МУУДАЛЦААД БАЙГАА ТЭРСХЭН ХҮҮХДҮҮДЭЭ ЭВТЭЙ БОЛГОХ АРГУУД

3923Хүүхэд хол зайтай, ойрхон зайтай дүүтэй болсон аль аль нь стрессдэг ч дийлэнхдээ 2-3 насны зөрүүтнүүд хоорондоо их зөрчилддөг. Зөрчилдөөнийг бага байлгахын тулд дүүг төрөхөөс өмнө сэтгэлзүйг нь зөв бэлтгэх чухал.

  • Юу ч хийж байсан өөрийг нь анхаарч өхөөрдөн энхрийлдэг аав ээж гэнэт л өөр нэгнийг илүү анхаараад эхлэхийг хүүхэд маш сайн анзаарч ГОЛОГДСОН мэт санагддаг байна. Үүнийгээ илэрхийлж таны анхаарлыг татах гэж өмнөхөөсөө илүү уцаартай, уйланхай, эелдэг бус, зөрүүд зан гаргадаг. Тэр битгий хэл хийх дуртай байсан зүйлдээ огт дургүй болж стресстдэг. Жнь, зурагт ном их үздэг байсан хүүхэд ном хараад л зугтана. Зурж будах дуртай хүүхэд цаас хараад л би хиймээргүй байна гэдэг. Энэ нь хүүхэд номоо үзэж, зургаа зурж байхад дүү нь оролцож үзэг цаасыг нь булаалдаж, ном цаасыг нь базахаар дайсандаа дийлдсэн мэт мэдрэмж төрдөг. Иймээс том хүүхдээ дуртай зүйлээ хийх үед нь тохиромжтой орчинг бүрдүүлж өгөхийг заавал анхаараарай.
  • “Ах нь юм чинь, эгч нь юм чинь” гээд орхивол хүүхэд улам стресст орж, бүр даамжирвал өвчин болдог, өөртөө итгэлгүй болдог. Стресс ихэдсэн хүүхэд дийлэнхдээ зурагт үзэх гэх мэт ухамсаргүй анхаарал төвлөрөлтийн үедээ хумсаа мэрэх, хуруугаа хөхөх үйлдэл хийж улам ганцаараа байхыг хүсэх болдог. Мөн энд тэнд өвдлөө гэж худал гоншигнодог болдог. Тиймээс ойрхон хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ стрессийн учир шалтгааныг тогтоох, стресстэхийг болиулах талаар онцгойлон анхаарах хэрэгтэй.
  • Хүүхэд ээжийнхээ хажууд дүүгээ өхөөрдөж асарч байснаа түр орхих хооронд дүүгээ чимхэх юм уу, цохиж зодох тохиолдол олон гардаг. Тэдний энэхүү үйлдэл нь дүүдээ дургүйдээ бус өөрт нь чиглэж байсан эцэг эхийн хайр анхаарлыг дүү нь булаагаад авчхаас айсандаа хийдэг зүйл юм. Ийм тохиолдолд эцэг эхчүүд өөрсдийгөө дүүгийнх нь талд ороод байгаа юм биш биз, дүүг нь асрах гээд том хүүхдээ анзаарахгүй байгаа юм биз, ах эгч шиг бай гэж тулган шаардаад байгаа юм биш биз гэдгийг нягтлан үзэх хэрэгтэй.
  • Байх ёстой өөрчлөлтийг хүлээж авах нөхцөл бүрдүүлэх
  • Гарч болох өөрчлөлтийг дүүг нь төрөхөөс өмнө урьдчилан хийх хэрэгтэй. Том хүүхдийн өрөөг дүүд нь гаргаж өгөх хэрэгтэй бол өрөөг нь хүүхэд төрөхөөс хэдэн сарын өмнө солих буюу орыг нь том ороор сольж өгөөрэй. Дүүг нь төрснөөс хойш томыгоо харах боломжгүй бол хүүхдээ төрөхөөс хэдэн сарын өмнө том хүүхдээ цэцэрлэгт оруулах, бие даалгах хэрэгтэй.
  • Гадуурхагдаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхгүй байхаар санаа тавих. Ээж нь бага хүүхдээ хөхүүлж байх хооронд аав нь том хүүхэдтэйгээ тоглож том хүүхдэд ч бас дүүгийнхээ нэгэн адил хайрлуулж халамжлуулж байна гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Мөн том хүүхдийнхээ багынх нь зураг, бичлэг зэргийг үзүүлж, өөрийг нь ч бас багад нь дүү шиг нь усанд оруулж, живхийг нь сольж, хооллож байсныг харуулах нь үр дүнтэй
  • Оролцооны сэтгэлгээг мэдрүүлэх том хүүхдээрээ дүүгийнх нь угж, живх зэргийг авчруулж, тэгснээрээ дүүгээ халамжлах хайрлах шижмийг бий болгоорой. Дүү нь одоохондоо нас бага тул харж асрах хэрэгтэй гэдгийг заавал тайлбарлаарай.
  • Аав ээж өөрөө дүүтэй бол дүүгээ багад нь хэрхэн асарч одоо ч хэрхэн анхаарч халамжилж байгаагаа ярьж өгч эгчийн хувьд дүүгээ харж асрах нь бахархууштай хэрэг хэмээн урамшуулаарай.
  • Дүүд нь хувцас, тоглоом гэх мэтийг авахдаа ах, эгчийнх нь саналыг сонсож, сонголтыг тэднээр хийлгэж үзээрэй.
  • Томроод ирэхээрээ хоорондоо юмаа булаалдана, хэрэлдэнэ, хов зөөнө бас л асуудал. Хов зөөх бүрт аав ээж оролцож зөв бурууг тунгаах гэсний хэрэггүй хооронд нь өөрсдөөр нь зөв бурууг тунгаалгаж, нэгнийх нь сүйтгэсэн зүйлийг заавал хоёулангаар нь цэвэрлүүлж тэгш оролцоотой шийтгэл үзүүлж байх нь хүүхдийг хүлээцтэй байдалд сургадаг.

Г.Төмөрзаяа (БНСУ-ын Чонбук Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр)


МУУДАЛЦААД БАЙГАА ТЭРСХЭН ХҮҮХДҮҮДЭЭ ЭВТЭЙ БОЛГОХ АРГУУД
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.