ЭЦВ-ийн халдварын хөгжлийн түүх байнга хувьсан өөрчлөгдөж байна. ЭЦВ –ийн халдвар авсан 100 хүний 75-85 –нь архаг халдварт шилжиж,тэднээс 60-70 –нь цааш элэгний өвчин болон даамжран хөгжиж, 5-20- нь элэгний цирроз болж , 1-5 –нь элэгний цирроз ,хорт хавдраар нас барж байна. ЭЦВ-ийн халдвар авсаны дараа зарим хүмүүс аядуу зөөлөн удаан явцтай,зарим нь яагаад хүндээр өвчлөж байгаагийн шалтгааныг тайлах гэж судлаачид эрж хайж л байна.
Нэгэнт халдвар авсан үед архи дарс уух нь өвчлөлийг хүндрүүлэх нэгэн том шалтгаан болох тул бүр огт амсахгүй байх нь дээр. ЭЦВ-ийн архаг халдвар нь элэгний анхдагч хорт хавдарт (hepatocellular carcinoma) шилжихдээ амархан байдаг . Иймээс зарим судлаачид ЭЦВ-ийн халдвартай болон циррозтой хүмүүсийг 6 сар тутам хэвлийн хөндийг эхо-д шалгуулж , цусанд элэгний анхдагч хорт хавдрыг илрүүлэгч (альфа-фетопротейн) шинжилгээг хийлгэхийг зөвлөдөг.
Ямар хүмүүс нэн түрүүнд ЭЦВ-ийн халварыг илрүүлэх шинжилгээ хийлгэх хэрэгтэй вэ?
Хамгийн түрүүнд эмчид хандан үндсэн зөвөлгөө,шалгуурыг хийлгэх хэрэгтэй.
• Ямар нэг шалтгаанаар тариа хийлгэж байсан болон одоо хийлгэж байгаа хүмүүс,мөн цус ,цусан бүтээгдэхүүн хэрэглэж байсан хүмүүс
• ЭЦВ-ийн халдвартай эхээс төрсөн хүүхдүүд
• Элэгний шижилгээнд энзимийн өөрчлөлттэй (АСТ,АЛТ гэж манайхан нэршсэн) гарсан хүмүүс
Гэвч дээрхи хүмүүсээс гадна хурц үзүүртэй зүйлээр хатгуулсан үед халдвар авсан байж магадгүй гэж сэжиглэсэн тохиолдолуудад ЭЦВ-ийн халдварыг илрүүлэх шинжилгээ хийлгэхийг зөвлөж байна.
Элэгний Ц вирусийн халдварыг оношлох шинжилгээнүүд
Анхны шалгуур шинжилгээ нь өөртөө элэгний Ц вирусийн халдвар байгаа эсэхийг мэдэхгүй хүмүүст зориулсан . Дээр өгүүлсэн нөхцөл байдалтай хүмүүс ЭЦВ-ийн халдвартай эсэх ,сэжиг тааврыг тайлахад хэрэгтэй шинжилгээ. Энэ нь ELISA (enzyme-linked immunosorbent assay ) сорил. ЭЦВ-ийн эсрэг-эсрэг биет үүссэн эсэхийг цусанд шалгаж шинжилдэг. Хэрэв энэ шинжилгээгээр эсрэг биет илрэхгүй бол халдвар аваагүй байна гэж үзэж болно. Гэвч саяхан авсан халдварын үед биед энэ эсрэг биет үүсэж амжаагүй байдаг тул халдвар авсанаас хойш 6 сар дотор энэ шинжилгээ төдийлэн тустай биш. Эмч нар энэ шинжилгээг ихэнхидээ ЭЦВ-ийн архаг халдварын үед халдвар авсанаас хойш 6 сараас дээш хугацааны дараа энэ шинжилгээг хийлгэхийг зөвлөдөг. Хэрэв ELISA тест эерэг гарвал үүнийг баталгаажуулахын тулд RIBA (recombinant immunoblot assay) сорилыг хийнэ. Энэ шинжилгээгээр халдвар авсан,аваагүй,мөн халдвар авсан нь тодорхойгүй хэмээн уншиж болдогоороо онцлог.
Дараагийн шинжилгээ нь ЭЦВ-ийг молекулийн төвшинд шинжлэх.
Дээр бид ЭЦВ-ийн генетикийн материал нь рибонуклейний (РНХ ) хүчлээс бүрддэг хэмээн дурдсан. Тэгвэл энэ РНХ-г буюу ЭЦВ-ийг- эсийг цусанд хэд байгааг тоолж буй хэрэг юм. ELISA сорил эерэг гарсны дараа энэ шинжилгээгээр баталгаатай болгоно. Маш их мэдрэг тул ЭЦВ-ийн халдвар авсаныг цөөн тоотой вирус байсан ч илрүүлж чаддагаараа онлог. Дөнгөж саяхан авсан халдварыг ч ( гурван долоо хоногийн дараа ) илрүүлж чадна. Ингэж вирусийн тоог тогтоох нь эмчилгээний явцыг хянахад бас чухал ач холбогдолтой байдаг.
Ямар шинжилгээгээр вирусийн генотипийг тогтоох вэ?
Вирусийн генотипийг цусны шинжилгээгээр тогтооно. Энэ нь эмчилгээг сонгоход чухал хэрэгтэй.
Элэгний биопсийн (эдийн) шинжилгээ ямар ач тустай вэ?
Цусны шинжилгээ нь элэгийг зөвхөн гэмтэж өвчилсөн байна гэдгийг ерөнхийд нь тогтоохоос бус элэг ямар төвшинд гэмтэлтэйг харуулж чаддаггүй. Элэгний эдийн шижилгээ нь элэгнээс маш жижиг хэсгийг мэс ажилбарын тусламжтайгаар тасдан авч элэг хир зэрэг шархалж,соривжсоныг тогтоохын тулд хийдэг. Элэгний эдийн шижилгээг ихэнхдээ эмчилгээ эхлэхийн өмнө эсвэл эмчилгээний явцад хир үр дүн гарч байгааг хянах үед хийнэ.
Вирусийн эсрэг эмчилгээнд хэн хамрагдах вэ?
ЭЦВ-ийн халдвартай хүн болгон эмчлүүлэх шаардлагагүй.Угаасаа ЭЦВ-ийн ямар үед эмчилгээ хийлгэх вэ? гэдэг асуудал маргаантай байсаар байна.Өвчтөний биед онцын зовиургүй ЭЦВ-ийн тоо цөөн, элэгний энзимийн шинжилгээнд онцын өөрчлөлтгүй үед эмчилгээ хийхгүй.Харин эмчид 6 сар тутамд үзүүлж шалгуулж байх хэрэгтэй.Харин элэгний цирроз болох урьдчилсан нөхцөл бүхий хүмүүс эмчлүүлнэ. Үүнд:
• ЭЦВ-ийн халдвар зогсолтгүй хурдацтай нэмэгдэж байгаа хүмүүс.Үүнд: Элэгний энзимийн өөрчлөлт ( АЛТ) байнга илэрч ,нэмэгдэж байгаа
• ЭЦВ-ийн эсийн тоо өндөр хэмжээнд байгаа
• Элэгний эдийн шинжилгээнд элэгний фиброз \ шархлаа-үрэвсэл\ -ийн шинж илэрч байгаа
• Элэгний эдийн шинжилгээнд элэгний үрэвслийн шинж ихтэй элэгний эсүүд үхжиж гэмтсэн шинж илэрч байгаа үед эмчилгээ хийлгэж эхлэнэ..
Гэвч өвчтөн бас өөр шалтгаанаар эмчилгээ хийлгэж болно. Жишээ нь: ДОХ-ын халдвар ЭЦВ хавсарсан үед ДОХ-ын эсрэг эмчилгээ хийлгэх явцад элэгний үйл ажиллагааны доголдол илэрвэл өвчний эрт үед эмчилгээ зайлшгүй хийлгэх шаардлагатай болдог.
Гэвч урьд нь эмчлэгдэж байгаагүй өвчтөнд эмчилгээ эхлэхдээ маш болгоомжтой хандах хэрэгтэй . Жишээ нь: харшилтай , цусны даралт нь хэт өндөр байдаг, сэтгэц уналт ихтэй \депресс\ хүмүүс г.м
Учир нь ЭЦВ-ийн эсрэг эмчилгээ нь гаж нөлөө ихтэйгээс янз бүрийн хүндрэлүүд гардаг тул эмчилгээ эхлэхийн өмнө өвчтөний ар гэр болон өвчтөнд нөхцөл байдлыг сайтар ойлгуулж байж эмчилгээг эхлэх шаардлагатай.
Ялангуяа элэгний цирроз болж элэгний үйл ажиллагааны алдагдалд орсон үед эмчлэхэд төвөгтэй болох ба,энэ үед элэгний вирусийн эсрэг эмчилгээ эхлэх нь үр дүн гарахад заримдаа эргэлзээтэй амь насанд ч аюул учруулж болох нөхцөл байдлыг үүсгэж болдог . Иймээс ЭЦВ-ийн халдварын эмчилгээ хийлгэхийн өмнө урьдчилан гарч болох үр дүнг нухацтайгаар судласны дараа шийдвэр гаргах хэрэгтэй. Мөн элэгний бусад вирусийн, ДОХ-ын шинжилгээ давхар хийлгэж , хэрэв илрэхгүй бол элэгний А , В вирусийн эсрэг вакцин хийлгэхийг зөвлөж байна. Архи,тамхи хэрэглэхийг ч зогсоох ёстой.
www.times.mn