Сэнгийн Эрдэнэ: Эцсийн тулаан

227

Үүр цайв. Хөгшин буурал сүргийн захад зүүрмэглэн зогсоно. Үүр цайхтай зэрэг унага, даага чилсэн биеэ тэнийлгэж тангаралдан наадна. Харин их насны морьд бол нар гарахыг хүлээж хэвтэх нь хэвтэж, зогсох нь зогсон хааяа нэг өвс хазлан эсвэл хөөс бургитал давсгаа суллан суниацгаана. Хөгшин буурал мэтийн амьтад өвс зулгаах ч үгүй, шээх ч үгүй зөвхөн нүд аньсан хэвээр, хааяа эвшээлгэн тургина. Тургихдаа ч ногооны шүүс болсон хамрынхаа самсааг сартайлган нэг муу найтаахчаа аядах ажээ.

Үүр цайхтай зэрэгцэн хязаалан байдас, үрээ морьд хурц шүдээрээ өвс ширд ширд зулгаана. Ийнхүү өглөөний сэрүүнд гэдэс цадаж авбал үдийн халуунд нуур усанд тийрэх юм уу, уулын өндрийн салхинд явж басхүү бие биеэ хажиглан зодолдоход таатай. Гүүнүүд унагаа энхрийлэн үүрсэнэ. Унагаа энхрийлэхээс өөрөөр бас үүрсэх нь тарган цатгалангаа гайхуулах буюу сүргийн захад үүрэглэн зогсох хөгшин буурлыг даажигнан, үүрийн шаргал туяа өөд ихэмсгээр ширтэн зогсох залуу хонгор азаргыг өдөж хатгах янзтай. Зуны халууныг хэлэх үү. Адууны шээснээс хүртэл агь таанын үнэр ханхийнэ. Хээр хоносон энэ нэгэн азарга адуу бол үнэнхүү жаргасан амьтад ажээ.

Адууны халиурсан тарган зоо үүрийн шаргал туяанд алт түрхсэн мэт туяа цацруулна. Энэ бүхнийг үзэхүл үнэхээр монгол хүний хийморь сэргэм бөгөөд агь гангын салхитай уудам чөлөөт талдаа адуун сүргийн дэргэд явахаас илүү жаргал үгүй гэлтэй. Гэвч өмхий утаа хаялан давхих төмөр тэрэг илүү сайхан унаа болсны улмаас энэ мэт эзэнгүй явах болсноо адуу хэдий ухаантай мал боловч хэрхэн тааварлах билээ. Ер дэллэх, малиндахаас бусад цагт онгон хээрийн амьдралаар амьдран үймэх түйвэхгүй нь сайхан.

Гэвч адууны ийм чөлөөт амьдралд ч атаа жөтөө, хайр энхрийлэл, тачаал хорсол, гуниг зовлон, баяр баясгалан цөм бий. Үүрийн туяаны өөдөөс ширтэн зогсох хонгор азарганы дүр байдалд “Би энэ сүргийн ганц эзэн” гэх янз илэрхий. Омог баярын цогоор гялалзах нүд рүү нь унжсан хөхлөө хааяа
нэг сэгсрэн зайлуулж өглөөний чийглэг агаар хамар сарталзуулан сороход хамаг биеийн судсаар урсан гүйх мэт болж дөрвөн хөлийн шандас зангирахад газар хааяа цавчилна. Хүч тэнхээ, шим шүлт багтаж ядан хээрийн салхитай уралдаж алсын алсад мандах нарны дор хөхрөн байгаа уул тийш хулжин одмоор санагдана.

Тарган биеэ дааж ядсан хэдэн гүү, тогтож ядан шарваганалдах хязаалан байдсууд тэр их хүчийг нь барахгүйг мэднэ. Тийнхүү сүргээ тойрч гүйх юм уу, “азарган чээж” гаргасан морьдыг шороо үмхтэл дайрна. Түүнээс өөр хүч гаргах шалтаг ховор. Сүргийн захад толгой унжуулан зогсох хөгшин буурал түүний эрх дураараа явахад ямар ч саадгүй амьтан. Бас адууны богинохон амьдралд их юм үзсэн толгой гэдэг нь илэрхий тул асман морьдыг дарангуйлдгийн адил ширүүн догшин авирлаж хараахан болохгүй мэт ажээ. Гэвч хөгшин зөнөг болсноо мэдэхгүй эрх дархад нь хөндлөнгөөс оролцох юм бол мөн л арьсыг нь хэгз хазаж, эрүүг нь зад өшиглөхөөс буцахгүй. Сүргийг эзэгнэн захирч, удам угсааг залгуулах адууны эр чадал түүний хэнхдэг чээжнээ оволзон буцална. Одоо тэр шөнийн шүүдэрт ногоонд гэдэс цадаж цангаа гараад зөвхөн наран мандахыг ширтэн зогсох ажээ.

Гэтэл нэг аальгүй загал байдас гүйн харайж урдуур нь орон биеэ өрөхөд “Зайл” гэж хөхөл дэлээ сэгсрэн илд мэт хурц шүдээ ярсхийлгэн ташаан толгойгий нь хазан алдтал загал тасхийтэл чарлан тангараад гүйн одов.

Наран ургажээ. Хөгшин буурал зуны шөнийн сэрүүхэнд боловч хөрсөн биеэ наранд таашаан шарж нүд анин зогсоно. Насаараа нар мандахыг үзсэнээс гадна залуу хонгор азаргатай адил алсын уулс тийш давхин одох хүсэлгүй тул нүд нээхийн ч хэрэггүй. Нүд аниастай бол бие илүү амрах шиг болдог нас.

Хөгшин буурал амьдралдаа мөн ч их юм үзсэн толгой болох нь андашгүй. Түүний зоо нуруу, хэнхдэг чээжинд олон удаагийн догшин тулааны ор сорви үлджээ. Энд тэнд нь цагаан хөдсөөр нөхөөс тавьсан адасга шиг үзэгдэнэ. Сүрэгтээ хосгүй харамч хажиг амьтан явсан юм санж. Гэхдээ зөвхөн зодоон цохионы сорви ч бус унага, сарваануудаа өлөн чононоос хамгаалан тэмцэж олсон нь ч бий. Гэвч түүнийг санах ухаантай амьтан байдаг эсэхийг бүү мэд. Үе мөчний шандас сулран бие хүндэрч өвс ногоо зулгаах шүд ч үгүй болоод ирэхэд гүү байдсууд тоохоо байж, залуу азарга хажиглан сүргийн захад шоовдорлогдон явдаг юм байж. Наранд бие халж судас шөрмөс тэнийхчээ болоход завжаараа ногооны шүүс гоожуулан тургилж нуруугаа нужигнатал хэд сайн суниагаад нүдээ нээж шүүдэрт ногоо үнэрлэн сүргээ тойрон явав. Ингэж газарт шингэсэн шивтэр шиншлэн сүргээ тойрох л ямар ч байсан азарга гэдгээ үзүүлэх ганц арга болжээ. Гэтэл хэдхэн алхтал залуу хонгор газар цавчлан хуухирч, нүдээ гал цог мэт гялалзуулан буйг үзээд азарган байдлаа даруйхан дарж өвс зулгаан зогсов.

Залуу хүчирхэг явсныг санахад одоо ийм болно гэдэг даанч гутармаар. Хөгшин бууралд гал цахилгаан мэт явсан цаг бий. Уралдаанд түрүүлж, зодоонд ч түрүүлж явсан. Ойр хавийн азарганууд цөм түүнээс сүрддэг сэн. Хөхөл дэлээ газар шүргэтэл намируулан аягын чинээ алаг нүдээ эргэлдүүлэн ган дөрвөн туураараа газрын хөрсийг өм цөм татан унгалдахад хамар амнаас нь гал манасхийх мэт болон байдсууд шээс алдаж, азарганууд хөл чичирдэг сэн.

Тэрбээр аль дайралдсан адууны сор тарган сайхан гүүнүүдийг булаан хураадаг байв. Түүний хүчийг үзээгүй азарга анхныхаа тулалдаанд ясаа хэмхлүүлэх шахаад дахин зодолдож зүрхэлдэггүй сэн. Соёолон наснаасаа эхлээд хэчнээн олон азаргатай тулалдаж дийлснийг тоолж баршгүй. Дийлэх тусмаа улаан нүдэлчхээд сүргээсээ хулжин нутаг ус алгасан давхидаг байж. Гэвч байгалийн жам ёсоор насанд дарагдаж дотор хэчнээн омог бардам байвч үнэхээр хүчин доройтохын зовлон ирэхэд анхандаа зөвхөн урьдын сүрээр бусдыг хий айлгаж явснаа сүүлдээ тэр ч үгүй болжээ. Цог хийморь доройтов. Эрх хүчин төгөлдөр амьтан аснаа ийм болчихсондоо бухимдан сүргийн захад толгой унжуулан зүүрмэглэх зуур хааяа чин зоригт залуу азарга болон гүү байдсыг гишгэж, ямар нэгэн азгүй азаргыг хэмх хазаж, шороо үмхтэл дайран унагаж зүүдэлнэ.

Харин энэ өнтэй зуны шим шүүс хөгшин биеийг хатгаснаас ч юм уу эсвэл өнөөх зөнөх гэгч нь ч юм уу, заримдаа гэнэт уур омог хор шар буцлан тийнхүү залуу догшин хэвээрээ яваа нь зүүд биш үнэн юм шиг болно.

Одоо ч гэсэн залуу хонгороос эрхгүй айн хулмалзаж өвс хэд зулгааснаа үнэхээр нэг юманд хатгуулсан юм шиг зүрх нь гэнэт оволзон уур омог бадрав. Тийнхүү шороо манасхийтэл хамраа дуугарган толгойгоо огцом өргөхөд шингэн боловч хур дэл нь хөх дөл дүрсхийх адил хийсэх нь өглөөний наранд гялсхийв. Өтөлсөн болохоос үхсэн биш гэдэг л энэ. Хөгшин буурал ийнхүү онгод оронгуут энэ сүргийн ганц эзэн аргагүй мөн бөгөөд гүү байдсууд түүнийг үзэн шарваганалдах залуу
хонгор азарга ч “аавын чээж”-ээс цаашгүй харагдав. “Ай борвиндоо бааст чи зориг байвал хүрээд ир!” Хөгшин буурал газар доргитол шар шүдээ тачигнуулан хонгор азарганы өөдөөс өрж зогслоо. Цаадах нь эхлээд “Би зүүдлэв үү?” гэсэн шиг тээнэгэлзсэнээ дөрвөн хөлийн доороос нэгэн зэрэг шороо манаран агаарт хөөрөх мэт болоод дайран орж ирэв. Хөгшин буурал цоройж амжсангүй. Тэр нь сайн болж. Хэрэв цоройсон бол өеөдчих байлаа. Залуу хонгор толгой дээр нь мордон мундаан дээрээс нь хэгз хазахад хөгшин буурал тэсэхүйеэ бэрх өвдөж хоолой шахан чарлаад тангарах санаатай эргэтэл бөгсөө даасангүй. Ташаан толгойгоо мөн хэгз татуулж сөгдөх шахаад арай чүү мултран толгойгоо унжуулсаар өглөөний наранд цэлийсэн хээр тал руу яваад өглөө. Хөгшин буурлын үс салхинд хийсэж байсан бөгөөд энэ бол түүний эцсийн тулаан болжээ.


Сэнгийн Эрдэнэ: Эцсийн тулаан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex