Ээлжийнхээ амралтаа аваад хэд хоног сайхан амарчихсан биш өмд, хувцас эхнээсээ барих хандлагатай болчихжээ. Эргээд формондоо орохгүй бол энэ арай л биш ээ, хэмээн халаглан сууна уу? Тэгвэл хурдан хугацаанд энгийн байдлаар хэрхэн хэвийн хэмжээндээ очих талаар зөвлөгөөг өгье. Та өөрийн хоол хүнсний зохицуулалт, багахан хичээл зүтгэлээрээ эргэн сайхан бие галбираа олж авах болно.
Зорилтынхоо тухай тэмдэглэгээ хий
Хэрвээ чи нэгэнт л жингээ хаяхаар шийдэж, турах үйл ажиллагаанд орсон бол анхнаасаа төлөвлөгөөтэй ажилла. Яг одоо хэдэн кг байна, ямар хугацаанд хэвийн хэмжээндээ хүрэхээр зорьж байгаагаа нэг нэгэнгүй бич. Мөн ингэхийн тулд хичнээн хугацааг өдөрт зарцуулж байх тухай гээд бүхий л зүйлсээ жагсаан бич.
Нүүрс ус, хийжүүлсэн ундаанаас татгалз
Цагаан будаа, цагаан талх, гурилан бүтээгдэхүүн, төмс зэргээс татгалзахгүй л юм бол турна гэж яриад ч хэрэггүй. Учир нь нүүрс устай хүнсний бүтээгдэхүүнд задрал удаан явагдаж таргалалтанд нөлөөлдөг. Жишээ нь 1гр нүүрс ус исэлдэхэд 4 калл илчлэг ялгаруулдаг байна. Өөрөөр хэлбэл бие чинь илүүдэл жингээ аль болох хурдан шатааж дуусахыг хүсэж байвч, ам чинь ахин дахин хоолоор ходоодоо “өрдөөд” байнаа гэсэн үг. Тэгэхээр эдгээр хүнсний бүтээгдэхүүнээс татгалзахгүй юм бол үр дүнд хүрнэ гэж бодох хэрэггүй. Дээр нь чи хөдөлгөөнгүй ажил хийдэг бол бүүр санах ч хэрэггүй.
Чихэртэй кофеноос татгалз
Чихэртэй кофе нь нүүрс устай адил хэрэгцээт бус калорийг ялгаруулдаг. Нэг аяга Мокка 520 калори илчлэгтэй байдаг. Энэ нь томхон хэмжээний хоёр чийзбургер идсэнтэй тэнцэнэ гээд бод доо!
Хоол идэхийнхээ өмнө ус уу
Чи үнэхээр өлссөн үү? Аль эсвэл цангаа юу? Хэрвээ чамд өлсөх мэдрэмж төрж байвал эхлээд аяга ус уугаад үз. Түүний дараа үнэхээр өлссөн үү, эсвэл зүгээр л цангаж уу? гэдэг чинь мэдэгдэх болно. Таргалаад ирэхээр хүмүүсийн хоолны дуршил нэмэгддэг. Сав л хийвэл юм идсээр санагдаад байдаг талтай. Ихэнх хүмүүс цангаж байгаагаа өлсөхтэй андуурдаг. Тиймээс юм идэхийнхээ өмнө заавал ус ууж өөрийгөө “шалгаж” байгаарай. Ингэвэл чи шаардлагагүй тохиолдолд гаднаас орж ирэх калорийн хэмжээг багасгаж чадах болно.
Жимс жимсгэнэ, хүнсний ногооны хэрэглээгээ ихэсгэ
Өнөөдөр чи ямар амттан “хивсэн” бэ? Хэрвээ чиний хөнгөн хооллолтын жагсаалтанд жимс, хүнсний ногоо биш чипс, чихэр амттан, давсалсан бүтээгдэхүүн багтдаг бол хэзээ ч амархан турахгүй харин ч өдөрт зуу зуун калор өөртөө хуримтлуулж байна гэсэн үг.
Олон зажилж, удаан ид
Өөрийгөө бодоод үз дээ, чи байнга өлссөн хойноо хооллож, маш хуртайгаар иддэг үү? Тэгвэл нэг удаа өөрийгөө ажиглаж удаан хооллоод үзээрэй. Удаан хооллоход хүн амархан цаддаг. Ер нь хурдан иддэг хүмүүс бодисын солилцоо явагдаж, цадах мэдрэмж тархинд очихоос түрүүлээд хамаг хоолоо идчихсэн байдаг. Тиймээс хоолоо амтархан удаанаар, олон зажилж, цадаж байгаагаа мэдэрч идэх хэрэгтэй. Өдөрт их хэмжээгээр гурван удаа хооллосноос илүү бага хэмжээгээр 5 удаа хооллох нь дээр.
Календарь хөтөл
Хэдэн өдөр турах үйл ажиллагаа хэрэгжүүллээ гэтэл таардаг байсан жинсэн өмд чинь бага зэрэг бариад байна уу? Санаа зоволтгүй дээ, хэрвээ чи хичээл зүтгэл гаргасан бол үр дүн гарсан л байж таараа. Харин календарь гаргаж ирээд биений юм ирэх хугацаагаа хараарай. Энэ үед гармоны өөрчлөлтийн улмаас бага зэрэг жин нэмсэн мэт сэтгэгдэл төрж, хэвлий хэсгээр цүдийчихдэг. Гэхдээ удалгүй хэвийн байдалдаа орчихно. Мөн календарь хөтлөх нь хэдий хэр хугацаанд ямархуу үр дүнтэй байгааг харуулах давуу талтай юм.
Goolingoo.mn