ХИЙМЭЛ МАХ
Нидерландын эрдэмтэн Марк Пост гал тогоондоо биш лабораторитоо гамбургер хийдэг хүн. Энэ бол идэж болох биед хоргүй хиймэл мах хийсэн туршилтын үр дүн юм. Тэрээр хамгийн чухал үе шатаа давсан бөгөөд 10-р сар гэхэд хиймэл махыг олон нийтэд танилцуулах юм. Түүний эцсийн зорилго бол хүнсний нөөцийн тогтвортой эх сурвалжийг бий болгох явдал юм. эх дэлхийн хязгаарлагдмал нөөцөд хөнөөл учруулахгүйгээр асар ихээр нэмэгдэж байгаа махны хэрэгцээг хангах явдал нь стратегийн онц чухал ач холбогдолтой зүйл. Гэхдээ энэ мэдээж шинэ санаа байгаагүй. АНУ-ын сансрын уудмыг шинжлэхн судлах НАСА төвийнхөн урт хугацаанд аялах нисэгчдийн махны хэрэгцээг хангах зорилгоор өөрөө ургаж төлждөг хиймэл мах хийж байсан түүхтэй. Гэхдээ өртөг асар өндөр байсан учраас олон нийтэд гаргах ямар ч боломж байгаагүй. Харин 2008 онд бүх нийтээр хэрэглэж болох боломжийн үнэтэй хиймэл мах гаргаж авсны учир Амьтны төлөөх Хүн хэмээх шагналыг Марк Пост авчээ.
Дэлхийн маш олон эрдэмтэн энэ шагналыг авахад тун ойрхон ирээд байгаа юм. Марк Пост өөрийн хиймэл махаа эхний ээлжинд бургерт хамгийн сайн тохирно гэж үзэж байна. Хиймэл махны амт нь үхрийн махны амттай бөгөөд олон нийтэд борлуулахад олон нэмэлт ажиллагаа шаардсан хэвээр байгаа аж. Гэхдээ бид ирэх хорин жилийн дотор хиймэл махны өргөн хэрэглээтэй болох бололтой.
Эхлээд үхрийн булчингийн эсийг авна. Дараа нь төлжүүлэх хоргонд оруулж элсэн чихэр, өөх тос, амин хүчил, минералуудаар тэжээнэ. Ингээд л ургаж эхэлнэ дээ. Үхрийн махыг үхэр чигээр өсгөх гэж хүлээснээс “жижиглэж задлаад” тус тусад ургуулбал илүү хурдан бололтой. Тэгээд ч нэг үхрийн өгөх махнаас илүү мах өгөх учраас “тэр нэг үхэр” төдий олон үхрийн аминд орж байгаа буянтай үйл бололтой. Үхрийн хамгийн сайн махтай хэсгээс гурван мянган “тарьц” бэлдэж болох бөгөөд чанар сайтай ижил хэмжээтэй бургерийн мах тун удахгүй бэлэн болно. Нэг гэм нь цусны улаан бөөмийн дутагдлаас сааралдуу өнгөтэй болоод байгаа. Гэхдээ зарим оронд махыг цагаан болтол угааж иддэг учраас гаж зүйл биш. Тэгээд ч шилдэг мэргэжилтэнгүүд аль хэдийнээ цагаан саарал хиймэл махыг шүлс асгарам алтан шаргал болтол хайрах технологийг болосвруулсан байгаа.
Энэ шинэ төсөл хүн төрөлхтний өмнө тулгамдаад байгаа хоёр чухал асуудлыг шийдэх юм. Энэ бол дэлхийн хүнсний хямрал, уур амьсгалын өөрчлөлт хоёр билээ. 2030 он гэхэд дэлхийн хүнсний хэрэглээ 72% нэмэгдэх тооцоотой. Хөдөө аж ахуйн газрын талаас илүүг нь зөвхөн махны үүлдрийн мал өсгөхөд зориулдаг. 15 грамм мах бий болгохын тулд 100 грамм ургамлын уураг бүхий тэжээл хэрэглэхэд хүрдэг. Мал, амьтнаас гарч байгаа хий нь дэлхийн дулаарал мөн зохих нөлөө үзүүлж байгаа гэж үздэг. Тэгвэл хиймэл мах энэ бүхнийг шийдэх асар том боломж авчирна гэдэг нь харагдаж байна. Нэг үхэр 100 сая бургер болох үе удахгүй ирэх нь.
1010.mn