Баян сэтгэлгээ & Ядуу сэтгэлгээ

22

Улстөрчид тэмцэх дуртай. Нийгмийн идэвхтэнүүд нь жагсах дуртай. Залуус нь тулалдах дуртай. Өөрсдөө тулалдахгүй ч аливаа зүйлийг эгнүүлж, жишүүлж, дүйцүүлж, харьцуулж, харшуулж, харгалдуулах дуртай. Тэгвэл энэ удаа бидний хамгийн их ярьдаг ядуу хийгээд баян сэтгэлгээг хооронд нь тулалдуулчихъя. Нийгмийн аль ч үед баячууд хийгээд ядуус өөр хоорондоо эв найрамдалтай байсан удаагүй. Харин орчин үеийн ардчилсан нийгэмд баян хийгээд ядуу сэтгэлгээ л биесийнхээ эсрэг харалцан зогсох болж. Бид “Наад ядуу сэтгэлгээгээ л хаячих. Чамайг өмссөн хувцас чинь бус наад ядуу сэтгэлгээ чинь л муухай харагдуулаад байна” гэж яриад байхыг бодоход баячуудыг дэмждэггүй монголчууд тэр чигээрээ баян сэтгэлгээний талд байгаа бололтой.
Тэгсэн атал бид баян сэтгэлгээтэй хүмүүс мөн үү. Бид зоогийн газар орох мөнгөтэй хэрнээ цайны газар ороод байгаа хүнийг л ядуу сэтгэлгээтэй гэж ойлгодог. Гэтэл яг үнэндээ торт идэх боломж байхад, хар талхаар амиа зогоогоод, “Би өлсөхгүй л байна даг. Өлсөхгүй л байвал юу ч идсэн яадаг юм бэ’’ гэдэг хүнийг л ядуу сэтгэлгээтэй гээд байгаа бололтой юм. Тэгвэл “Чинээлэг хүмүүсийн өдөр тутмын зуршил” номын зохиогч Томас Корлигийн нэгэн сонирхолтой судалгааны дүнгээр баян хийгээд ядуу сэтгэлгээний ялгааг гаргахыг хичээе. Тэрбээр жилийн орлого нь $160.000 бөгөөд $3.200.000 ба түүнээс дээш хэмжээний хөрөнгөтэй хүмүүсийг чинээлэг амьдралтай гэж үзсэн бол жилийн орлого нь $35.000 бөгөөд $5000 ба түүнээс бага хөрөнгөтэй хүмүүсийг тааруухан амьдралтай гэсэн ангилалд багтаажээ.

Нэгд, чинээлэг хүмүүсийн үзэж байгаагаар муу үлгэр дууриалал бүхий сөрөг дадал зуршил нь амьдралд нь тийм л нөлөө үзүүлдэг бол сайн үлгэр дууриалал бүхий өөдрөг эрч хүчтэй, эерэг дадал зуршлууд нь аз хийморь далладаг байна. Энэ нь хүмүүсийн амьдралдаа хэр амжилт гаргах вэ гэдгийг тодорхойлдог гол хүчин зүйл юм. Томас Корлигийн хэлснээр чинээлэг хүмүүс өөрийгөө “Би маш их азтай хүн” гэж итгэл төгс, сэтгэл хангалуун хэлдэг бол ядуу амьдралтай хүмүүс “Би ямар азгүй юм бэ. Тэнгэр нь хаясан азгүй хүн гэж намайг л хэлдэг байх даа” хэмээн халагладаг байна.

Хоёрт, “Америк мөрөөдөл” гэдэг нь оюуны өндөр чадавхитай байж аливааг өөрийн гараар хийж бүтээхийг илэрхийлдэг ойлголт юм. Тэгвэл дээрх судалгаагаар чинээлэг хүмүүсийн 94% нь хөрөнгө, мөнгөтэй болно гэдэг нь Америк мөрөөдөл хэрэгжиж биеллээ олсны шинж гэжээ. Түүнчлэн хүн өөрөө хичээж тууштай хөдөлмөрлөх юм бол Америк мөрөөдөл хэзээд биелэх боломжтой гэж үзжээ.

Гуравт, чинээлэг хүмүүсийн хувьд түнш байгууллагууд болон хамтран ажиллагсадтайгаа байнгын холбоотой байж харилцаа тогтоох нь санхүүгийн амжилтад хүрэх гол гарц гэж үзэхээс гадна үүнийгээ бодит байдал дээр байнгын дадал зуршил болгосон байдаг. Тухайлбал өглөөний мэндийг нь эрж ажлын амжилт хүсэхээс эхлээд амьдралд нь тохиолдох баяр гунигтай аль ч хоромд хамт байж харилцан тусалж дэмждэг. Томас Корли энэ арга барилыг өөр дээрээ туршиж үзсэн бөгөөд хамтран ажиллагч, түншүүдтэйгээ өглөөний мэнд эрсэн дуудлага хийж, төрсөн өдрийн баярын мэндчилгээ илгээх зэргээр харилцаа тогтоосон нь $60.000 ам.долларын нэмэлт ашгийг өгсөн байна.

Дөрөвт, чинээлэг хүмүүс шинэ танил болох нь санхүүгийн амжилтад хүрэхэд онцгой нөлөөтэй зүйлсийн нэг гэж үздэг бөгөөд энэ ч утгаараа шинэ танилтай болохоос эмээдэггүй. Тэдний 95 хувь нь хэн нэгний сонирхлыг татаж, гүн сэтгэгдэл төрүүлж чадах нь ямар ч бизнест амжилт авч ирнэ гэдэгт итгэдэг байна.

Тавд, хөрөнгөтэй байна гэдэг нь их хэмжээний мөнгө олохдоо биш, ихийг хуримтлуулж хөрөнгө мөнгөө арвижуулахад оршдог. Судалгаанд хамрагдсан чинээлэг хүмүүсийн дийлэнх нь ихийг хуримтлуулсан байжээ. Тэрбээр орлогынхоо 20 хувийг тогтмол хуримтлуулж, үлдсэн 80 хувиар нь амьдрахыг зөвлөдөг гэнэ.

Зургаад, ядуу амьдралтай хүмүүс амьдралаа өөрөө бүтээж, санхүүгийн хувьд хэр амжилттай явах эсэх нь зөвхөн өөрөөс нь л шалтгаалах зүйл гэдгийг огт ойлгодоггүй. Тэд зөвхөн бурхнаас зурсан зураг төөрөг минь л ийм, манайх удмаараа л ийм байсан гэх мэт мухар сүсэгт итгэдэг. Гэтэл чинээлэг хүмүүс ч төрөхөөсөө л баян байгаагүй. Өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд тэдэнд юуг ч хийж бүтээх итгэл сэтгэл хийгээд тууштай хөдөлмөрч зан суртахуун, бүтээлч сэтгэлгээ, бүтээлч хандлагууд л байсан юм.

Долоод, чинээлэг хүмүүсийн хувьд аз жаргал, амжилт бүтээлээр арвин ажиллаж хөдөлмөрлөх, амьдралаа авч явахад бүтээлч хандлага хамгийн чухал гэж үздэг. Харин ядуу хүмүүс төрөлхөөс заяасан гоц ухаантай байх нь л сайхан амьдрахын үндэс болдог гэж итгэдэг. Түүнчлэн баян чинээлэг болох нь тохиолдлоор бий болдог зүйл гэдэгт итгэдэг гэнэ. Тэгвэл та бүхэн дэлхийн тэрбумтнууд болоод Монголын баячууд ч дунд сургуульдаа дундаас доош дүнтэй суралцаж байсныг та анзаарч байсан л биз дээ. Тэгэхээр ухаантай байна гэдэг баян чинээлэг амьдрахын үндэс гэдэг бол өрөөсгөл ойлголт байх нь.

Наймд, чинээлэг хүмүүсийн олонх нь хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байдаг. Чинээлэг хүмүүсийн 86 хувь нь долоо хоногт 50 цаг ба түүнээс ч илүү цагаар ажилладаг бол 81 хувь нь үүрэгт ажлаасаа илүүг хийж гүйцэтгэдэг байна. Гэтэл ядуу амьдралтай хүмүүсийн 43 хувь нь 50 цаг ба түүнээс илүү цагаар ажиллаж, 17 хувь нь л үүрэгт ажлаасаа илүүг хийж гүйцэтгэдэг байх жишээтэй. Тэгэхээр бүтээлч байдал бол санхүүгийн амжилтад хүрэх чухал зүйл гэдэг ойлголтын нэг хэсэг юм. Хэдий тийм боловч чинээлэг хүмүүс бүтээлч байдлыг алс хэтийн мөнгөн орлогын үнэлгээтэйгээ холбож үздэг бол ядуу хүмүүс бүтээлч байдлыг шагнал урамшуулал авч, цалингаа нэмүүлэх төдийхнөөр ойлгодог аж.

Ест, судалгаанд хамрагдсан нэг хүн “Эмнэлгийн орон дээрээс би мөнгө хийж чадахгүй шүү дээ!” гэжээ. Чинээлэг хүмүүсийн хувьд өвдөж болох ч түргэн тэнхэрдэг байхыг л эрүүл байна гэж үздэг байна. Ингэснээр өвдсөн цаг хугацаагаа нөхөж илүү бүтээлчээр ажиллаж илүү их мөнгө олно.

Аравт, судалгаанд хамрагдсан чинээлэг хүмүүсийн дийлэнх нь бизнесээр амжилтад хүрсэн хүмүүс байжээ. Өөрөөр хэлбэл, тэд эрсдэлээс эмээлгүйгээр зоригтой хөдөлснийхөө ачаар их туршлага хуримтлуулж амжилтад хүрсэн байна. Эдгээр чинээлэг хүмүүсийн 27 хувь нь амьдралдаа эсвэл бизнесээ эхлүүлж байхдаа хамгийн багадаа нэг удаа бүтэлгүйтэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Гэтэл ядуу буурай амьдралтай хүмүүсийн 2 хувь нь л бүтэлгүйтэж үзжээ. Өөрөөр хэлбэл, бүтэлгүйтэл бол тархинд сорви болж үлдсэн туршлагатай эд эс юм. Сургамж мөнх үргэлжилнэ” гэсэн үг. Азичуудын дийлэнх нь боломжийнхоо хэмжээнд л мөрөөддөг гэдэг. Тэгвэл европчууд сэтгэхүйнхээ хэрээр мөрөөд. Мөрөөдлийн чинь хэрээр боломж нээгдэнэ гэдэг. Энэ бол та өнөөдөр юу хүснэ, түүнийгээ л авна гэдэгтэй яг адилхан. Гэвч баян сэтгэлгээ гэдэг нь баярхах төдийхөн бус сэтгэхүйгээ л баяжуул гэсэн үг байх нь. Ингэхэд та боддог шигээ баян сэтгэлгээтэй хүн мөн байна уу. Хариултаа олсон гэж найдъя.

Зарим айхтар буурлууд “Ядуу айлын охин авснаас, баян айлын зарц ав” гэдэг. Энэ бол баян айлын зарц гэдэг хичнээн зарц ч гэлээ сэтгэлгээ нь баян болчихсон байдгийг илэрхийлсэн санаа юм. Харин ядуу айлынх нь болохоор хичнээн охин нь ч гэлээ ядуу л сэтгэлгээтэй байдаг. Баяжсан ч байгаа юмаа эдэлж хэрэглэж ч чаддаггүй, бусадтай хувааж чаддаггүй. Тэгэхээр баян сэтгэлгээ ялах уу, ядуу сэтгэлгээ цагаан тугаа өргөөд бууж өгөх үү.

Erennews.mn


Баян сэтгэлгээ & Ядуу сэтгэлгээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.