“Эмэгтэй хүний өөрчилж чадах цорын ганц эрэгтэй хүн бол хүүхэд нь” гэх үг бий. Гэхдээ нөхөр гэдэг “том хүү”-г зайлшгүй өөрчлөх хэрэгтэй бол яах вэ? Хийж байгаа зүйлс нь таалагдахгүй, нэг л урагшгүй, унхиагүй харагдаад, амьдрал чинь уруудаад байгаа юм шиг санагдвал яах вэ? Гоолингоо чамд туслах 5 аргыг зөвлөж байна. Яг энэ мэдрэмжтэйгээ удаан явах гэр бүлийн амьдралд чинь ямар аюултай гээч!
1. Түүнийг бүү хүлээ: Эвлэрэхэд хэцүү ч гэсэн түүнийг бүрмөсөн өөрчлөгдөнө гэж хүлээхээ боль. Тэр хичнээн залхуу ч гэсэн жаахан хүүхэд биш. Ээж шиг нь аяглахаа ч гэсэн болих хэрэгтэй. Үгүй бол тэр чамд улам эрхэлсээр л байх болно. Нас биед хүрсэн эр хүн гэж түүнийг хүлээж авдгаа үгээрээ, үйлдлээрээ илэрхийл. “Миний хань өнөөдөр оройтох уу? Хайр нь ирэхэд нь сайхан хоол хийчихээд хүлээж байя. Ажлаа сайн хийгээрэй” гэж хэлж бай. Гэр бүлийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээсэн гэрийн эзэн гэдгийг нь ойлгуулах зүйлсийг яг одооноос хийж эхлээрэй.
2. Түүнд хариуцлага хүлээлгэ: Гэхдээ гэрийнхээ санхүүг шийдүүлээд хэрэггүй. Одоохондоо арай л “чангадна”. Заасан хүнсийг аваад замаараа угаалгын газраар дайрч гэртээ ирэх, хүүхдээ ямар сургуульд оруулахыг, /Сайн сургуулиудыг эхлээд санал болго/, өвлийн идшээ хаанаас авчрахыг шийдэх гээд даалгавруудыг ээлж дараатайгаар даалга. Гүйцэтгэл нь хичнээн муу байсан ч хамаагүй, чи хичээхээ зогсоож болохгүй. Гэр бүлдээ өөрчлөлт авчрах гэдэг тийм ч амар бүтэх зүйл биш шүү дээ, хонгор минь. Хийж чадахгүй байх гэж айсандаа бүхнийг өөрийнхөө нуруун дээр аваад л байвал, сүүлдээ чи бүхнийг өөрөө л хийдэг болно. Хариуцлага хүлээлгэж, түүнд нь тохирсон эрх мэдлийг олго.
3. Түүнд алдахыг нь зөвшөөр: Хүүхэд хүртэл унаж, босож байж л алхаж сурдаг шүү дээ. Нөхрөө алдаа хийх гэх бүрийд нь суудлаасаа огло харайн үсэрч очихоо боль. Заримдаа ч гэсэн түүний муу шийдвэр амьдралд ямар нөлөө үзүүлж байгааг мэдрүүл. Гэхдээ бүү загна. Чи ямар ч үед түүний талд байх ёстой.
4. Түүнийг магтсаар л бай: Дээрх дөрвөн алхмыг хэрэгжүүлж байх үед уур чинь ихээр хүрэх тохиолдол мэдээж гарна. Тэгсэн ч түүнийг магтаж, сайшааж, урамшуулсан хэвээр л байгаарай. Эр хүнийг хөдөлгөх түлхүүрүүдийн нэгт зүй ёсоор ордог зүйл нь магтаал гэдгийг чи бид хоёр хоёулаа сайн мэднэ шүү дээ. Тиймээс ханатал нь хэрэглээд л үз.
5. Түүнийг хаяж явахаасаа бүү ай: Бүр мөсөн хаяж яв гээгүй юм шүү. Томилолтоор явах, ажлаар хөдөө явах, хамаатныдаа зочлох зэргээ түүнээс болж болиулах хэрэггүй л гэж байгаа юм. Өөрийг нь орхиж явсанд гайхаж уурлавал “Чи насанд хүрсэн эрэгтэй хүн биз дээ. Би түр хугацаагаар явахад яавал гэж дээ” хэмээн хэлээрэй.
Нөхрөө өөрийгөө авч явах чадалгүй хүн гэж бүү эндүүрэгтүн. Салах тухай бодоод ч хэрэггүй. Чадварууд нь зүгээр л дотор нь нуугдаж байгаа юм. Чиний ажил бол түүнийг нь гаргаж ирэх. Амжилт бүсгүй минь!