Хүсэл байвч, залуу гэр бүлүүдийн хувьд олон өрөө байр, хэдэн давхар байшинд амьдрах боломж хомс.Гэхдээ гал голомтоо бадраасан байр чинь зай багатай байсан ч зөв тохижуулж чадвал тав тухтай, том харагдах боломжтой. Ийм учраас л интерьер дизайн гэдэг зүйл оршин тогтнодог юм шүү дээ.
1. – Аль болох цайвар өнгөөр тавилгануудаа дагна. Цайвар өнгийн тавилга нь өрөөг улам цэлгэр харагдуулах давуу талтай. Бараан өнгийн тавилга том зайтай байранд илүү тохиромжтой.
2. – Сүүлийн үеийн байрнууд захиалагчаас хүсэлт хүлээн авч засвар шинэчлэл хийдэг болсон. Хэрвээ та шинээр байр авах гэж буй бол зочны өрөө тагт хоёрыг нэгтгэх захиалга өгөөрэй. Ингэснээр илүү том талбайтай болох боломжтой.
3. – Өрөөнийхөө ханын цаасыг сонгохдоо бүдэгхэн өнгийн, хоорондоо ойрхон зайтай босоо судалтайг сонгоорой. Энэ нь тааз намхантай өрөөг өндөр болгож харагдуулна. Аль болох том хээтэй ханын цааснаас татгалз.
4. – Хэрвээ нэг өрөө байрандаа ор тавих бол орны наад талаар нь таазнаас шал хүртэл цагаан өнгийн хөшиг татаж болно. Унтлагын хэсгийг тусгаарлаж өгөхөөс гадна цагаан хөшиг нь үлдсэн зайг томруулж харагдуулна.
5. – Жижиг байранд хувцас хатаагч их зай эзэлдэг. Энэ зайг багасгахын тулд тагтныхаа тааз хэсгээр хөшиг доош доош нь гүйлгэж буулгадаг хэц хийж өгөөрэй. Тэгвэл ямар ч үед хувцас хатаагчинд зайгаа “эзлүүлэхгүй”, тагтаа ч тусад нь тохижуулах боломжтой болдог.
6. – Ханын зай эзэлсэн том өндөр номын тавиур авах хэрэггүй. Харин модон урлал хийдэг хүмүүстэй ярилцаж байгаад жижиг жижиг хэмжээтэй, тус бүр дээр нь 10-аад ном багтаж болох хананд өлгөдөг тавиураад хийлгээрэй. Тэгвэл өрөөний талбайн хэмжээг багасгахгүйгээр номын тавиураа шийдэх боломжтой.
7. – Корридор буюу үүдний өрөөндөө 1 метрээс илүү өндөртэй толь авч тавьснаар мөн л өрөөг зайтай болгож харагдуулахад тусалдаг
8. Аль болох олон тавилга цуглуулахаас зайлсхийгээрэй. Нэг өрөөг эмх цэгцгүй, битүү харагдуулдаг талтай.