууд гэхчилэн шат дараалсан мэдлэгийг олгох замаар ирээдүйн эцэг эхийг бэлтгэдэг. Хүн бүр математикч болохгүй ч, хүн бүр эцэг эх болдог гэсэн үг ч бий. Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсролыг шат дараатайгаар, хүртээмжтэй хүргэх нь залуусыг гэр бүлээ төлөвлөх гэсэн маш хариуцлагатай алхамаа зөв хийж амьдралаа зөв эхлүүлэхэд нь чиглүүлдэг луужин болж өгөх нь ч бий.

“Нөхөн үржихүйн эрх бол хүний суурь эрх. Энэ эрх бүрэн хангагдаагүй тохиолдолд охид, эмэгтэйчүүд хүсээгүй, төлөвлөөгүй хэрнээ жирэмсэлж улмаар тухайн эмэгтэй төдийгүй үр хүүхэд нь хүртэл амьдралд тохиолдох зарим нэг боломжийг алдаж, нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадалгүй, хэдэн үе дамжсан ядуурал, доройтолын эцэс төгсгөлгүй эргүүлэгт унадаг” хэмээн НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара өөрийн илтгэлдээ дурдсан байдаг.

“Охид, эмэгтэйчүүд нөхөн үржихүйн асуудлаа өөрсдөө шийдэх боломжтой тохиолдолд тэд сурч боловсорч, цалинтай ажил хөдөлмөр эрхэлж, нийгэм, эдийн засгийн илүү их эрх мэдэлтэй болдог. Энэ нь тэднийг эрүүл саруул, сайн сайхан өсч торнин, амьдрах суурь болдог. Иймд охид эмэгтэйчүүд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртэж, нөхөн үржихүйн эрхээ эдлэх чадвартай болсоноор нөөц бололцоогоо бүрэн ашиглах боломжтой болдог” гэдгийг ч Наоми Китахара онцолсон байна.

2012-2015 онд гарсан урьдчилан сэргийлэх боломжтой эхийн эндэгдлийн 10 тохиолдол тутмын нэг нь аюултай үр хөндөлтөөс үүдэлтэй гэж тодорхойлжээ. Хүсээгүй, төлөвлөөгүй хэрнээ жирэмсэлсэн эмэгтэйчүүд жирэмслэлтээ таслан зогсоохын тулд эрүүл мэнд, амь насандаа аюултай үр хөндөлт хийлгэж, хүндрээд зогсохгүй энддэг.

Энэ бүхнээс сэргийлэхэд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц мэдээлэл, тусламж, үйлчилгээ ялангуяа жирэмслэлтээс сэргийлэх орчин үеийн арга хэрэгсэл, гэр бүл төлөвлөлтийн сургалт, үйлчилгээг хүртээмжтэй болгох явдал манай улсад дутмаг байгаа юм. Тиймээс эрчүүд, эмэгтэйчүүд ялангуяа нөхөн үржихүйн насны иргэдэд жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгсэл, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө өгөхөд улсын төсвөөс хангалттай хөрөнгө мөнгө хуваарилах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг ДЭМБ, НҮБ-ийн Хүн амын сангаас ч манай улсын засгийн газарт зөвлөдөг.

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар өсвөр үеийнхний:

60% нь нөхөн үржихүйн үйлчилгээг хаанаас авахаа мэддэггүй,

37% нь эрүүл мэндийн багш,

47% нь олон нийтийн телевиз,

44% нь найз нөхдөөсөө БЗХД,ХДХВ/ДОХ болон бэлгийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг тодорхой хэмжээгээр авдаг гэсэн үр дүн гарчээ. Тэгвэл ижил чиглэлийн өөр нэгэн судалгаанд анх удаа бэлгийн хавьталд орсон 15-17 насныхны 80% нь энэ талаар ямар ч мэдлэггүй гэдгээ илэрхийлжээ.

Бэлгийн замын халдварын судалгааг 15-18 нас, 18-23 нас, 23-25 нас, 25-35 насныхан гэсэн ангиллаар явуулахад 15-18 насныхны дунд бэлгийн замын өвчлөл, жирэмслэлт, үр хөндөлт хамгийн их байгаа нь тогтоогджээ. Харамсалтай нь энэ бүх судалгааны дүнд ирээдүйн иргэд, эцэг эхчүүд болох өсвөр насныханд бэлгийн болон нөхөн үржихүйн мэдлэг, мэдээлэл дутмаг байгаа нь тодорхой харагдаж буй биз. Тэд хэтэрхий нээлттэй юм шиг хэрнээ нэн хэрэгцээт мэдээллээ авахад хаалттай байдлаар хүмүүжиж байгаа нь зөвхөн Засгийн газар, боловсролын салбарт хамаатай асуудал биш. Хүн төрж, өсч хүмүүжих анхны гол орчин нөхцөл бол гэр бүлийн хүрээнд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, тэр дундаа нас насанд нь тохирсон байдлаар нөхөн үржихүйн боловсрол олгоход эцэг эхчүүд ч анхаарах хэрэгтэй байна.

“БЗД- Өсвөр үе, залууст ээлтэй клиник”-ийн эмч Л.Хулан: Ямар нэгэн эрсдэлт зан үйлд оролцсон, БЗХӨ авсных нь дараа ч юмуу уулзаж ярилцахад –Би ээж, аавтайгаа ярилцахыг маш их хүсч байсан. Харин тэд надтай шууд үг сөрж ярьдаг. Чи юу мэддэг юм. Чиний насан дээр болоогүй, цаашаа бай гэдэг. Бэлгэ эрхтэн гэж ярих л юм бол пүү паа гээд хаалттай болчихдог гэж хэлцгээж байсан. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ бэлгийн ариун цэврийн талаар яриад эхлэх хэрэгтэй. Миний хүү, миний охин өсвөр нас гэдэг бол хүүхэд наснаас том хүн болох завсрын үед маш их шүүрэл ялгардаг. Ядаж л шингэн юм их ялгардаг болдог шүү. Тийм болохоор хувийн ариун цэврийн алчууртай байх хэрэгтэй. Бэлгэ эрхтнээ өглөө, оройд угааж заншаарай гэхчилэн хэлээд явах нь шүдээ байнга угааж байгаарай гэдэг шиг хэлээд өгөхөд хүүхэдтэйгээ цааш илэн далангүй ярилцах гүүр тавигдана” гэж тайлбарласан юм.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ хамгийн ойр дотны хүн, өсгөж хүмүүжүүлж буй гол хүмүүс учир хүүхдүүдийнхээ төлөө цаг зав гарган ярилцах, тэднийхээ насанд тохирсон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээллийг олж уншихад бага ч болов хугацаа зарцуулдаг, хүүхдээ ойлгохыг хичээдэг, өөрийгөө оронд нь тавьж үздэг байгаасай гэж захих байна.

ЭХ СУРВАЛЖ:EAGLE.MN


Нөхөн үржихүйн эрүүл мэнд гэр бүлээс эхлэлтэй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.