“Aladdin” уран сайхны кино нээлтээ хийсэн даруй “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ. АНУ-ын ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэх өдрөөс өмнө буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд “Aladdin” кино 86.1 сая ам.долларын орлого олсон талаар “Comscore” мэдээллээ.
Энэ нь гэхдээ 183 сая ам.долларын төсвөөр бүтсэн киноны хувьд шинжээчдийн таамгаас хүрээгүй дүн болжээ. Хэдий тийм боловч “Aladdin” кино “Cinemascore”-оос “A” үнэлгээ авсан төдийгүй олон улсын орлого нь 207 сая ам.доллароор хэмжигдэж байна.
Харин “John Wick: Chapter 3 – Parabellum” кино 24.3 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтыг удаалжээ. Ингэснээр Хойд Америкт орлого нь 107 сая ам.доллар хүрч, “John Wick”-ийн франчайзингийн хамгийн өндөр орлого олсон бүтээлээр нэрлэгдэж байна. 55 сая ам.долларын зардлаар бүтсэн энэхүү киноны олон улсын орлого 175 сая ам.доллароор хэмжигдэж байгаа ажээ. “John Wick: Chapter 4” нь 2021 оны тавдугаар сард гарахаар товлогдоод байгаа юм.
Үүнээс гадна “Avengers: Endgame” кино 16.8 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Хойд Америкт орлого нь 800 сая ам.доллар давсан байна. “Box Office”-ийн түүхэнд өмнө нь “Star Wars: The Force Awakens” кино ийм өндөр орлого олж байжээ. Харин олон улсын орлого нь 2.6 тэрбум ам.доллар давсан байна. Энэ нь бүх цаг үеийн хамгийн өндөр орлого олсон “Avatar”-ийн амжилтаас 111 сая ам.долларын зөрүүтэй дүн болж байгаа юм.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
BloombergTV.mn