Чи анх хэрхэн эрдмийн их өргөөнд хөл тавьж байснаа санадаг уу? Би лав хальтхан санадаг. Өөрөөсөө том цүнхтэй би гэдэг хүн ээж, ааваараа хөтлүүлэн сургуульдаа орж билээ. Босгоор давахдаа өвдөглөж унахад аав маань ихэд бэлэгшээн миний охин их эрдэмтэй сайн хүн болно оо гэж хэлж байсан нь санаанаас ер гардаггүй юм.
Харин тэр сайхан үеийг зурганд мөнхлөн үлдээсэн бол хичнээн сайхан бэ гэж бодогддог. Үүнээс санаа авч хүүхдийнхээ 9 дүгээр сарын 1-нийг хэрхэн дурсамжтай бас аз жаргалтай өнгөрүүлэх санааг бэлтгэлээ.
Алхам1: Хүүхдээ том болж сургуульд орж байгаад нь чин сэтгэлээсээ алга ташиж баяр хүргэ. Хүүхдээрээ ямар их бахархаж байгаагаа хэлж, онц сураарай гэж магтаарай. Хүүхэд бүр л том болохыг мөрөөддөг. Ингэх нь хүүхдэд өөрөө өөрийгөө ухамсарлах сэтгэл төрүүлэх болно. Орой ирэхэд нь дуртай зүйлээр нь шагна. Гэхдээ амттан, чихрээр биш, харин рубикан шоо, эвлүүлдэг тоглоом, шинэ хичээлийн ширээ, юм уу зурагтай ном бэлэглэхийг зөвлөж байна.
Алхам2: Өөрийнхөө анхны 9 сарын нэгний дурсамжийг хүүхэдтэйгээ хуваалц. Дурсамжаа санахгүй байгаа бол сайхан түүх зохиож ярь. Анги хамт олонтойгоо эвтэй найртай байгаарай гэж захь. Хүүхэд чинь танаас үлгэр дууриал аваг. Хүүхдийн чинь хувьд сургууль гэдэг цоо шинэ, түгшүүртэй бас сонирхолтой ертөнц мэт санагдаж байгаа. Хүүхдээ тайвшруулж, тэр өдрийн турш сайн байж чадна гэдэгт нь итгэж байна гэж хэлээрэй.
Алхам3: Шинэхэн дүрэмт хувцастай өөдөсхөн үрээ хараад эгдүү чинь хүрч нөгөө талаараа багахан санаа зовниж байна уу? Яг л энэ мөчийг видео хальсанд буулган мөнхлөөрэй. Хангалттай их зураг авахаа мартуузай.
Алхам4: Анхны дүнтэй нь танилц. Түүнийг магтаж урамшуул. Хэрвээ тааруухан дүн авсан байвал юу нь хүндрэлтэй байсныг асууж ярилцаарай.
Алхам5: Сурагч болоод анх хэрэглэж байсан дэвтрийг нь хадгалаарай. Хожим 10 жилээ төгссөнийх нь дараа харуулахад дурсамжтай байх болно.
Хэдэн долоо хоногийн дараа хүүхэд чинь сургуульдаа явахаас дургүйцэж магад. Яагаад? Гэж асуух хэрэггүй. Энэ асуулт 6 настай хүүхдэд хэтэрхий хүнддэнэ. Зүгээр л “Миний хүүгийн ангид өөдгүй хүүхэд байна уу?” эсвэл “Багш нь загнасан юм уу?” гэх мэтээр хялбархан асуугаарай. Хичээл дээрээ загнуулснаас болоод сургуульдаа дургүй болсон бол багштай нь эвтэйхэн ярилцаж, хүүхдээ ямар хүн болж өсөөсэй гэж хүсдэгээ хэлээрэй.
Хүүхэд чинь эрдэм номтой сайн хүн болно оо!
Goolingoo.mn