Машин худалдаж авахын тулд техник сайн мэддэг хэн нэгэн эрэгтэй эсвэл найз залуудаа найдахаас өөр “найдвартай” сонголтууд чамд байх хэрэгтэй. Дараах 7 зүйлийг “Хангалттай онц” хэмжээнд биелүүлсэн байхад чи сайн машинтай болсон гэдэгтээ итгэлтэй байж болно.
1. Авах гэж буй машиныхаа тухай бүх мэдээллийг уншиж судла
Интернэтээс авахыг хүссэн машиныхаа шүүмжийг уншиж үзээрэй. Чамд машинаа зарах гэж буй хүмүүсээс хэрэглэсэн хүмүүс нь илүү мэдээлэл өгч, үнэнийг хэлэх болно. Бас машинаа авсны дараа чиний огт мэдэхгүй зүйл гарч ирэхээс сэргийлэх ашигтай. Санал болгох сайтууд:
http://www.edmunds.com
http://home.autos.msn.com/
Мэдээж манай орны хүмүүст ямар санагддагийг танихгүй хүмүүсийн үгнээс судалж мэдээрэй. Фейсбүүк дээр ямар л бол ямар машины тухай яриа өрнүүлэхэд бэлэн олон групп бий: “Герман машин сонирхогчдын булан”, “Авто машин хэрэглэгчдийн нэгдсэн групп”.
2. Авах гэж буй машинаа нэгээс дээш удаа барьж үз
Өндөр өсгийт авахад хүртэл ганц удаа өмсөж үзэх хангалтгүй байдаг шүү дээ. Гутал зөвхөн хөлөнд хамааралтай байдаг бол машинд чи бүтнээрээ сууж явах болно. Тиймээс нэгээс дээш удаа барьж үз. Эхний удаа ганцаараа очсон бол хоёр дахь удаадаа найз залуу эсвэл аавтайгаа хамт оч. Барих, жолоодох, давхих тусам энэ чиний том “өндөр өсгийт” мөн үү гэдэг нь мэдэгдэх болно.
3. Хэр том зайтайг заавал шалга
Гаднаасаа хэр том харагдаж байгаа нь хамаагүй, дотор нь сууж, өнцөг булан бүрийг нь шалга. Ойрын жилүүдэд хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол хаана нь түүнийг суулгаж явахад аюулгүй байх, тэргийг нь эвхээд арын суудал дээр тавих боломжтой юу эсэхийг ч бас хараарай.
4. Сэлбэг нь элбэг олддог уу гэдгийг мэдэх
Цорын ганц, давтагдашгүй машинтай боллоо гэсэн чинь жинхэнээсээ юу нь ч “давтагддаггүй” машин авчихсан бол яана? Эвдрэл гарсан ч чамаас их хичээл зүтгэл шаардалгүйгээр, амархан засагдах машин байхаар тооцоорой. Олон ажлын хажуугаар гаднаас сэлбэг ирэхийг хүлээнэ гэдэг тийм ч онц зүйл биш шүү дээ.
5. Аюулгүй байдал, эдэлгээний чанарт бүрэн итгэх
Чи хамгийн түрүүнд авах гэж буй машиндаа хэлбэр, загвар, хэмжээ, хэзээ ч уйдахааргүй өнгө гэдэг шалгуурыг тавьсан байх. Үүнээс ч чухал зүйл бол аюулгүй байдал, чанар юм шүү. Солонгос машин сонирхолтой өнгө, загвартай байдаг ч гэсэн герман, япон машинууд эдэлгээ сайтайгаараа тэргүүлдэг. Бензин зарцуулалт нь бага байх гэдгийг мэдээж тооцоолсон биз дээ?