Ярилцсан До.ЦЭНДЖАВ
“Шог зураач В.Одгийв” гэхлээр ялангуяа дээхнэ үеийнхэн андахгүй. Одоо ч миний нүдэнд түүний зурсан элдвийн зураг тодоос тод харагдаж байна. Хүний сэтгэлд хүргэж юмаа урлана, үлдээнэ гэдэг энэ. Хүнд байгалиас гоц ухаан, авьяас заяасны нэг нь яах аргагүй Одгийв гуай. Бүх зүйлийг өчигдрийн юм шиг он, сар, өдөр, нэр зүсээр ярина. Уг нь тэднийд хэд хоногоор хэвтчихмээр. Их зүйлийг мэдэж, сонсож авах юм байна. Одоо Гацууртад хашаа байшинд хүүгийн хамт хамрын ханиад хүрэлгүй нийтийн жишгээр, боломжийн л амьдарч байна. Лав л дэлгүүрийн сүүг тоодоггүй юм билээ. Сүүтэй очсон чинь буцаагаад өгчихнө билээ.
-Шог зураач Одгийв гээд таны нэр аль 40-өөд оноос л “Матар”, “Хүмүүжил жигшил”, “Тоншуул” сэтгүүлээс салахгүй явж ирсэн. Нэ рээр чинь хүмүүс андахгүй. Танд ийм содон нэрийг хэн өгсөн юм бэ?
-Би эхлээд Отив гэдэг нэртэй байсан хүн. Нэг их алдартай рэнбүү- чий өгсөн. Манай нутгийнханд ийм нэртэй хүн цөөнгүй байсан. Сүүлдээ Буриадад очоод Одкийв гэсэн нэртэй болж үзлээ. 1944 онд байхаа даа, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен гуай хоёр “Үнэн” сонины газар юм яриад сууж байсан. “Үгүй ээ, чи хачин нэртэй хүн шүү. Одгийв гэж хэлбэл дээр юм биш үү” гэж Ц.Дамдинсүрэн гуай хэлэхэд “Бор шувуу гуай чинь харин ч нэг сайхан нэр өглөө шив дээ” гээд Б.Ринчен гуай буурал сахлаа имэрсэн. Ингээд би хоёр мундаг эрдэмтний дундаас ийм нэртэй болсон. Сайхан утгатай нэр байгаа биз дээ. Энэ нэр надад хүнддээгүй, одоо 92 шүргэж, ухаан санаагаа арай гээчихээг үй явнаа, хүү минь.
-Яаж яваад зураач болов?
-Зохиолч С.Буяннэмэх гуай шууд нөлөөлсөн. Улсын 15 жилийн ой болох гээд их хөл хөөрцөг болсон. С.Буяннэмэх Уран сайхны зөвлөлийн дарга, их нэр хүндтэй хүн байлаа шүү дээ. Тэгээд аймгуудын клубийн эрхлэгч нарыг цуглуулаад үүрэг өгчээ. Их ойгоор уран зургийн том үзэсгэлэн гаргана. Авьяастай хүмүүсээр зураг зуруул, элдэв сийлбэр, хатгамал гээд шинэ бүтээл хийлгэ гэжээ. Багшийн сургуульд сурч байсан үе. 1936 онд улсын анхны баатар Гонгор төрж, сонин хэвлэлээр зураг нь их гарч, мандаж байв. Би түүний зургийг сонин дээрээс хараад дайснаас нуугдаж байгаагаар зураад нуруун дээр нь “Улсын баатар Гонгор” гээд бичихлээ. Энэ С.Буяннэмэх үзэсгэлэнг үзэж яваад “Чи яагаад Гонгор баатрыг нуугдаж тоглож байгаа хүүхэд шиг зурчихаав” гэхэд “Баатрыг ил гаргавал дайсан буудчихна шүү дээ” гэхэд учиргүй инээгээд “Уран зураг гэдэг амьдралаас өөр, урлаг гэдэг өөрөө ном журамтай. Заавал амьдралтай таарах учиргүй, баатрыг ил гарга. Дахиад зур. Гонгортой овоо төстэй болж, хилчний хөдсөн дээлтэй зураад улсын үзэсгэлэнд явуул” гэсэн. Ингэж тэр мундаг хүн надад яаж зурахыг зааж, урам өгсөн юм.”Хүмүүжил жигшил” шог сэтгүүлийг чинь С.Буяннэмэх санаачилсан юм шүү дээ. Тэгээд улсын баатар Шагдарсүрэн, Дэмбэрэл нарыг зурсан. Болж л гэцгээж байсан. Бүтээлээ баатруудын хөргөөр эхэлсэн хүн.
-Та их юм үзэж туулсан байх. Хоёр удаа цаазлуулах шахсан гэж сонссон, энэ үнэн үү?
-Үнэнээр барах уу даа. Би жаахандаа хоёр эхийг тэлээлж хөхөөд мантайсан тарган цатгалан юм байжээ. Намайг мөлхөж байхад гурван лам ирсэн гэдэг юм. Вандагийн хүү жирийн биш гэнээ, Тарган бандидагийн хойт дүр, хувилгаан гэнээ гэсэн яриа цуурхал таржээ. Ээжээс минь хүртэл адис авах гэж хормойддог болсон гэж байгаа. Нэг их том рэнбүүчий “Танай нутгийн уугуул эхийн хэвлийгээс Тарган бандидагийн хойт дүр төдөн сарын тийм өдөр төрнө” гээд баахан шинж тэмдэг хэлжээ. Намайг тэр хувилгааны юм, бас өөр нэг хүний юм, жишээлбэл хөөрөг ч юмуу өгч сориход Тарган бандидагийн юмыг ялгаж аваад байсан гэдэг. “За гарцаагүй энэ хүү хойт дүр байна, ширээнд нь залах хэрэгтэй” гэцгээхэд ээж минь “Үгүй ээ, рэнбүүчий багшийн айлдвараар бол унаган нутгийнх нь эхээс гарсан байх ёстой гэсэн биз дээ, хүү минь уугуул нутгийнх бишээ. Завханы Алдархаанаас нүүж ирсэн улс” гээд эргэлзээнд оруулжээ. Тэгээд сорилгод орсон Данзандаргиа гэдэг өөр хүүхдийг хувилгаанаар тодруулж, ном зааж эхэлжээ. Сорилгод хамгийн их таацсан надад тэр хувилгаан хүүтэй яг адил ном зааж, юу л үйлдэнэ, бүгдийг хийлгэдэг болж. Хурал дээр ижил зиндаанд суулгана. Үүрэглээд ширээн дээрээс ойчиж мэднэ гээд хажуугаас хүн түшнэ. Ингээд долоон настайгаасаа Цэрэн тайжийн хүү Гаваагомпил гэдэг бичгийн том хүнээр хуучин монгол бичиг заалгалаа. Тэр хүнд Сайн ноён хан Намнансүрэн жил бүр золгодог байсан, удам угсаа нэг гэдэг юм. Их баян, зарц олонтой айл байж. Ерөнхий сайд Гэндэн чинь Гаваагомпил тайжийн нууц хүү шүү дээ. Пэлжид гэдэг нь ах нь, бутач л гэдэг юм. Гэндэнгийн эх нь 17, 18 настай цэвэрхэн зарц охин байжээ. Баян язгууртан хүн хоосон ядуутай суух ёсгүй. Хоорондоо ойрхон дэрсхэн хөвгүүд бүгдээрээ тайж байлаа. 1932 онд феодалын хөрөнгө хураана гээд айхтар юм болов. Өмхий феодалуудад сэтэрхий тэвнэ ч үлдээж болохгүй гээд хуу хураасан. Үүнээс болж Цадмид тайж амиа хорлосон гэдэг. Би нөгөө хувилгаанаар тодорсон Данзандаргиагийн дэргэдээс, хүрээнээс гэр рүүгээ оргож, шөнөжин гүйсээр баруун чихээ хөлдөөгөөд амь наана там цаана явж байхад адуунд явсан хүн тааралдаж амь гарсан. Нугалааны үеэр нөгөө хөөрхөн банди хувилгаан Данзандаргиаг минь баривчлаад цаазалсан. Түүний оронд би байсан бол гучаад онд үг дуугүй буудуулах байлаа. Ээж минь зөнгөөрөө юү, юу ч л гэсэн намайг аварсан даа.
-Нөгөө нэг буудуулах шахсан хэрэг чинь юу билээ?
-1939 онд Рабфакт суралцаж байх үед болсон хэрэг. Хичээлийн завсарлагаанаар турник дээр дасгал хийцгээж байсан. Хичээл орох болсон чинь монгол хэлний маш сайн хайртай багшийг минь баривчлаад явчихжээ. Тэр багш бидэнд их сайн, шатар тоглодог сайхан залуу байв. Би учиргүй чанга дуугаар ”Муусайн Дотоод яамны яргачид” гээд хашгирчихлаа. Үүнийг “баавгай” Чимэд, “дэлдэн” Дорж гэдэг хоёр хүүхэд матчихжээ. Бидний дунд Дотоод яамны тагнуул байсан юмсанж. Захирал Бадмаевын өрөөнд шөнийн хоёр, гурван цагийн үед дуудлаа. Монголоос Дотоод яамны тав, зургаан офицер иржээ. Намайг гавлав. Хажууд нь нэг бичээч байв. Орос, монгол хоёр офицер байцаалаа. Дэргэдээ гар буу тавиастай. Чи Монгол улсын нүд чих болсон Дотоод яамныхныг олны өмнө доромжилсон байна. Үүгээрээ чи төрийн эсэргүү болж байна гээд нүдийг боогоод Улаан- Үүдийн шоронд хийчихлээ. Хааяа санасан юм шиг их догшин ширүүн үгээр дайрч давшлан сүртэй байцаана. Чамайг хэргээ хүлээхгүй бол, хэн хэний хамсаатан, ямар үүрэг даалгавар авч байсан зэргээ хэлэхгүй бол өнөө шөнө буудна гэнэ. Хэрэг тун хүнд бололтой, ер зөөлөрсөнгүй. Төмөр саванд хааяа усан шөл өгнө. Гэтэл нэг өдөр захирлын өрөөнд дуудлаа. Азаар нөгөө байцааж байсан офицер юунаас болсон юм мэдэхгүй баривчлагджээ. Намайг ингэж бурхан өршөөлөө. Хэрвээ тэр баривчлагдаагүй бол би өчиггүй буудуулах байсан. Түүхийн багш Довжаев надаар нүд улайтал үзүүлэн зуруулна. Энэ ширүүн багш асуулгүй онц тавина, надад их сайн. “Энэ улс төрийн хэрэгтэн Одкийвийг одоо яахав. Эргээд Дотоод яаманд нь тушаах уу” гэцгээлээ. Одкийв гэдэг нь буриадуудын өгсөн нэр. “”Би хариуцаж дааж авъяа” гэж Довжаев багш хэлээд гарын үсэг зурсан. Харин байрныхаа оюутнуудад бол “Түймэрт дайчлагдаад ирлээ” гэж хэлээрэй гэв. Хувьсгалын эсэргүүг хариуцаж дааж авна гэдэг өөрт нь бас халтай шүү дээ. Тэгээд тэр багшийн ачаар амьд мэнд гарсан.
-Үнэхээр амь насанд халтай хоёр ч давааг давжээ. Арвайхээрийн Отив яаж байгаад хотын хүн болов доо?
-1934 оны наймдугаар сард Гэндэнгийн сайдын тэргэнд суугаад хотод орж ирсэн. Эхийнх нь талаар төрөлсдөг юм. Гэндэн гуай байсхийгээд л нутагтаа ирнэ. Тэргээ орхиод мориор ч явна. Үг хэл хурц, хаа л явна, олон хүнтэй явна. Түүний тэрэг дөрөвхөн хүний суудалтай, модон сандалтай. Одоогийн Сүхбаатарын талбайн өмнө талд Залуучуудын соёлын ордны доод давхарт хятад гуанзанд хоолонд оруулаад ээжид хүргэж өгсөн. Хотоор тэнэнэ. Нэг удаа хүүхдүүд Дэмид жанжны тэрэг байна гэлцэв. Би жанжин гэж ямар хүн байдгийг үзэхийг хорхойслоо. Залуучуудын соёлын ордны жижүүр өвгөн хүүхдийг оруулахгүй, тас хорино. Харин өвгөн намайг хараад, -Гэндэн сайд нэг хүү дагуулж явсан, чи байх аа гээд дотогш оруулав. Бүжиг хийдэг бололтой том сандалтай өрөөнд хүн алга. Нэг өрөө рүү шагайлаа, хэдэн настай улс шагай харваад сууж байна. Гэтэл хажуу өрөөнд тас тасхийгээд байх юм. Шагайлаа. Нэг монгол дээлтэй сахалтай орос, энгэр дүүрэн одон медальтай цэргийн дарга хоёр жижиг бөмбөг шиг юмыг заагуур модоор цохиод хажуу нүх рүү оруулах юм. Тэр нь цоорхой учир бөмбөг нь доош унана. Цэргийн дарга “Алив хүү түүгээд ав, сайн хүү байна” гэлээ. Монгол дээлтэй орос “Алив жанжин минь, одоо юм бодохгүй бол болохоо байлаа шүү, 26 боллоо” гэж байна.”За яахав, би одоо хуйлаад өгнөө хө” гэж яриад инээлдэнэ. Ярианы өнгө нь 26 хуушуур болж таарав. Нөгөө олон одонт цэргийн дарга бол Дэмид жанжин, харин орос нь монголчуудын ярьдаг “Шар Дамдинсүрэн” буюу Симуков гуай юмсанж. Дэмид жанжныг хараад баймаар цаанаа шидтэй, золбоотой, маш гоё хүн байсан.
-“Симуковын газрын зураг“ гээд алдартай зураг байсан. Өмнөговь аймгийн төв Даланзадгадыг Далангийн голд байгуулахыг Симуков, Ж.Самбуу, Дорж мэйрин гурав сонгосон гэдэг юм. Санжаасүрэнгийн Зоригийн өвөө биз дээ.
-Тэгэлгүй яахав, их энгийн, гоё хүн. Монгол тэрлэг дээр суран бүс бүсэлчихсэн, бүсэндээ хөөрөгний даалин хавчуулаад, дээлээ сугалдаргалчихсан, ялимгүй сахалтай, өндөр, хээ шаагүй сайхан хүн байсан. Одоо энэ С.Оюуны өвөө. Үүнтэй холбогдуулан хэлэхэд би хүүгээ сургуульд хүргэх гэж явахдаа Доржпалам гуайтай тааралдана. Эцгийнх нь талаар хууч хөөрөхөд их дуртай. Ааш сайтай хүн л дээ. Тэгэхэд Зориг гээд хүүг хөтөлж явах. Миний хүүг бас Зориг гэнэ. Би хөөрхий муу Зоригийг алуулахад ёстой өөрийн үрээ алуулсан шиг элэг эмтэрч гашуудсан. Бид сүрхий танил. Талбай дээр өлсгөлөн зарлаж байхад нь би очно, тэднийг дэмжинэ. С.Зоригтой тааралдаад “Ер нь би та нарын дунд ороод цуг өлсгөлөн зарлавал яасан юм бэ” гэхэд “Тэгвэл сайн байна” гэлээ.
-Та чинь сүрхий ардчилагч хүн байна шүү дээ. Тэгээд өлсгөлөн зарлав уу?
-Тэр үед чинь бүгдээрээ шахуу ардчилагч байсан юм шүү дээ. Ардчиллынхны яриад байсан юм чинь “Үнэн” сонины нийтлэлтэй таарч тохирч байсан шүү дээ. Гэртээ ирээд юу юугүй хувцсаа солилоо. Тэгсэн чинь охид хүүхдүүд “Ийм настай байж тавтиртай бай, боль, нүдний булай болно, одоо ингээд үрэгдэх гэж байгаа юм” гээд бараг л уйлаан майлаан боллоо. Хүргэн хүү миний үгнээс гарахгүй, түүнийгээ дуудлаа. За чи миний орноос талбай дээр өлсгөлөн зарлаад хэвт” гэлээ. Тэр ч дороо зөвшөөрсөн. Зориг хожим хүргэнд минь гэр өгсөн. Мөн сайн хүү байсан юм даа.
-Та эх орны дайны үед “Үнэн” сонины газарт зураачаар ажиллаж байсан. Ц.Дамдинсүрэн гуайтай хэр ойр дотно байв даа?
-Улаан-Үүдэд Рабфакт хоёр дахь жилдээ суралцаж байтал эх орны дайн эхэлсэн тул хаагдаад Улаанбаатарын багшийн сургуультай нэгтгэж дахин хоёр жил сургаад төгсгөлөө. Би сургуульдаа биеийн тамир, уран зургийн багшаар томилогдлоо. Манай сургуулийн захирал гавьяат багш Палаан гуай байсан. 420 төгрөгийн цалинтай подхийгээд явчихна. Гэтэл Ц.Дамдинсүрэн гуай “Үнэн” сонинд зураачаар ир гэлээ. Эх орны дайны үе учраас “Үнэн” сонинд Гитлер болоод Германы фашизмыг шогчилж, улс төрийн хошин зураг их зурна. Ингээд хоёр газар ажиллаж, цалин хөлс ч овоо авч, аятайхан байлаа. Яваандаа болохоо байлаа. “Хоёр эзний ганц зарц” болж өгдөггүй. Палаан багшдаа хэллээ. ”За чи Дамдинсүрэнгийн өгөөд байгаа мөнгийг битгий ав, наад багшийнхаа ажлаа бод” гэлээ. Авахаа болилоо. Дамдинсүрэн гуай “Чи яагаад цалингаа авдагг үй юм бэ. Хоёрын хооронд ингэж явснаас яваад ир. Багш хийх хүн олдоно. Зураач харин ховор байна” гэснээр амьдралаа шийдсэн.
-Ц.Дамдинсүрэн гуай “Үнэн” сониныг үнэхээр өөрчилс өн юм билээ?
-Ер нь ухаалаг, зальтай, хоржоонтой хүн шүү дээ. Намын Төв Хороо, Засгийн газрын хамтарсан хурал болж, Зөвлөлтийн “Правда”-тай зэрэгцүүлэхэд манай “Үнэн” сонин гэж авах юм алга байж. Үүнийг сайжруулахаар Ц.Дамдинсүрэнг эрхлэгчээр тавьж байна. Ямар санал байна гэжээ. -Энэ сониныг сайжруулахад наад зах нь 10 чадалтай хүн хэрэгтэй байна. Сонины ажил чадалтай сурвалжлагчдаас шалтгаалах айхтар хэцүү ажил гэхэд Чойбалсан “Дуртай хүнээ ав. Бид дэмжье” гэжээ. “Мэр сэр хүн байна л даа. Даанч хэлэхэд хэцүү байна” гэжээ. “Юуг нь тэр вэ” гэхэд “Хоригдож байгаа хүмүүсийн дотор л байгаа шүү дээ” гэхэд Ю.Цэдэнбал Чойбалсан руу сүрхий харснаа “Хэн хэн байна, хэл” гэхэд нь -Одоохондоо яахав хоёр, гурвыг нь аваад туршъя гэж хэлэхдээ “Тэр дайсан гэсэн цол зүүсэн улсыг олноор нь авбал баларна, ганц нэгээр нь цувуулаад аваад байвал эд өгөх байх” гэж боджээ. “Өг, өг. Маргаашаас ав” гэж маршал хэлжээ. Ингээд Ринчен, орос хэлний Самбуу, хазгар Даш гэсэн гурван хүнийг авсан. Дараахнаас дахин Намдаг, улаан эрдэмтэн Банзрагч, “шолоон” Жамбалсүрэн нарыг авсан. Ингээд хэд гурваар нь сугалсаар байгаад айхтар тамын газраас чамгүй чадалтай улсыг суллуулсан байгаа юм.
-Та хоёр хамтарч юм хийж байв уу?
-Тэр үед арай л цэвэрлэгч нь орос сургагчгүй байсан байх. Орос сургагч нар “Эрт балрын хэн ч ойлгохгүй, хэн ч сурах аргагүй энэ балиар хуучин бичгээ солиоч” гэж шахсаар байгаад кирилл үсгийг Дамдинсүрэн гуайгаар зохиолгосон. Мань хүн дуртай байгаагүй. Яая гэхэв. Дээд газрын даалгавар юм чинь. Маршал дургүй байсан. Ю.Цэдэнбал үг сүггүй шахсан. Тэгээд Дамдинсүрэн гуай “Насанд хүрэгчдийн цагаан толгой” гэгчийг зохиолоо. Тэгээд хэлж байна. “3а хө, Одгийв чи нэг чөтгөр зураадахаач” гэхэд “Чөтгөрийг хэн үзсэн юм бэ. Юугаа зурдаг билээ” гэлээ. “Яахав дээ, гоёор биш, хүний толгой дээр үхрийн толгой залгачихгүй юу” гээд инээлээ. Тэгээд би цам зэргийг бодож байгаад зурлаа. “Энэ чинь харин сайхан чөтгөр боллоо. Үүнээс хойш чөтгөр гэдгийг чиний зургаас л хуулж зурах болж дээ” гэж байсан. Ринчен гуайтай хөдөө их явна. Богд ууланд тав хонож байлаа. Уул байгалийг их шүтнэ.
-“Одгийв зурав” гэсэн нэр дөчөөд оноос наяад он хүртэл тасраагүй дээ. Саяхан л нэг гавьяат болов уу даа?
-Би чинь Урчуудын эвлэлийн тэргүүлэгч ч байсан хүн. 1961 оны аравдугаар сард “Польшид болох олон улсын зургийн үзэсгэлэнд Монголын зураачдын зургийг авч яв” гэж Цүлтэм, Цэрэндондов хоёр үүрэг өглөө. Явлаа. Москвад огт зүгээр байсан юм, гэтэл Польшид буусан чинь бүтэн юм нэг ч байхгүй, бүгд яйр хэмхэрчээ. Хоёр сар жаазнаас аваад бүх зүйлийг сэргээх гэж үйлээ үзлээ. Польшууд тусалсан. Мөнгө төгрөг ч байдаггүй, баларлаа. Нөгөө дарга нартай ярина, үзэсгэлэнгээ гарга л гэнэ. Уур ч хүрэв. Гэсэн ч үзэсгэлэнгээ шүд зуусаар байгаад гаргасан. Ирэхэд ойлгож байгаа дарга алга. Тэгээд би “Та нарыг амьд байхад үүгээр шагайхгүй гээд хаалгыг нь өшиглөөд гарсан. 50 жил шагайгаагүй. Одоо ой болох юм гэнэ лээ. Нэг шагайна даа. Хортой, шартай явжээ. Гавьяат болгоно гээд Урчуудын эвлэлээс тодорхойлолт нэхсэн юм билээ. Энэ хүн есөн жил тэргүүлэгчээр явснаас өөр юу ч мэдэхгүй гэсэн гэж байгаа. Хөөрхий Л.Түдэв эрхлэгч маань гайхамшигтай сайхан тодорхойлолт хийж өгснөөр тэр цолыг авсан. Ерөнхийлөгч “Үгүй мөн хачин аа, тэр хүн чинь одоо хүртэл байдаг юм уу. Яагаад цолыг нь өгөөгүй юм бол” гээд их хурдан өгсөн. 90 шахаж байж энэ цолыг авсан. Сар бүр 150.000 төгрөг авчихна. Амьдралд хэрэгтэй, буянтай шагнал байна шүү. Өөр хөнгөлөлт байдаг гэнэ лээ. Эмнэлэгт бол харин үзүүлдэггүй юм аа.
-Одоо 92 нас хүрчээ. Ач гуч олонтой биз?
-Миний амьдрал үлгэр л гэсэн үг. Катя гэдэг орос охинд сүрхий даслаа. 1941 онд эх орны дайн эхэлж, тэр маань сувилагчаар фронтод явлаа. Нэг жилийн дотор арваад захидал ирсэн. Аймшигтай юм бичнэ. “Шархадсан олон хүн эдгэхээрээ чамтай сууна гэх юм. Би тэднийхээ сэтгэлийг бодоод “За” гэдэг. Ингээд би олон хүний эхнэр болж байна даа. Гэтэл нөгөөдүүл маань үхчих юм” гэж бичсэн байсан. Хөөрхий минь тэгээд бөмбөгөнд өртөөд үхчихсэн. (уйлав) Залуу цагийн хайр гэдэг хэцүү юм билээ. Хэдэн жил уйлж явсан.
-За өөр юм руу оръё доо.
-Би чамд бүхнээ ярина аа. Гэндэндарам гэдэг найзтайгаа нэг уулзвал “Би балраад байнаа. Өрөөсөн төмсөг ийм болчихлоо, явж ч чадахгүй нь, яадаг билээ” гэв. Би нэг муу орос хэл гадарлах юм чинь. “Захын доктор” гэдэг зартай орос эмч бий гээд дагуулаад явлаа. Цагаан сахалтай, сайхан зантай орос сууж байна. “Наадахыг чинь эдгээнээ. Тав хоноод зүгээр болно. Хүүхнүүд аюултай шүү. Тэдэнтэй хавьтахад хүрвэл заавал над дээр дагуулж ирж бай” гэлээ. Хэлмэрч сувилагч нь гайгүй зүс царайтай орос бүсгүй байна. Танилцлаа, бие биедээ даслаа. Нэг гэрт орлоо. Гурав, дөрвөн жил ханиллаа. Нэг удаа Өвөрхангайгаар сар тэнээд ирсэн чинь айлын хүн “Чамайг явснаас хойш нисэхийн хэдэн офицер түүнээс чинь салахаа байсан. Архидаж наргидаг, юу ч болдог юм мэдэхгүй, найдваргүй байх шүү” гэв. Палхийв. Тэр дор нь “Прощай” гэж томоор бичээд жаал юмаа хумьж аваад алга болсон. Түүнээс хойш их гуйж ирсэн, царай өгөөгүй. Тэгээд нэг хөөрхөн монгол бүсгүйтэй сууж, бишгүй сайхан амьдарч, олон хүүхэд, ач гучтай боллоо доо.
-Та ухаан саруул, бие эрүүл сайхан насалж байна шүү. Тамхи татдаг юм уу, хэдий үеэс татав. Хаяж болохгүй байна уу?
-Манай нутгийн настнууд 90 хүрэх мөн сайхан шүү, элдэв муу юм санахгүй, хүнтэй муудалцахгүй, үхнэ гэж айхгүй гэдэгсэн. Би ёстой тийм л болоод байна. Тамхийг бол “ринченчилж” татаж байгаа юм аа. Цаашаа уушигладаггүй, сороод гаргачихдаг юм. Манай Ринчен гуай чинь “Үнэн” сонины захидлын хэлтсээр их орж ирнэ шүү дээ. Түүнээс биш өөр өрөө тасалгаагаар барагтай бол орохгүй. ”Тамхи байна уу” гэнэ. Голж шилнэ гэж байхгүй. Хэд сороод, дунд нь оруулаад унтраана. Тэгээд би “ринченчилж” байна гэж байгаа юм. Одоо надад өвдөх хавдах юм байхгүй. Сонсгол жаахан муудаж байна. Залуус та нар ядарч байх шиг байна. Өвгөн би бол та нартай барилдмаар байна шүү гэсээр Гацуурт дахь хашаа байшингийнхаа гадаа Одгийв гуай үлдлээ. “Амьд домог” болсон энэ алдарт зураачаас үг сонсоно гэдэг сэтгүүлч хүнд ховорхон аз завшаан байлаа.
mongolnews.mn