Дэлхий дахинаа “Ногоон бүс” киногоороо олны танил болж “Академи авардс”-д нэр дэвшиж байсан аварга биетэй Майкл Кларк Дункан даваа гарагт өвчний улмаас таалал төгсчээ. Түүний хэвлэлийн төлөөлөгч “Майкл найман долоо хоногийн турш зүрхний шигдээс өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан” гэжээ. Тэрээр 54 насандаа хорвоог орхин одлоо. Тэрээр өнгөрсөн долдугаар сарын 13-нд зүрх нь гэнэт муудаж эмнэлэгт хэвтэж байсан аж. Том биетэй, 196 см-ийн өндөртэй залуухан Дункан төрөлх нутаг Чикагодоо нэгэн хийн түлшний үйлдвэрт ажиллаж байгаад Лос-Анжелос руу нүүж ирэн жүжигчин болох гараагаа эхэлж байсан гэнэ. Бусдаас өвөрмөц содон дүр төрх бүхий аварга том биеэрээ найруулагчдын нүдэнд анх өртсөн Майкл Дункан дэлгэцийн кинонд хэд хэдэн бие хамгаалагчийн дүрд тоглосных нь нэг нь 1998 онд дэлгэцнээ гарсан “Armageddon” кино юм. Түүний дараа Дункан 1999 онд “Ногоон бүс” кинонд тоглож олонд танигдсан билээ. Дэлхий дахинд нэр алдрыг нь таниулсан энэхүү киноны дүрээрээ тэрээр Оскарын шагналыг хүртэж байсан. Майкл энэ жил л гэхэд “Fox crime’’-ийн “The Finder” дэлгэцийн цуврал кинонд тоглосон юм. Түүнийг харамсалтайгаар таалал төгссөнд кино ертөнцөд хамтдаа хүчин зүтгэдэг анд нөхөд нь ихээр гашуудаж байна.
Ж.АМАР