Н.Оргил: Чингисийн түүх “Оскар” авсан ямар ч зохиолыг бут ниргэнэ

246

“Монголын үндэсний кино хороо” төрийн бус байгууллагын тэргүүн, жүжигчин, продюсер, Монгол Улсын Ерөнхийлөгчийн кино урлагийн салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Н.Оргилтой киноны хуулийн төслийн талаар ярилцлаа.

-Та 2012 оны үед Соёлын яам гэж байхад Соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байсан. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн байна. Соёлын бодлогын талаар саналаа хуваалцаач?
-Соёлын яам 2012-2014 оны хооронд оршин тогтносон. Энэ хугацаанд би төрийн албанд ажиллажээ. Тухайн үеийн Засгийн газар хамгийн удаан оршин тогтносон Засгийн газар болсон. Энэ бол монголчуудын хувьд эмгэнэл. Засгийн газар нь тогтвортой ажилладаггүй, увайгүй улстөрчид нь хоорондоо уралцаад байдаг учир өнөөх бодлого, хөгжлийн асуудал нь замхардаг.  Тиймээс сүүлийн 30 жилд Монгол Улс, Монгол Улсын соёлын бодлого хөгжсөн гэж хэлж болохооргүй байна. Улсын хөгжил нь хувь хүний хөгжлөөр тодорхойлогддог. Бид дэлхийн хамгийн бохир нийслэлтэй орноор нэрлэгдэж, хүн амынх нь хагасаас илүү нь нийслэлдээ овоорч, нүхэн жорлонгийн асуудлаа өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй л байна.
-Төрийн албанд ажиллаж байхдаа та кино урлагийн хөгжлийн төлөө олон ажил хийж байсныг санаж байна. Өнөөдөр та Монгол Улсын Ерөнхийлөгчийн кино урлагийн салбар хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажилладаг юм байна. Ta яг одоо юу хийж байна?
-Улс хөгжье гэвэл өөрийн дүр төрх, үнэт зүйл, үндэсний бахархалтай байх учиртай. Үүнд хүрэхийн тулд зайлшгүй кино урлагийн бодлогo байх  ёстой. Үүнийг тусдаа байдаг киноны байгууллага мөн Соёлын яам хийх учиртай. Түүнээс өнөөдрийнх шиг БСШУCЯ биш. Mанай төрийн тогтолцоо их буруу. Мэргэжлийн түвшин, боловсрол мэдлэг, ур чадвар ямар ч хамаагүй. Зөвхөн эрх мэдлийн төлөө нам, фракц дагаж төрийн албанд очоод иргэдэд биш танил талдаа үйлчилдэг болоод удсан. Тиймээс төрийн ажил урагшилдаггүй. Энэ шалтгааны улмаас би ажлаа өгч байлаа. Үүнээс хойш “Маркo Поло” кино төсөл дээр Монголын талын продюсерээр ажилласан. Мөн “Монголын үндэсний кино хороо” төрийн бус байгууллагыг байгууллаа. Манай байгууллага АНУ-ын Лос-Анжелес, Beverly Hills хотод төвтэй, олон улсын кино хороодын ассоциаци буюу AFCI-гийн албан ёсны гишүүн. Бид дэлхийн хамгийн том кино үйлдвэрлэлийн төв болох Холливудын жилд олон тэрбум ам.доллар зарцуулж кино зураг авдаг зах зээлээс тодорхой хэмжээ, хувийг Монгол Улс руу чиглүүлэх ажил хийж байна.
-Та яаманд байхдаа Монголд кино үйлдвэр барина гэж ярьж байсан. Энэ төслөө орхиогүй байх?
-Кино үйлдвэр барих төсөл зогсоогүй. ТЭЗҮ гарсан. Зураг төслийг нь хийлгэж байгаа. Мөн олон орны киноны хуулийг судалсны эцэст Монгол киноны хуулийн төслийг боловсруулж  байна. Эдгээр ажлыг яаманд ажиллаж байхдаа эхэлсэн ч төрийн буруу тогтолцооноос болоод үр дүнд хүрэхгүй байсан юм. Тиймээс кино хороогоороо дамжуулж гүйцэтгэхээр төлөвлөсөн.
-Яамнаас мөн хуулийн төсөл гаргасан. Та танилцав уу. Мэргэжлийн уран бүтээлчийн өнцгөөс харахад ямар санагдав. Үнэхээр манай уран бүтээлчдийн хүсч, хүлээж буй төсөл болж чадсан болов уу?
-Ямар ажлын хэсэг байгуулагдаж, хэр мэргэжлийн мэдлэг чадамжтай хүмүүс цааш нь өргөн барих гэж буйг  мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ хууль Засгийн газрын хүрээнд яригдаж байна гэдэг сайн. Гэхдээ хуулийн төсөл агуулгын хувьд тун ерөнхий юм билээ. Нарийн зохицуулалтууд байхгүй. Ер нь хуулийн төсөлд хамгийн гол нэг заалт, зайлшгүй байх ёстой. Тэр нь төр, засгаас үзүүлэх татаас. Жишээлбэл, бусад орны уран бүтээлчид сая ам.доллараар Монголд зураг авалт хийлээ гэхэд 25-30 хувийг нь манай улс татаас хэлбэрээр буцаан олгох, хөнгөлөх заалттай байх ёстой. Төрөөс кино урлагийн салбарт үзүүлэх дэмжлэгийг татварын болон татварын бус аргаар хэрэгжүүлэх ёстой.
-Энэ зохицуулалт биеллээ олсноор эдийн засгийн хувьд хэр ашигтай гэж бодож байна?
-Өнөөдөр дэлхийн томоохон кино компаниуд 100 сая ам.доллараар кино хийх нь хэвийн үзэгдэл болсон. “Netflix” гэх ганцхан компани жилд долоон тэрбум ам.доллараар кино хийж байна. Үүнийг дагаад Холливудын томоохон компаниуд өндөр өртгөөр кино хийдэг болсон. Энэ дунд Монгол Улс ямар ч мэдээлэлгүй, хоцрогдсон байж болохгүй. Тиймээс манай байгууллага “HBO”, “Paramount”, “Netflix”, “Warner bros” гэсэн дэлхийн хамгийн том кино компаниуд Монголд кино зураг авалт хийх нөхцөл боломжийг сайжруулах, дэд бүтэц болоод хууль эрхзүйн таатай орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна.
-Тэгэхээр одоогийн байдлаар ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй учир гадны компаниуд Монголд ирж дураараа зураг авалт хийж байна гэж ойлгож болох уу?
-Одоогоор нарийн зохицуулалт байхгүй. Уг нь дуртай нь ирээд зураг авах нь зөв. Нөгөө талаас Монголын тухай буруу ташаа ойлголт өгөх эсвэл бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан зураг аваад явж байгааг хянах хэрэгтэй. Гэвч Монгол Улсад зураг авах орчин үеийн кино үйлдвэр, харилцааг зохицуулах киноны хууль байхгүй. Тэгэхээр хэн өнөөдөр манай оронд ирж зураг авалт хийх вэ. Тэртээ тэргүй бусад орон киноны төсвийн 30-45 хувь хүртэлх буцаан олголт, татаас өгч байхад тийшээ очиж зураг авахыг л бодно шүү дээ. Кино урлагт бүх урлаг бүхлээрээ багтдаг том орон зай. Кино урлагаа аялал жуулчлалын салбартай холбож, амжилттай орлого олж буй Шинэ Зеланд гэж улс бий. “Бөгжний эзэн”, “Хоббит” киног дэлхий даяараа мэдэж байна. Энэ киноны зураг авалтыг Шинэ Зеландад хийхийн тулд Ерөнхий сайд нь өөрөө Холливудын компанитай уулзаж, гэрээ, хэлэлцээр хийж тэдэнд нэмэлт санхүүжилт олгосон байдаг. Ингэснээр эдийн засаг, аялал жуулчлалд нь гайхалтай өсөлт авчирсан. Мөн миний ажилласан “Маркo Поло” киногоор Малайзын Засгийн газар өөрийн шинэ кино үйлдвэрээ сурталчилахын тулд тэр кинонд 30 сая ам.доллар гаргасан. Үүнийхээ хүчинд эргээд 200 сая.ам долларын 20 ангит кино төслийг эх орондоо авч, тэр их мөнгийг улсдаа шингээж чадсан. Энэ бол төрийн бодлого. Дэлхийн ихэнх орон кино урлагаа, давуу талаа ашиглаж ийм хэлбэрээр хөгжиж, эдийн засагтаа хөрөнгө оруулалт оруулж байна. Бид бас хийх ёстой.
-Олон улсын кино төсөлд оролцож байсан туршлагатай уран бүтээлчийн хувьд асуухад дэлхийн кино урлагийн зах зээл Монгол Улсыг, монгол жүжигчдийг хэр сонирхдог юм бэ?
-Хэрэв бид л эх орондоо гадны уран бүтээлчдийг хүлээж авах таатай нөхцлийг бүрдүүлээд, хуулиа баталчихвал асуудал байхгүй. Харин ч манай улс давуу тал ихтэй. Учир нь Монгол Улс шиг онгон дагшин, үзэсгэлэнтэй байгальтай улс хаана байна вэ. Үүнээс гадна бид агуу их, үнэн түүхтэй ард түмэн. Бид олон улсын киноны хурал, цуглаанд суухдаа дэлхийн томоохон кино  компаниудад үүний тухай л ярьдаг. Одоогоор дэлхийн 30 гаруй кино компанитай харилцаа тогтоогоод байна. Тэд Монгол гэхээр их сонирхдог. Учир нь Холливудын кино компаниуд дэлхийн өнцөг булан бүрт хүрч, зураг авалт хийдэг. Тэд өмнө нь хэний ч очиж байгаагүй, хүмүүсийн мэдэхгүй газарт зураг авахыг хүсдэг. Тэгэхээр манай орон тэдэнд шинэ, сонирхолтой газар нутаг юм. Мөн манай уран бүтээлчид хаана ч гологдохооргүй чадвартай болсон. Монгол жүжигчин Холливудын кинонд гол дүр бүтээж чадна. Үүний тулд төрийн бодлого, дэмжлэг, хууль бидэнд хэрэгтэй байна. Бид ганц нэгээрээ оргил руу мацаад хэрэггүй. Mанай гадны зах зээлд гарахаар хөдөлмөрлөж буй зарим залуус мэдлэг, туршлагагүй байна. Oролцох төслүүдээ буруу сонгодог. Энэ тал дээр Засгийн газар дорвитой бодлого хэрэгжүүлэх ажлаа ер хийхгүй байна гэж шүүмжилмээр байна.
-Тэгвэл гадны уран бүтээлчдийг бид яагаад урьж, уран бүтээлдээ тоглуулж болохгүй гэж?
-Гаднаас уран бүтээлч урихын тулд мөн л төр, засгийн дэмжлэг хэрэгтэй. Үнэхээр дэлхийд танигдсан мундаг уран бүтээлчийг авчрахын тулд төрөөс дор хаяж 10 сая ам.доллар төсөвлө. Тэр мөнгөөр бид хангалттай чадвартай уран бүтээлч хөлсөлье. Гэтэл бид одоо гадны сайн жүжигчинд юу гэж санал тавих вэ. Нэг сар манай улсад ирээд кинонд тоглоод өгөөч. 10 сая төгрөг өгье гэх үү. Тэр нь 4000 ам.доллар шүү дээ. Гэтэл Холливудад тэр жүжигчин энэ мөнгийг цаг ажиллаад л олж байгаа. Монголд хайртай даа ирэх үү, надад хайртай даа ирэх үү. Яахав уриад авчирч болно. Бага мөнгөнд нэр хүнд, туршлага багатай уран бүтээлчид л ирнэ .
-Тэгэхээр төрийн хийх ёстой ажлыг танай байгууллага нуруундаа үүрч байна гэж та хэлж байна уу?
-Уг нь миний эзэмшсэн мэргэжил жүжигчин. Монголын кино урлагийг хөгжүүлье гээд продюсерээс эхлээд төрийн албанд хүртэл ажиллаад явж байна. Aвлигажсан улс, төрийн системээс болоод энэ салбарт дорвитой өөрчлөлт гарсангүй. Тиймээс төрийн бус байгууллага байгуулж,  Засгийн хийж чадахгүй байгаа ажлыг нь манай байгууллага хийж байна. Бодлогоор Ерөнхийлөгчийн Тамгын газар дэмжиж байгаа. Одоо бидэнд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна. Засгийн газар, үндэсний томоохон компаниудыг кино урлагийн салбарт санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг уриалмаар байна. Төр, засгаас кино урлаг хөгжихөд татвар, эдийн засгийн хувьд таатай орчин бүрдүүлж өгөх  хэрэгтэй. Бид хуульдаа энэ зохицуулалтыг тусгах болно. Кино урлагт хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжүүдийг тэр хэмжээгээр татвар төлсөнд тооцох ёстой. Өнөөдөр бид байлдаад дэлхийд Монголоо тунхаглаж чадахгүй. Харин өөрсдийн түүх, ёс заншил, кино урлагаараа товойх боломж байна. Үүнийг дэлхийг эзлэх зөөлөн хүчний бодлого гэж онцолж болно.
-Та “Бид үнэн түүхтэй ард түмэн” гэж онцолсон. Энэ талаар?
-Эхний ээлжинд тэр үнэн түүхээ л брэнд болгох ёстой гэж бодож байна. Биднийг хөдлөхгүй суусаар байтал монгол хаадуудын тухай киног өөр улсад хийгээд дууслаа. Чингис хаан тэртээ XIII зуунд их Монголын энхтайванг цогцлоосон хүн. Өнөөдөр дэлхийг байлдан дагуулж байгаа “Гладиатор”, “Хаадын тоглоом” кино чинь бодитоороо манай Монгол Улсад л байсан. Тиймээс бид давуу талаа ашиглаж, Их эзэн Чингис хааныхаа тухай олон ангит кино хийж, дэлхийн брэнд болгох ёстой. Зүгээр л Чингисийн түүх “Оскар” авсан ямар ч зохиолыг бут ниргэнэ. Яагаад гэвэл энэ чинь бодит түүх, түүхэн хүн. Энэ киног хийхэд мөнгө санхүү, эрхзүйн орчинг төр, засгаас нэхэхээс өөр аргагүй. Үүнийг төр, засагт ойлгуулахын тулд ажиллаж байна.
-Кино урлагийн бие даасан хуультай улсад энэ салбар хэрхэн хөгжиж байна вэ. Та жишээ яриач?
-Саяхан бид Сөүл хотын захиргааны кино салбарынхантай уулзалт хийлээ. Тэд Сөүл хотод кино уран бүтээлчдэд зориулсан бүхэл бүтэн дүүрэг байгуулчихаж. Би уг нь барагтай зүйлд гутардаггүй хүн. Тэр цогцолборыг хараад, Монголоо бодоод гутарлаа. Цоо шинэ, тансаг дизайнтай барилга, байгууламжтай ирээдүй мэт кино телевизийн дүүрэг, хот байна гээд бод. Бүх кино телевизийн компани нь нүүгээд оччихсон. Тэр цогцолборт хотын засаг захиргаа нь киночиддоо ямар ч үнэ төлбөр, түрээс байхгүй орон зай гаргаад өгчихсөн. Хэрэв нэг солонгос хүн кино хийх гэж байгаа бол төслөө бичиж өгөөд тухайн барилга байгууламжид үнэгүй сууж, ажлаа хийх боломжтой. Төр, засгаас кино хийх мөнгийг нь гаргаад өгчихөж байна. Энэ чинь л төрийн бодлого. Өнөөдөр Солонгос улс киногоороо Азийг “атгаж”, цаашлаад дэлхийд гарч байна. Үүнийг  төр, засаг нь зөв ашиглаж, улс төр, эдийн засгийн бодлогоo хэрэгжүүлдэг. Манайд солонгос цуврал гаргадаггүй телевизийн суваг байна уу. Бид киног нь үзсээр байгаад булан эргээд л нэг солонгос хоолны газар байгааг хэвийн үзэгдэл мэтээр ойлгодог болчихсон. Солонгос гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэггүй эр, эм гэж алга. Энэ бүхний ард өнөөх зөөлөн хүчний бодлого яваад байгаа юм.
-Монголын кино урлагийн салбарын хөгжлийг бид юугаар хэмжиж, үнэлэх ёстой вэ. Нээлтээ хийж буй киноны тоогоор уу, чанараар уу?
-Монголдоо бол Монголын кино театруудаар ямар кино эрэлттэй, ашигтай байна вэ гэдгээр нэг тодорхойлж болно. Oлон улсaд бол хэр борлогдсон ба олон улсын “А” зэрэглэлийн  чанартай кино наадмуудад оролцсон, шагнал авсан байдлаар нь үнэлдэг. Монголын кино салбарт байгаа бас нэг эмгэнэл нь дэлхийн чансаатай наадмуудад амжилттай оролцож, олон улсад үнэлэгдсэн бүтээлээ монгол үзэгчид нь үзэх  хэмжээнд бэлтгэгдээгүй. Эх орондоо нээлтээ хийхээр үздэггүй. Хэдийгээр 1990 оны ардчилал бидэнд олон боломжийг нээлттэй болгож өгсөн ч үндэсний дархлаагаа тэр үеэс гээчихсэн. Хий хоосон хохимой толгойтнууд манай нийгэмд хэвийн үзэгдэл болсон нь гутмаар. Үүнийг бусад туршлагатай орон овжиноор ашиглаж, зөөлөн хүчний бодлогоор манай улсыг эзэлчихлээ. Өнөөдөр үндэсний ба бусад телевизээр орой болгон Хятад, Солонгос, Орос, Америк цуврал гарч тэрэнд нь бид, бидний үр хүүхэд нэрвэгдэж байна. Үүнийг бид хуулиар зохицуулж багасгах хэрэгтэй. Монгол кино үйлдвэрлэлээ өсгөж, монгол хүн, монгол хүүхэд монгол киногоо үздэг болох ёстой юм.
-Танай байгууллагын боловсруулж буй хуулийн төслийн онцлог юу вэ?
-Бид жилд хоёр удаа Холливудын уран бүтээлчидтэй уулзаж, кино хуулийн тухай судалдаг. Саяхан Унгарын киноны хуулийг хамгийн сайн гэж үнэлж байсан бол дахиад явахад өөр орны киноны хууль илүү болсон байна. Тэгэхээр бид товч, тодорхой, илүү дутуу зүйлгүй, энэ салбарыг босгоод ирэх чадвартай хуулийн төсөл боловсруулахaaр ажиллаж  байна. Энэ хуримтлуулсан мэдлэг туршлагаа Монголын үндэсний кино хороо  Засгийн газраас Их Хуралд өргөн барихаар батлуулсан хуулийн төсөлд тусгаж, хамтарч ажиллана гэж бодож байгаа.
-Өнөөдөр Монголын киночдын дунд хамгийн их тулгамдаж, бухимдуулж байгаа асуудал нь зохиогчийн эрх. Энэ талаар хуулийн төсөлд ямар заалт оруулсан бэ?
-Засгийн газрын харьяа Оюуны өмчийн газар гэж бий. Тэд ажлаа мөн хуулийн хэрэгжүүлэлтээ сайжруулах хэрэгтэй. Энэ асуудлыг оюуны өмчийн салбар хуулиудаар зохицуулах ёстой. Кино хууль батлагдсаны дараа оюуны өмчийн салбар хуулиудад холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
-Таны хувьд хуулийн төслөөс гадна уран бүтээлчийнхээ хувьд ямар төсөл дээр ажиллаж байна?
-Нэг кино зохиол байна. Долдугаар сараас зураг авах төлөвлөгөөтэй ажиллаж байгaa. Уран бүтээлийн хувьд би их олон зохиолчтой хамтарч ажиллалаа. Нуулгүй хэлэхэд сэтгэлд хүрсэн, сайн зохиол бичдэг зохиолч ховор болжээ. Энэ бас л бидний тулгамдсан асуудал.
-Зохиол байхгүй нь юутай холбоотой юм бэ?
-Манайхан кино зохиол бичиж мэдэхгүй байна. Аргагүй шүү дээ. Хэн ч заагаагүй юм чинь. Тэгэхээр зохиолчдоо бид чадавхижуулах ёстой. 1990 оноос өмнө оросууд ирээд заагаад өгчихдөг эсвэл авч яваад сургачихдаг байсан. Бидэнд сургалтын системтэй, тогтвортой, мэргэжлийн бодлого үгүйлэгдэж байна. Төр, засаг хууль боловсруулахдаа мэргэжлийн бус хүн аваачаад тавьчихдаг. Кино урлагийн тухай хуулийг энэ салбарын тухай ямар ч мэдлэггүй нөхөр боловсруулна гэвэл бүтэхгүй. Монголын кино урлагийн хөгжлийн чөдөр болно. Тиймээс мэргэжлийн, туршлагатай, мэдлэгтэй киночид, хуульчдыг сонсоод, дэмжээд эрхзүйн орчныг нь л бүрдүүлээд өгчих. Бусдаар улстөрчид энэ салбарт оролцохгүй байх хэрэгтэй.
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.5.10  Баасан  №97  (6064)

Н.Оргил: Чингисийн түүх “Оскар” авсан ямар ч зохиолыг бут ниргэнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.