Танай гэрийн хамгийн сайхан хэсэг аль нь вэ? гэж асуувал ихэнх бүсгүйчүүд унтлагын эсвэл гал тогооны өрөө гэж хариулах байх. Харин тагтны тухай хэн ч бодохгүй биз. Тагт руугаа хар даа.
Чи уг нь тийшээ гарахаараа нар хэрхэн мандаж байгааг, байрны гадаад бяцхан үрс бужигналдаж байгааг, ээжийгээ сугадаад алхах том эрийг, эсвэл болзоондоо яарах бүсгүйг хараад инээмсэглэдэг. Гэрийн чинь хамгийн сайхан хэсэг биш гэж үү? Хүсэх л юм бол энгийн зүйлийг ч гэсэн өөрийн “Аз жаргал”-аа болгож чи чадна. Тагтан дээрээ сууж кофе уунгаа дуусгаагүй номоо унших, өөрийгөө бясалгах, уран зураг зурах гээд хүссэн бүхнээ хийх боломж байдаг.
1. Номын тавиур-Амтархан уншиж буй номоо барьсаар гэрийнхээ боломжтой “булан тохой”-г хайдаг бүсгүйчүүдэд энэ шийдэл хамгийн зохимжтой. Тэнд л очиж суухаар ном уншмаар санагддаг орон зайг тагтан дээрээ бий болгоорой. Нарийхан тагтныхаа хажуу хэсэгт жижиг тавиур хийлгэ. Дээр нь өөрийн дуртай номнуудаа гэрийнхээ номын сангаас зөөгөөд тэнд өрчих. Дуртай сэтгүүлүүдээ байсан ч болно. Нэмээд чамд тухтай түшлэгтэй сандал байхад хангалттай. Хүсвэл илүү чамин болгох сувинер, лаа гэх мэт зүйлсийг хамт тавиарай. Лааны гэрэлд оддыг ажингаа дуртай зохиолоо унших боломж бүрдүүлэхэд ийм амархан.
2. Кофений ширээ-Тагтаа “Кафе” болгоход чамд хоёр бяцхан сандал, жижиг ширээ байхад л хангалттай. Зуны борооны үнэрийг мэдрэнгээ кофе уух нь яг л зуслангийн байшинд байгаа мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Гэрт чинь зочилсон багын найзыгаа өөрийн бяцхан “Кафе”-д уриад кофегоор дайлахад бидэнтэй өдөр бүр тулгардаг хийсвэр харилцаанаас илүү бодитой болохыг чи мэдэрнэ.
3. Цэцгийн мандал-Хотын гудамжнаас олохгүй байгаа ногоон байгууламжаа гэртээ бий болговол ямар вэ? Өглөө босож цэцгээ услахад чамд юу юунаас илүү “амьд” мэдрэмжийг өгнө. Тагтан дээрх цэцэрлэгт хүрээлэнг бий болгохын тулд савтай цэцэг тавихад тохиромжтой тавцан, цэцэг хоёр байхад л болно. Таримал цэцгийг тагтан дээр тарих нь өрөөнд байлгаснаас хамаагүй их тустай. Учир нь тагт руу шууд тусах нарны туяа цэцэг ургалтанд эерэгээр нөлөөлж, цаанаас орж ирэх хүчилтөрөгчийн урсгал гэрт чинь тарахад илүү дөхөм болох юм.
4. Чиний бяцхан урлан-Бяцхан тагтаа алжаал тайлах орон зай болгож болох юм. Чи зураг зурах, юм оёх гэх мэт ямар ч хоббитой байж болно. Дуртай зүйлээ тагтан дээрээ хийгээрэй. Зурах авъяасгүй гэж бодож байна уу? Хамаагүй ээ, энэ бол зөвхөн чиний л урлан. Чи энд тагтан дээрээсээ харсан сайхан зүйлсийг зураарай. Энэ зөвхөн чиний мэдрэмж учраас заавал уран зураач шиг гоё зураг болох шаардлагагүй. Тагтан дээрээ зураг зурах тавцан, тавцангийн хөл, тухтай сандал байхад л чи гэртээ бяцхан урлантай болчихно.
5. Компьютерийн ширээ -Ажлаа гэртээ амжуулчихдаг “авхаалжтай” бүсгүйчүүдэд энэ шийдлийг санал болгож байна. Улиг болсон ажлын өрөө, унтлагын өрөөний буланд байх компьютерийнхээ байрыг солиод нэг үзье. Тагтан дээр байрласан компьютер чамд нэг л өөр мэдрэмж өгнө. Тохилог, бяцхан орон зай нь анхаарлаа төвлөрүүлэхэд чинь тусална. Зуны оройн салхи сэвэлзэхийг мэдрэнгээ л найзуудтайгаа чатлах гээд олон сайхан мэдрэмжийг өгнө.