Яах уу: Найз нь чамд сээтэн хаяад байвал…

9308625

Нэгэн орой найз залуу болон түүний нөхөдтэй хамт гадуур гарахаар болов. Найзуудаас нь гайгүй оноо авах гээд, бас хайртынхаа бахархлыг төрүүлэхийн тулд хэдэн цаг зарцуулж бэлдээд цоглог гэгч нь гэрээсээ гарав аа. Бүх зүйл тэр нэг залуу чиний өгзгөнд дураараа хүрэх хүртэл гайхалтай сайхан байлаа. Найз залуугийн чинь найз чамд сээтэн хаяад, өдөөд байвал яах уу? Тэгээд бүр найз залууг чинь эзгүйчлээд байдаг…

Шууд л эргэж хараад цохон дундуур нь цүнхээрээ буулгаад авахыг хүсч байгааг чинь ойлгож байна аа. Гэхдээ асуудалд сэтгэл хөдлөлөөр хандах нь зөв үү? За, хамтдаа зөв шийдлийг нь олцгооё.

Сөрөг шийдэл: Тэр хавиар бухимдаж хэрүүл үүсгэх, уйлан гарч гүйх, тэр дор нь найз залуудаа ууртай нь аргагүй ховлож тэднийг хагаралдуулах.

Эерэг шийдэл: Тэр ямар ч үйлдэл гаргасан бай эхлээд ямартай ч дургүй байгаагаа илэрхийлээд түүнээс холд. Тэгээд тэр оройн турш аль болох түүнээс зайгаа барь. Асуудал тэгсгээд дуусвал бүхнийг зөнд нь өнгөрөө. Харин ахин уулзах, тааралдах бүрт тэгээд байвал өөрийн зүгээс түүнтэй тааралдахгүй байх арга хэмжээг ав. Хайртыгаа тэр найзтайгаа хамт байна гэвэл завгүй гэж хэлээд уулзалтанд нь битгий оч. Тэгээд тэр залуу хайртын чинь хувьд ямар найз нь вэ гэдгийг асууж мэд. Хэрвээ тийм ч дотны, чухал найз нь биш бол ямар асуудал үүсээд байгааг хэл. Хэрхэн зохицуулах нь найз залуугийн чинь асуудал. Харин хар багаасаа хамтдаа шороо идэж өссөн сайн найз нь бол эхний ээлжинд хэргийн эзэнтэй эрүүл үед нь ярилц. Гол нь эрүүл үед нь. Ингээд ч болохгүй байвал найз залуудаа хэлээрэй. Хэтэрхий удаан нууж явбал харин ч хайртдаа буруу ойлголт төрүүлж мэднэ.

Яагаад ингэх ёстой гэж? Тэр хэдийгээр чамд бүдүүлэг зан гаргасан боловч эргээд уурлаж хашигчвал түүнээс ялгаагүй бүдүүлэг нэгэн мэтээр харагдах болно. Гэвч тэр халамцсандаа алдаа гаргасан байж болно шүү дээ. Гэтэл чи түүнийг нь дэвэргээд тэр хавиар нэг юм болгочихвол найзууд нь эцсийн эцэст чамайг л буруутгах болно. Эсвэл бүр болгож тавих гэж байгаад өөрөө эвгүй байдалд орчихож ч мэднэ. Бас юу ч хэлэлгүй уйлж гарч гүйснээр жинхнээсээ уур амьсгалыг эвдэх болно. Тэнд байгаа хүмүүс яахаа мэдэхгүй болж, сонин царайлцгаана. Тэгээд дараа нь ахиж чамайг харахыг хүсэхгүй л болов уу эсвэл чамайг “усан нүдэн гүнж” хэмээн хочилж сэмхэн жиг жуг ярилцана, залууд чинь “Тэр охин чинь жоохон юмтай байх аа” ч гэж ярьж магадгүй. Хүн болгон өөрийнхөө хүнийг л гэдэг. Тэд чин үнэндээ юу болсныг мэдэхгүй байсан ч, одоохондоо чиний хувьд хар элгийн хүмүүс учраас найзуудад нь гомдоллох эрхгүй. Найз залуудаа яаран ховлож уурыг нь хүргэснээр эргээд эрчүүдийн хоорондох үл ойлголцлоос болж таагүй зүйл болж мэднэ. Эрчүүд угийн л асуудлыг хүчээр шийдэх гэдэг улс. Хайртынхаа байх байхгүйд чи хаана ч олон янзын хүмүүстэй тааралдана. Тэр болгонд аятайхан татгалзаж, зайлсхийх замаар асуудлыг шийдэж сурах нь нэр төрөө ч, өөрийгөө ч аврахад чухал шүү.


Яах уу: Найз нь чамд сээтэн хаяад байвал…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.