Реппер Maberrant: Би өөрийнхөө хамгийн сайн хувилбараар амьдарч байгаа

777f2c_5-24-1_x974
Монголын хип хоп урлагийг Maberrant-ийн орон зайгүйгээр төсөөлөхөд бэрх. Өвөрмөц, давтагдашгүй гүнзгий утгатай дуунуудаараа тэр хип хоп сонирхогчдын  дунд хэдийнэ алдартай болсон. “Aberrant буюу нэгэн хэвийн сэтгэдэггүй, бусдаас өөр гэсэн утгатай үгэн дээр нэрний эхний үсгээ нэмээд Maberrant  хэмээх тайзны нэртэй болсон залуу уран бүтээлч, реппер Г.Мягмардоржийг “Өөр зочин” буландаа урилаа. Тэр энэ ням гаригт шинэ цомгийн нээлтээ хийх гэж байгаа юм.
-Хоёр дахь цомгийн нээлтээ хийх гэж байгаад баяр хүргэе. Яагаад “Хоосон” гэж нэрлэсэн юм бэ?
-Баярлалаа. 2016 онд “Миний хэлэх утга” нэртэйгээр анхны цомгоо гаргахдаа CD худалдаж авах боломжгүй орон нутгийн хүмүүстээ линкээр нь татаж аваад сонсох хэлбэрээр түгээсэн.
Энэ нь  цомогтойгоо ижил үнэтэй байсан юм. Гэтэл хүмүүс “Би цомог аваагүй байхад яагаад адилхан үнэтэй байгаа юм бэ” гэж асуухад нь  “Та мөнгөө миний дуунуудад төлж байгаа болохоос сав баглаа боодолд биш шүү дээ” гэж хариулж байсан. Тиймээс ямар ч нэр, зураггүй, хоосон CD дээр дуунуудаа суулгаад дараагийнхаа цомгийг гаргана гэж бодсон учраас ийм нэр өгсөн. “Хоосон” цомогт “Dual Zet” студитэй хамтарч ажилласнаас хойш цацагдсан 13 дуу, дөрвөн шинэ дуу, дөрвөн  шинэ track байгаа. Өнөөдөр нэг шинэ дууны клип нь цацагдах байх. Өмнөх цомгоо бодвол утга агууламж, өнгө аяс, дүрсжүүлэлт, дууны чанар зэрэг дээр эрс сайжирсан. Эхний цомог олон шинэ дуутай байсан бол энэ удаагийнх сонсогчдод хүрсэн дуу олонтой болсон.  Мөн илүү зөөлөрсөн, ухаарал өгөхөөр болсон.
-“Rap Dembee”-д орж байсан үеэс тань мэднэ. Мөн “Вackyard” шоуны шилдэг аравт багтаж байсан. Энэ тэмцээнүүдэд оролцож байсан Maberrant өнөөдөр хэр өөрчлөгдсөн бэ?
– Нас нэмсэн учир илүү төлөвшсөн, бас харилцааны тал дээр илүү сайжирсан байх. Хамгийн анх олны өмнө гарна гэдэг хүнд даваа байлаа. Тэмцээний үеэр надаас дуу бараг гардаггүй байсан байх.
– Хип хоп хөгжимд таныг донтуулагч нь юу юм бол?
– Яг юу нь намайг тэгж ихээр татаад байдгийг мэдэхгүй юм. Нэг өдөр найзынхаа гитар тоглож, дуу дуулахыг хоёр цаг сонсож суухад надад их гоё санагдсан л даа. Гэхдээ хоёр цаг гитарын аялгуу сонсчихоод найзыгаа явсны дараа хип хоп дуу тавих тэр үед реппер хүн гэдгээ илүү мэдэрсэн гэх үү дээ. Тэр найз маань миний компьютерийг засч өгчихөөд явахдаа хоёр дуу суулгаж өгсөн юм.  Тэр хоёр дууг сонссоор байгаад үндсэн элементүүдийг нь ойлгоод эхлээд rhyme холбож сураад дараа нь цаасан дээр буулгаад л  дуу бичиж эхэлсэн . 2011 онд анхны үгээ бичиж байсан. Анх хийж байсан гурван дууны хоёр нь хайрын дуу, нэг нь хардалтын тухай “хямдхан” дуу байсан. Хайрын дуу угаасаа амархан гарчихдаг шүү дээ.
-Дууны үгээ ямар үед бичдэг вэ?
– Ганцаараа шөнө оройн цагаар л бичдэг. Их удаан бодож байж бичнэ. Үе үе гоё санаа орж ирэхээр утсан дээрээ бичээд хадгалчихдаг. Дараа нь ганцаараа ая сонсоод сууж байхдаа бичсэн үгээ гаргаж ирээд баяжуулж бүтээл болгоно. Тэмдэглэж аваагүйгээс болоод гэнэт орж ирсэн олон гоё санаагаа мартаж байсан.
-Архитектур мэргэжилтэй гэж сонссон. Мэргэжлээрээ ажиллаж байв уу?
-Хүнсний технологийн коллежийг мах, махан бүтээгдэхүүний тех­никч мэргэжлээр төгсөөд дараа нь Үндэсний техникийн дээд сур­гуулийг архитектураар төгссөн. Мэргэжлээрээ  ажиллаж байгаагүй, ажиллаж үзье гэсэн бодол ч байдаггүй, угаасаа ажиллаж чадахгүй байх. Гэхдээ реппер болоогүй байсан бол мэргэжлээрээ ажиллаж цалингаа аваад, гэр ажлын хооронд нэгэн хэвийн амьдрах байсан болов уу.  Харин би хоол хийх дуртай шүү. Бүх төрлийн хоолыг сайн хийдэг. Таван жил тогооч хийж, пиццаны газарт ажиллаж, хүнсний коллежид сурч байсан. Өөрөө өөртөө хоол хийж өгөх хамгийн сайхан.
-“Хэв маяг” дуугаар өөрийн­хөөрөө байхыг илэрхийлдэг. Таны бод­лоор өөрийнхөөрөө байна гэж юуг хэлэх вэ. Та ер нь өөрийгөө олсон уу?
– Дуу хийх өнцгөө олсон учраас өөрийгөө олсон гэж бодож байна. Би өөрийнхөө хамгийн сайн хувилбараар амьдарч байгаа. Өөрийнхөөрөө байна гэдэг гэр бүлийн хүмүүжил, хувь  хүний төлөвшилтэй холбоотой. Багаасаа яаж төлөвшсөн тэрүүгээрээ л массыг дагалгүйгээр өөрийн гэсэн үзэл бодолтой, түүндээ үнэнч байхыг хэлнэ байх. Гэхдээ үзэл бодолдоо үнэнч гэдгийг зарим хүмүүс зөрүүд зантай андуурч өөрийнхөөрөө дайраад байдаг. Энэ бол өөрийнхөөрөө байх биш. Аливаа зүйлд нухацтай хэрнээ өөрийнхөө хэв шинж, үзэл бодлыг алдахгүй байх нь чухал. “Brain or Heart” дууг сонссон бол клипэн дээр нь  би босоод явчихдаг. Хэрвээ зүрхээ сонссон бол тэнд сууж үлдэх байсан. Ямарваа нэгэн юмыг сэтгэл хөдлөлөөр шийдэх нь буруу, тархи бүгдийг дийлдэг, ухаантай бай гэсэн санааг л  уг дуугаар илэрхийлэхийг хүссэн юм.
-Залуу хүний хувьд баримталдаг зарчим нь юу вэ?
– Ер нь зарчимгүй амьдарчихдаг шүү. /инээв/ Сүүлийн үед өмнөх ажлаа л сайн хийе гэсэн зарчмаар амьдарч байгаа. Мөн хөдөлмөрч хүн бүрийг хайрлая, дэмжье гэдэг үгийг би трэнд болгохоор шийдсэн. Хүн хөдөлмөрлөөд байхаар ямар нэг юм заавал гарч ирдэг. Би хүмүүст байнга эерэг зүйл ярьж, урам зориг өгч, сэтгэл санаагаар дэмжиж хайрыг түгээхийг хичээдэг, нэг их бухимдаад байдаггүй, байнга инээгээд л явж байхыг хүсдэг.
-Анх хэзээ шивээс хийлгэж байсан бэ. Гарын тань шивээс их өвөрмөц санагдлаа?
– Анх 15 настайдаа анхны хайрынхаа нэрийг хөлөн дээрээ ши­вүүл­сэн ч сүүлд арилгуулсан. Би өнгөлөг шивээсэнд дуртай, хар шивээсэнд бол нэг их дуртай биш. Шивээс хийлгэхдээ гүнзгий юм боддоггүй, таалагдсанаа л хийлгэдэг. Ха­ра­хад өвөрмөц, энгийн биш, ховор бай­вал хийлгэмээр санагдаад байдаг юм.
-Танд дахин төрөх боломж олдвол хүн болж төрөх үү. Энэ талаар бодож байсан уу?
-Би шашин шүтдэггүй учир хүн ахин төрнө гэдэгт итгэдэггүй. Хэрвээ шүтлэгтэн байсан бол бороо болж төрөх байсан байх. Бороо надад таатай, эерэг мэдрэмжийг өгдөг учраас маш их дуртай. Бороо орж байхад сонсоход зориулсан маш гоё дуу шинэ цомогт орсон байгаа.
-Фэнүүддээ зориулж юу хэлэх вэ?
– Би хүмүүсээс эерэг зүйлийг мэдэрч өөрөө ч эерэг зүйлийг түгээх дуртай.  Тиймдээ ч урт захиа, бэлэг хүлээж авахдаа их баярладаг. Та нартаа бүгдэд нь хайртай шүү гэж хэлье.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Реппер Maberrant: Би өөрийнхөө хамгийн сайн хувилбараар амьдарч байгаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.