“Marry me” үнэртэй ус, Адам Лавийн, муур, өвдөг давсан түрийтэй гутланд чи ухаанаа алддаг. Эд нар бараг л чиний үнэт зүйлсийн жагсаалтанд орно. Бусад хүмүүсийг адилхан дуртай байдаггүй юм аа гэхэд эдгээрийг лав чиний дэргэд муулахыг чи яагаад ч тэвчиж чаддаггүй. Гэтэл зүгээр нэг хөндлөнгийн хүн биш найз залуу чинь тэдэнд дургүй ч биш, бүр үзэн яддаг байвал яах вэ?
Өөрөөр хэлвэл “Ахиж битгий энэ сүрчгээ түрхээрэй, дотор муухайраад байна” маягийн үг хэлвэл…
Сөрөг шийдэл: Улам зөрж, дэргэд нь байхдаа тэр зүйлийн талаар ярих эсвэл хэрэглэх. Өөрийнхөө зөв гэж нотлохыг улайран хичээх.
Эерэг шийдэл: Түүнтэй хамт байхдаа тухайн зүйлийн тухай хэт их ярих, хэрэглэх хэрэггүй. Гэхдээ түүнийг ингэж хэлснээс болоод огт хэрэглэхгүй байж, өөрийгөө өөрчлөхгүй гэдгээ ойлгуул. Тэр зүйл үнэхээр чиний амьдралын хэв маягийн нэг хэсэг бол (магадгүй утасны чинь дэлгэц Адамийнхаас өөр зурагтай байсан үеийг огт санахгүй байвал), тэр чамд үүнд дургүй гэдгээ шууд илэрхийлсэн шиг, энэ ч бас миний бат итгэлтэй хэлж чадах хайртай зүйл маань гэдгийг эвтэйхээн хэлчих. “Чамд таалагдахгүй байсан ч би дуртай хэвээрээ л байх учраас, энэ талаар хоёулаа яриа нээхгүй байвал ямар вэ?”
Яагаад ингэх ёстой гэж? Тэр хэдийгээр чиний хайрт боловч чамаас тусдаа хувь хүн гэдгийг сана. Чи өөрөөсөө өөр хэн нэгний төлөө юуг ч өөрчлөх ёсгүй. Гэхдээ энэ нь эрх чөлөөгөө тунхаглаж зөрүүдлэнэ гэсэн үг биш болохоор түүндээ аятайхан хэлж ойлгуулах нь чухал. Түүнийхээ ч бодлыг хүндэтгэж, өөрөө ч хохиролгүй үлдэх нь хамгийн зөв зам. Найз залуу нөхрийнхөө төлөө хүссэн зүйлээсээ ухарснаараа өөрийгөө маш их сэтгэл гаргасан гэж дүгнэн, түүнтэй тэнцэх зүйлийг нөгөө хүнээсээ хүсэн хүлээж, санаанд нь хүрэхгүй бол уурлан бухимдах нь бидний дунд олон тохиолддог. Түүний төлөө өөрийгөө хорих шийдвэрийг чи өөрөө л гаргасан учраас хариуцлагыг нь хүлээж чаддаг байх хэрэгтэй. Хэрэв тэгж чадахааргүй бол тийм шийдвэр огт гаргах хэрэггүй гэдгийг санаарай.
Нөгөө талаас найз залуу чинь чамайг хайрладаг бол, муур харахаар дотор муухайрдаг байсан ч яаж ийж байгаад тэвчих, үгүйдээ л муурыг үзэн яддаг гэж улаан цайм хэлж чадахгүй байх хэмжээний ухамсартай байх нь зүйн хэрэг юм. Тиймээс түүнийг “Энэ чинь ямар заваан юм бэ” гэж хэлэх тоолонд өөрт чинь ямар мэдрэмж төрдгийг тайлбарлаж, өөрийн чинь сэтгэлийг өвтгөхгүйн тулд зарим зүйл дээр тэвчээр гаргахыг хүсэхэд л болно. Зөрүүлээд, түүнтэй хамт байхдаа дуртай зүйлээ аль болох нүднээс нь хол байлгана гэж хэл. Хэзээ нэг цагт тэр ч гэсэн чиний төлөө өөрийнхөө дуртай зүйлийг нүднээс чинь холдуулах хэрэг гарах ч юм билүү? Нэг нэгнийхээ төлөө золиос гаргах процесс шүү дээ, эвтэй найртай харилцаа гэдэг чинь. 😉