Шинэ залуутай танилцахаараа бид эхлээд түүнийг өөрсдөө, дараагаар нь найзуудаараа түүнийг шинжүүлдэг. Эсвэл бүр огт шинжүүлэхгүй байхыг хүсдэг нь ч бий. Учир нь тэд нэг бол та хоёрыг гайхалтай тохирсон хос гэж хэлнэ, эсвэл бүр дор, түүнийг чамд хэзээ ч тохирохгүй гэж хэлнэ гэдгийг чи мэддэг.
Чи найзуудаасаа, ‘Та хоёр биш ээ’ гэх юм уу ‘Чи тэрний хажууд байхаараа өөр болчих юм’ гэж хэлж байсан уу? Тэд үнэхээр чиний төлөө санаа зовж байж болох ч, эсрэгээрээ зүгээр л чамд эмэгтэй хүний төрөлхийн зөнгөөрөө атаархаж байгаагаа өөрсдөө ч мэдэхгүй байж мэднэ. Найз хүүхнүүдээ чиний болон, түүний тухай ярих үед хэзээ сонсож, хэзээ үл тоомсорлох ёстой вэ?
Сонсох ёстой:
• Чи түүний хажууд өөрийнхөөрөө байж чадахгүй байвал. Жирийн үед “цагаан хоолой” шиг чангаар инээж байдаг атлаа түүний хажууд дуугаа хураачихаад байгааг чинь сануулж хэлж байвал үгийг нь сонс.
• Чи түүнээс болоод йогийнхоо хичээлийг тасалж байвал. Хэрэв найзууд чинь чамайг түүнтэй уулзахын тулд өнгөрсөн 2 сарынхаа дасгалыг тасалж, ажилдаа байнга оройтож очоод байгааг сануулвал тэдний үгийг анхааралтай сонс. Чи магадгүй өөрийнхөө биш найз залуугийнхаа амьдралаар амьдарч, түүний цаг зав, нөхцөл бололцоонд хэт их тааруулдаг болоод байга байх. Сайн хамтрагч харин ч чамайг өөрийн сонирхол хоббигоо хөөхийг чинь дэмжих ёстой.
• Чи урьд нь дэмждэг байсан баг, шүтдэг байсан шашин, сонсдог байсан дуунаасаа татгалзаж эхэлвэл. Тамхи татахыг, гудамжинд хог хаяхыг эрс эсэргүүцдэг байсан хирнээ түүнтэй уулздаг болсноосоо хойш үзэл бодол чинь нурж эхлээд байвал энэ тухай анхааруулж байгаа найзуудынхаа үгэнд ор. Эр хүнээс болоод өөрийнхөө үнэт зүйлсээс татгалзана гэдэг муугийн дохио.
• Тэр чиний уулзаад аз жаргалтай болдог цорын ганц хүн болоод байвал. Би “өөрийнхөө амьдралаар амьдарна” гэж чи ярьдаг мөртлөө, бусад дотны хүмүүсээ үл тоомсорлож, ганцхан түүнтэй л байхаар тэмүүлдэг болоод байвал найзуудынхаа гомдол тээсэн үгийг сонсож өөртөө дүн шинжилгээ хий.
Үл тоох, тэмцэх ёстой:
• Чи түүний хажууд түшигтэй, тухтай байдаг бол- Шинэ танилцсан найз залуу чинь “хоёрдугаар сувгийн” онигоо ярьдаг байг. Гэхдээ чи ч бас ярьдаг, бас түүнээсээ ичдэггүйгээр барахгүй, харин ч хөгжилтэй гэж үздэг байвал үүнд ямар ч асуудал байхгүй. Найзууд чинь үүнийг заваан гэж үзэж байсан ч, энэ нь та хоёрын сайхан тохирсныг илтгэж байгаа тохиолдолд бүү тоо.
• Найзууд чинь бүгд ганц бие, ууртай бол. Хэрэв найзууд чинь чамтай бараг өдөр бүр уулзаж байгаа хирнээ, чамайг түүнтэй цуг хэтэрхий их цагийг өнгөрүүлж байна хэмээн уурлаж байвал нэг их тоох хэрэггүй. Тэд өөрсдөө ч мэдэлгүй чамайг жаргалтай байгааг хараад атаархаж байгаа юм.
• Найзууд чинь түүнтэй танилцахаас татгалзаж байвал. Хэзээ ч уулзаж байгаа хүнийхээ талаар зөв үнэлэлт дүгнэлт өгөх нь байж боломгүй зүйл. Хэрэв чамайг найз залуугийнхаа тухай ярихад найзууд чинь түүнийг мэдэхгүй хирнээ нэг ч олигтой үг хэлэхгүй байвал, нэг өдөр цуг уулзахыг хүс. Тэгвэл тэдний бодол өөрчлөгдөж магадгүй.
• Тэд чиний хүсэл сонирхлыг үл ойшоож байвал. Дотны хүмүүс маань заримдаа биднийг биднийг огт сонирхдоггүй мэргэжил сонгохыг шаардаж, дургүй төрлийн хүнтэй гэрлүүлэх гэдэг. Эсвэл тэд чамд өндөр, царайлаг, үл ялиг сахалтай, сайхан биетэй төгс эр л тохирно гэж боддог. Энэ нь тэдний хайрын илрэл юм. Гэхдээ “Чамд тэрнээс илүү залуу олдоно ш дээ” гэж хэлсэн гээд салах тухай бодох нь утгагүй хэрэг. Хэрэв тэр чамайг дэмждэг, чи түүний хажууд тайван байдаг, та хоёр нэг зүг рүү харж чаддаг л бол гадаад байдал тийм ч чухал биш. Чамайг жаргалтай байгааг хараад найзууд ч бас жаргалтай байх ёстой гэдгийг санаарай.